Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Ч.Бямбажаргал,

Хохирогч Г.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Г.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.В-т холбогдох эрүүгийн 1738000000106 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Г.В, 1959 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ... дугаартай,

Шүүгдэгч Г.В нь 2017 оны 8 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цохиот гэх газраас Г.Отгонбаатарын 7 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.В нь 2017 оны 8 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цохиот гэх газраас Г.Отгонбаатарын 7 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.В-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын эхээр байсан байх би адуугаа хайгаад наашаа Шинэ-Идэр сумын Цохиот гэх газарт явж байтал энэ газарт эзэнгүй 7 тооны дандаа эр адуунууд явж байхтай таарсан. Тухайн үед орой болж байсан, би эзэнгүй болохоор нь туугаад цаашаа Их-Уул сумруу гэрлүүгээ явсан. Би тууж явсаар өглөө үүрээр Бага Өлтийн ам гэх газарт байх Пүрэвбазар гэх айлд очиж унтсан. ...Тэгээд би тэндээс хөдлөөд тууж ирсэн морьдоо Их-Уул сумын төв рүү дөхүүлж орхиод өөрөө сумын төв ороод адуу ачуулах Загдаа гэж жолоочтой адуу ачуулъя гээд нэг адууг 70.000 төгрөгөөр ачуулахаар тохирсон. Тэгээд орой нь Пүрэвбазар, Пүрэвбат хоёрыг гуйгаад Пүрэвбазарын өвөлжөөний ойролцоо байдаг зам ангийн ухчихсан карьерын шороо дамжуулж адуунуудаа ачсан. Адуу ачиж байхад тууж ирсэн 7 адуунаас буурал үрээ, ягаан бор морь хоёр хашаанаас шургаж гарахаар нь буцааж оруулах гээд чадахгүй, нөгөө хоёр морь ч зугтаад яваад өгсөн. Тэгээд бид нар 5 адуу ачаад би Их-Уул сумруу Гантөмөр гэж танил дүүдээ хот руу адуу ачиж байна гарал үүслийн гэрчилгээ аваад өгөөч гэж гуйгаад авахуулсан. Гарал үүслийн гэрчилгээгээ авчхаад тэр оройдоо Загдаа жолооч бид хоёр Улаанбаатар хот руу явж адуугаа Эмээлт гэж газарт аваачиж амьдаар нь зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хохирогч Г.Отгонбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 07 сарын 15-ны хавьцаа би Шинэ-Идэр сумын Цохиот гэх газраас 30 гаруй тооны гүү морьд нийлсэн адуугаа Жаргалант сумын Цагаан бургасны дунд эх гэх газар тууж авч ирсэн. Тэгээд адуугаа нутагтаа орхиод би хонио туугаад Сангийн далай явж хонио хужирласан. Тэнд сар гаруй болоод гэртээ 8 дугаар сарын 24-нд ирсэн. Би адуугаа бөөгнүүлээд тоолтол 7 морьд алга болсон байсан. Би 9-10 сар хайсан. Хайж явахдаа Шинэ-Идэрийн цагдаад бүртгүүлсэн. Тэгж байтал миний алдсан морьдын нэг болох улаан ягаан морь гүйгээд ирсэн, миний морины араас Завхан аймгийн Их-Уул сумын Отгонбат гэх залуу ирсэн, би хаанаас яаж авсан талаар асуухад Завхан аймгийн Их-Уул сумын Пүрэвбат гэх хүнээс худалдаж авсан гэж ярьсан. Харин Пүрэвбат болохоор Ванданмагсар гэх хүнээс авсан гэсэн. ...замын зардал, адууны эрлийн зардлаа иргэний шүүхээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Отгонбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би хугацаагаа яг нарийн санахгүй байна, өнгөрсөн 08 дугаар сарын сүүлээр байх Пүрэвбат морь зарна гэхээр нь би очиж үзтэл дажгүй сайхан морь байхаар нь 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн миний худалдаж авсан морь адуунд тогтохгүй салж яваад алга болчхоод байдаг байсан. Нэг өдөр адуугаа хураагаад иртэл нөгөө морь маань байхгүй болчихоор нь хайж яваад наашаа Хөвсгөл аймгийн нутаг руу орж ирээд асууж сурагласаар Отгонбаатар гэдэг айлын адуунд морь маань ирсэн болохоор нь уулзтал 8 дугаар сарын эхээр алдсан адууны маань нэг гүйж ирсэн гэсэн. Тэгэхээр нь би Завхан аймгийн Их-Уул суманд байдаг Пүрэвбат гэж залуугаас дээрх морийг худалдаж авсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...В гэх малчин надруу залгаад 5 тооны адууны мал эмнэлгийн гарал үүсэл аваад өгөөч, ах нь адуугаа алдчихаад хайгаад явж байна, маргааш болохоор хагас бүтэн болчих гээд байна, машин ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд надад ачиж явна гэсэн 5 тооны адууны зүсийг хэлсэн, тэр хэлсэн адууны зүс нь дандаа бараан зүсмийн адуу байсан. Би сумын төвд байдаг Үр-Ор гэх хувийн малын эмнэлэг дээр очиж гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваад сумын цагдаагийн хэсэгт канондож үлдээсэн юм. Маргааш нь В өөрөө надаас гарал үүслийн гэрчилгээгээ аваад гарал бичүүлсэн 15.000 төгрөг надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Л.Пүрэвбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...В танай ард талын карьерын шороон дээрээс хэдэн адуу машин дээр ачих гэсэн юм. Машин оройхон ирэх байх, адуугаа карьерын хашаанд хашсан байгаа, модруу ороод алга болох гээд байх юм, оройны сэрүүнд адуугаа ачна гэсэн. Тэгээд 5 тооны адуу ачаад В Улаанбаатар хотруу явсан. Хашаанаас гаргаж алдсан адуугаа адууруугаа явах байх, хэрэв энүүгээр байвал чи адуундаа нийлүүлээд байлгаж байгаараа гэж байсан. Тэгтэл 10 гаруй хоногийн дараа нөгөө ягаан морь нь өвөлжөөний булаг дээр орж ирсэн, тэгэхээр нь би барьж аваад өөрийн ягаан саарал мориноос холбосон юм. Тэгээд энэ талаар В луу залгаад ягаан морь явж байхаар барьж аваад өөрийнхөө морьтой холбочихлоо гэсэн. В нь манай хүү, охин хоёроор жил дараалан хурдан морио унуулаад юм өгч чадаагүй наад морио ав гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч А.Пүрэвбазарын мөрдөн байцаалтад өгсөн: “...В гуай орж ирээд ахын дүү зав байвал ахдаа машинд 2, 3 адуу тавилцаад өгөөч гэж гуйсан, тэгэхээр нь би хаанаас гэж асуухад хойноос карьер дээрээс ачна гэсэн. Тэгэхээр  нь би зөвшөөрөөд карьер дээр очиход карьерын хажууханд байдаг адууны хашаанд 7 тооны эр адуу байсан. Зүс нь цагаан морь, хүрэн алаг морь, хээр морь, хул үрээ, бор морь, цэнхэр өнгийн маяти машинд ачсан. Харин 7 адуу хашаатай байснаас ягаан бор морь, бууралдуу өнгөтэй үрээ хаалгаар нь дайраад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Мал үнэлсэн тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.В нь хохирогч Г.Отгонбаатарын 7 тооны адууг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь хохирогч Г.Отгонбаатар, гэрч А.Пүрэвбазар, Л.Пүрэвбат, Г.Гантөмөр, Б.Отгонбат нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.В нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.В-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Отгонбаатар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь замын зардал болон бусад зардлаа нотлох бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдав.

Эрүүгийн 1738000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.В-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.В-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.В оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн 1738000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь замын зардал болон бусад зардлаа нотлох бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.В-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР