| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00352/и |
| Дугаар | 152/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 152/ШШ2024/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч.Н-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ч.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1970 онд төрсөн, 54 настай, ам бүл 4. Би 1989 онд Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургуулийг тогооч мэргэжлээр төгсөж, Увс аймгийн Улаангом хотын Ххудалдаа бэлтгэлийн трестийн харъяа 3 дугаар гуанзанд хувиарлагдан 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тогоочоор ажилд орсон. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажилд орсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймаг Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 3 дугаар гуанзанд 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тогоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож өнгө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан 3 дугаар гуанзны ахлах тогооч Х.Янжмаа, С.Цэдэн-Иш нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолт, 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн баярын бичиг, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаар тушаалын хуулбар, НИК ХК-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тушаал, 1999 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалын хуулбар, Ч.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 308028 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Янжмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Цэдэн-Ишийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 041800 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Увс ХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс ХК-ийн баримтаас Ч.Нарацэцэгт холбогдох 1996 оны 5-7 дугаар сарын цалингийн баримт, Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Нийн ХААТР-1, ХААТР-15 маягтуудыг нотлох баримтаар бүрдүүлэв.
Ч.Нийн хүсэлтээр Х.Янжмаа, С.Цэдэн-Иш нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Ч.Нарацэцэгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Ч.Н нь шүүхэд хандаж Увс аймаг Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 3 дугаар гуанзанд 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ч.Нарацэцэгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ч.Нарацэцэг нь Увс аймаг Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 3 дугаар гуанзанд 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Ч.Н нь 1989 онд Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургуулийг тогооч мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа 3 дугаар гуанзанд тогоочоор ажиллаж эхэлсэн байна. Ч.Нийн ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй. Дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох цалингийн баримт аймгийн архиваас дутуу гарсан.
3.2. Ч.Нарацэцэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч тус газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай зөвлөмжийн хуудсаар “...ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тэтгэврийн жил дээр оруулан тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай..” гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаар тушаалаар Чулуунбаатар овогтой Наранцэцэгийг 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 3 дугаар гуанзанд тогоочоор томилон ажиллуулсан болох нь тогтоогдож байна. Дээрх баримт нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт байна.
4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай тушаалаар Ч.Нийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1993 оны 01-6 дугаар сар, 12 дугаар сар, 1994 оны 01-3 дугаар сар, 7-8 дугаар сар, 1995 оны 7,8 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн бол 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 311 дугаартай цалингийн тодорхойлолтоор 1996 оны 5-7 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Дээрх цалингийн тодорхойлолтод хавсарган ирүүлсэн цалингийн баримтад хүсэлт гаргагч Ч.Нийн ажлын байрыг “тогооч”гэж тэмдэглэсэн байна.
Мөн энэхүү цалингийн баримтууд нь хугацааны хувьд тасалдалтай боловч хүсэлт гаргагч Ч.Н нь 1993-1996 оны хооронд Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трест болон Увс Хувьцаат компанид тогоочоор ажиллаж байсан үйл баримтыг нотлох нотолгооны ач холбогдолтой байна.
4.3. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Ч.Нт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймаг дахь Худалдааны техникум техник мэргэжлийн сургуулиас олгосон 308028 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг шинжлэн судалбал, тус дэвтэрт
- 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаангомын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 176 тоот тушаалаар 3 дугаар гуанзанд туслах тогоочоор томилон ажиллуулав,
- 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаангомын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1993 оны 135 тоот тушаалаар гэж бичигджээ.
Хүсэлт гаргагч Ч.Нийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичвэр нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.4. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан ХААТР-1 маягтыг 1988 онд үйлдсэн байх тул хүсэлт гаргагч Ч.Нийг 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангомын Худалдааны трестэд тогоочоор ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход хамааралгүй байна.
Харин Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ч.Нийн ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Ч.Нийг Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогооч ажилтай гэж тэмдэглэжээ.
Дээрх баримтаар хүсэлт гаргагч Ч.Н нь 1991 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4.5. Хүсэлт гаргагч Ч.Н нь гэрч Х.Янжмаагийн 197509 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба тус хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн гэрч Х.Янжмааг хүсэлт гаргагч Ч.Нийн шүүхийн журмаар сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1989-1995 оны хооронд Улаангом хотын Худалдааны трестэд ажиллаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд гэрч Х.Янжмаагийн мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолгүй байна.
Харин гэрч С.Цэдэн-Иш нь 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Улаангом хотын Худалдааны трестэд ажиллаж байсан болох нь хэрэг авагдсан түүний 041800 дугаартай хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна.
Иймд гэрч С.Цэдэн-Ишийн “намайг 1991 онд Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Хан-хөхий ресторанд эрхлэгчээр ажилд томилогдон очиход Ч.Н тогоочоор ажиллаж байсан ба тэр цагаас хойш 1996 он хүртэл бид хамт ажилласан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.6. Хүсэлт гаргагч Ч.Нийн ажиллаж байсан Улаангом хотын Худалдааны трестийн 3 дугаар гуанзны бүтэц, зохион байгуулалт 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс өөрчлөгдөж Увс хувьцаат компани болж өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Ч.Нийн хөдөлмөрийн дэвтэр болон гэрч С.Цэдэн-Ишийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ч.Нийн 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогооч, 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Увс хувьцаат компанид тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Ч.Нийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ч.Н-ийн 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогооч, 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Увс хувьцаат компанид тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ч.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА