Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2016/0375

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийж, иргэн Я.Сарийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаар бүхий Хан-Уул дүүрэг *******, 384.23 м.кв орон сууцыг МФикс капитал ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Я.Сарийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, гуравдагч этгээд К*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, Х.Идэрб, С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Иргэн Ядамсүрэнгийн Сар нь 2007 оны 11-р сарын 3-ны өдөр "Мфикс Капитал" ХХК-тай 156 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ" байгуулан Хан-Уул дүүргийн *******,384.23 м.кв орон сууцыг нийт 130,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон билээ.

Дээрх гэрээний 3.1-д орон сууцны төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон ба мөн гэрээний 4.6-д "Байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нь олгох бөгөөд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд уг байрны албан ёсны өмчлөгч нь "МФикс капитал" ХХК байна" гэж харилцан тохиролцсон байдаг. Захиалагч Я.Сар би захиалсан байрны төлбөр болох 130,000 ам.долларыг гэрээний 3.1-д заасан хугацааны дотор бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл "МФикс капитал" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн *******, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагч Я.Сар миний нэр дээр шилжүүлж өгөлгүйгээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр өнөөдрийг хүрсэн болно.

Ингээд Я.Сар би өөрийн худалдан авсан байрныхаа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 9 сарын 30-ны өдрийн 613 тоотоор ирүүлсэн баримтаар Хан-Уул дүүрэг *******, 384.23 м.кв орон сууц нь "МФикс капитал" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2010 оны 5 сарын 12-ны өдөр бүртгэгдэж, 2010 оны 9-р сарын 2-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээгээр "МФикс капитал" ХХК нь П******* ХХК-ийн зээлийн гэрээнд барьцаалуулсан болохыг 2015 оны 10 сарын 1-ны өдөр мэдсэн юм.

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 9-ны өдрийн 6746 дугаар шийдвэрээр Ч.Сар миний биеийг Хан-Уул дүүргийн *******,*******од байрлах 384.23 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон юм.

Миний бие уг орон сууцыг ашигад орсноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, 2007 оны 11-р сарын 3-ны өдөр "Мфикс Капитал" ХХК-тай 156 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ээр хүлээсэн үүргээ 2009 оны 12 сарын 10-ны өдөр бүрэн биелүүлэн уг байрны өмчлөгч болсон, мөн гэрээний дагуу урьдчилан төлсөн мөнгө, хөрөнгөөр бүтсэн эд хөрөнгө, орон сууц байтал "МФикс капитал" ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан байгаад миний бие ихэд гомдолтой байна.

Дээрх хууль бус үйлдэл, үйл ажиллагааг мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн газарт хандан Хан-Уул дүүрэг *******, 384,23 м.кв орон сууц нь "МФикс капитал" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2010 оны 5 сарын 12-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг өөрийн нэр дээр хийж өгөхийг хүссэн боловч 2015 оны 11 сарын 19-ны өдрийн 8/16216 тоот албан бичгээр "Таны өргөдөлд дурдсаны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарын бүртгэл, хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд "МФикс капитал" ХХК-д олгосон гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй" гэх хариу ирүүлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна,

Иймд дээрх нөхцөл байдал, үйл баримтыг харгалзан үзэж миний хууль ёсны өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******,*******од байрлах 384.23 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн МФикс капитал ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Ү-******* дугаар бүртгэлийг хүчингүй болгож, уг орон сууцны бүртгэлийг Ч.Сар миний нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: Хан-Уул дүүрэг *******, 384.23 м.кв орон сууц нь МФикс капитал ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт 2010 оны 5 сарын 12-ны өдөр бүртгэгдэж, 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байдаг ба уг улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Я.Сарийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 48 А дугаар байрны 2 тоот аялал жуулчлалын зориутай 384.23 м.кв талбай бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр "М ХХК" /РД:*******/-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, газар ашиглах гэрчилгээ, газар ашиглах гэрээ, техникийн нөхцөлүүд, барилга байгууламжийг ашиганд оруулах ажлын комиссын акт, ус ашиглах гэрээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000106169 гэрчилгээ олгосон байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгөнд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн К*******болон "М ХХК /РД:*******/ нарын хооронд байгуулсан 08/150 тоот зээлийн гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 08/150 тоот барьцааны гэрээ, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 тоот Зээлийн батлан даалтын гэрээ тухай гэрээнүүд бүртгэлтэй байна.

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн гаргасан 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Болдын нэхэмжлэлтэй Шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж нотлох баримтанд хавсрагдсан байна.

"Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө орууын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай т хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж зааснаар "М" ХХК /РД:*******/-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

"Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйл 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасан.

"М" ХХК /РД:*******/ нь тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Кнаас зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

Мөн "Улсын бүртгэлийн ерөнхий хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан байна.

"Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 5.9-д Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална" гэж заасан байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000106169 тоот гэрчилгээг эх хувиар хураан авч хүчингүй болгосноор дараагийн өмчлөгчид өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ олгогдох болно.

"Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйл 13.9-т Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу "Мфикскапитал" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү!

Шүүх хуралд эрх ашиг нь хөндөгдөж буй Кыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтэй тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбара дэмжиж байна гэв.

Гуравдагч этгээд МФикс капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ядамсүрэн овогтой Сарийн нэхэмжлэлтэй хэрэгт манай компаний гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Иргэн Ядамсүрэн овогтой Сар нь 2007 оны 11-р сарын 03-ны өдөр 156 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 384,23 м.кв талбай бүхий орон сууцыг 130,000 ам доллараар худалдан авахаар харилцан тохиролцож төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 2015 оны 10-р сарын 09-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6746 дугаар захирамжаар Ядамсүрэн овогтой Сарийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Хөх тэнгэр хотхоны 384.23 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Анх П******* ХХК нь Ктай зээлийн болон барьцааны гэрээг 2008 оны 11-р сарын 14-ны өдөр байгуулсан бөгөөд үүнд дээрх орон сууц барьцаалагдаагүй. Харин барилга барих явцад санхүүгийн хүндрэл үүссэн учир Кнаас шаардсаны дагуу 2010 оны 09 сарын 02-ны өдөр П******* ХХК-ний зээлийн барьцаанд 48А байрны тоот тус бүрээр тухайн үед оршин суугчид уг байрандаа амьдарч байсан 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг М ХХК-ий нэр дээр гаргуулж, тус бүрийг нь барьцааны гэрээ байгуулан (бүртгүүлсэн нь уг байрны өмчлөгчдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон нь үнэн

Иймд манай компаний зүгээс иргэн Ядамсүрэн овогтой Сарийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд К*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Я.Сарийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус банк нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна.

Тус банк нь "П*******" ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот "Зээлийн гэрээ"-г байгуулж, 600,000.00 (Зургаан зуун мянга) ам.долларыг, жилийн 7,71 (6 сар тутам хувьсах) хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн.

Мөн "М" ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №Т08/150 тоот "Зээлийн барьцааны гэрээ" байгуулан, "М" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "В*******" хотхоны ******* орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан юм.

Тус банкны "М" ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицууын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл "М" ХХК нь иргэн Я.Сартэй 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 156 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, "В*******" хотхоны 48А дугаар байрны 02 тоот орон сууцыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 -т "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна" гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 -д "Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлох эд хөрөнгийп өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгуүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй" гэсэн зохицуууудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Я.Сар нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6746 тоот шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЖГ08/150 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.Сарийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир "М" ХХК-ийн өмчлөх эрхийг Я.Сарт шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу Кнаас зөвшөөрөл авахыг бүрттэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Я.Сар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "шүүх, арбитрын шийдвэрийн үндсэп дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Я.Сар нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Я.Сарийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр иргэн Я.Сарийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаар бүхий Хан-Уул дүүрэг *******, 384.23 м.кв орон сууцыг МФикс капитал ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Я.Сарийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ХХК болон К*******ХХК-ийн барьцааны гэрээ бүртгэлтэй тул нэхэмжлэл үндэслэлгүй,

Гуравдагч итгээд К*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар цаг хугацааны хувьд барьцааны гэрээнээс хойно шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болсон гэж мэтгэлцээнээ үндэслэсэн.

Нэхэмжлэгч нь М ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 156 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 384.23 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг М ХХК хүлээлгэж өгөх, харин нэхэмжлэгч Я.Сар нь 130,000 ам.долларын төлбөр барагдуулахаар харилцан тохиролцожээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Я.Сар зохих төлбөрийг бүрэн төлж, барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтууд болох кассын орлогын ордерууд болон гуравдагч этгээд М ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь төлбөрийг 4 хувааж хийсэн байх бөгөөд сүүлийн төлбөрийг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хийсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 48 А байрны 2 тоот 384.23 м.кв талбай бүхий өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Я.Сарийг тогтоожээ.

Иймд Я.Сар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 48 А байрны 2 тоот 384.23 м.кв талбай орон сууцны хууль ёсны өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.

Нөгөөтэйгүүр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-р хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж, барилгыг барихад хөрөнгө оруулан орон сууцыг захиалан бариулсан, тухайн орон сууцыг хүлээн авч, одоог хүртэл өмчлөн амьдарч байгаа Я.Сарийн нэхэмжлэлийн шаардлага, холбогдох үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд К*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгээгүйгээс гадна гуравдагч этгээдээр оролцож байгаа М ХХК нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаагүй, харин ч нэхэмжлэлийг дэмжиж, өөрийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн гэж үзээгүй болно.

Гэтэл хариуцагч нь Я.Сарийн өмчлөлийн орон сууцыг М ХХК болон К*******ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 08/150 дугаар Зээлийн барьцааны гэрээ-ээр барьцаалагдсан гэж шүүхэд мэтгэлцсэн нь үндэслэлгүй юм. Тодруулбал, Я.Сар нь гэрээ байгуулан төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар түүний өмчлөх эрх үүсэх бөгөөд энэхүү орон сууцаа өмчлөх эрх үүссэний дараа М ХХК, К*******ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээг нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хийж, ашиг сонирхлыг нь авч үзэлгүй бүртгэсэн атлаа үүсэж буй үр дагаварт түүнийг хамаатуулж байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх зарчим зөрчигдсөн байна.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Я.Сар мөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад хариуцагч зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 7 дугаар зүйлийн 7.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх..., 13 дугаар зүйлийн 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг-г хавсаргана, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих гэж заасныг мөн тус тус зөрчсөн байна.

Мөн барьцааны гэрээнд хамааралгүй иргэний хөрөнгө орууаар баригдсан орон сууцыг М ХХК барьцаалж, К*******ХХК барьцаанд авч байгаа нь өөрөө хууль бус бөгөөд ирээдүйд барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулсан тохиолдолд гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байна.

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд хариуцагч дээр дурдсан үндэслэлүүдээр тэдгээрийг бүртгэхгүй байгаа нь хууль бус юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 145 дугаар зүйлийн 145.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан иргэн Я.Сарийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаар бүхий Хан-Уул дүүрэг *******, 384.23 м.кв орон сууцыг МФикс капитал ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Я.Сарийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ