Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 152/ШШ2024/00333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Н.Ц-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Н.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1981 оны 7 дугаар сард Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би 1984 оны 6 дугаар сард цэрэгт татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Лениний зам нэгдэлд 1989 оныг дуустал ажилласан. Одоо би өндөр насны тэтгэвэрт орох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд анх ажилд орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэдэг үндэслэлээр тэтгэврээ тогтоолгох боломжгүй байна. Иймд миний 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сар, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Г.Б, З.У нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримтУвс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаартай цалингийн тодорхойлолт,  хавсралтын хамт, гэрч Г.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 849 дугаартай шийдвэр, З.Угийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаар шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Цн маягт-7, ХААТР-1 маягт, ХААТР-15  маягтуудыг нотлох баримтаар бүрдүүлэв.

Н.Ц нь Г.Б, З.У нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Н.Цн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

2. Н.Ц нь шүүхэд хандаж 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг хүртэл, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Н.Цн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Н.Ц нь 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг хүртэл, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Н.Ц нь 1981 оны 7 дугаар сард Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба цэргийн албанд татагдах хүртэл буюу 1984 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар ажилласан. Улмаар цэргийн алба хааж ирээд 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан боловч тухайн үеийн ажилд орсон болон гарсан тушаал аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасагт хадгалагдаагүй байна.

3.2.  Ийнхүү ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Н.Цн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажилласан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаартай цалингийн тодорхойлолтоор Намнан овогтой Цээлэйн 1982-1989 оны цалингийн баримтыг түүвэрлэн олгожээ. Тус баримтаар Н.Ц нь 1982 оны 01-5 дугаар сар, 7-12 дугаар сар, 1983 оны 01-12 дугаар сар, 1984 оны 02-8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тогтоогдож байна.

4.2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Н.Цн ХААТР-1 маягтад түүнийг 1976 онд бага боловсрол эзэмшсэн гэж тэмдэглэсэн бол Н.Цн ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх анкетад түүнийг бүрэн бус дунд боловсролтой гэж тэмдэглэжээ. Иймд Н.Цг 1965 онд төрсөн, 1976 онд 4 дүгээр анги төгсөж бага боловсрол эзэмшсэн, 1981 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Улмаар Н.Ц нь 1981 оны 6 дугаар сард ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшээд 7 дугаар сараас нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Н.Цг 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Мөн шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан 1988 оны 6 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн хаягийн хуудас №7 гэх баримт,  1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн Н.Цн ХААТР-1 маягт, 1991 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх анкет гэх баримтуудад Н.Цг Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчин, тууварчин зэрэг ажил эрхэлдэг гэж тэмдэглэжээ.

Дээрх баримтууд нь хүсэлт гаргагч Н.Цг 1988-1991 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нотлох нотолгооны ач холбогдолтой бөгөөд хамаарал бүхий баримтууд байна.

4.4. Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаартай цалингийн тодорхойлолтоор хүсэлт гаргагч Н.Цн 1987 оны 7,8 дугаар сар, 1988 оны 11,12 дугаар сар, 1989 оны 01,3,10 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Хэдийгээр энэхүү цалингийн баримт нь дангаар хүсэлт гаргагч Н.Цг 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтооход нотолгооны хүрэлцээгүй байгаа боловч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан 1988 оны 6 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн хаягийн хуудас №7 гэх баримт,  1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн Н.Цн ХААТР-1 маягт, 1991 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх анкет гэх баримтууд нь хүсэлт гаргагч Н.Цг 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэдгийг нотолж байна. 

5. Иймд хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэслэн Н.Ц нь 1981 оны 6 дугаар сард 16 настайдаа тус сумын сургуульд 8 дугаар анги төгсөөд, 1981 оны 7 дугаар сараас Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба цэргийн албанд татагдах хүртэл буюу 1984 оны 6 дугаар сарыг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан, улмаар цэргийн албанаас халагдаж ирээд буюу 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан  гэж дүгнэх үндэслэлтэй байна.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Н.Цн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Н.Ц-н 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг хүртэл, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Н.Цн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА