Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

 

 

 

 

  2022         06            29                                         2022/ДШМ/13

 

  С.Бид холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Шүүгдэгч: С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага  нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Бид холбогдох 2238000000054 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зэлмэ овогт Сгийн Б, ….......... оны …....дүгээр сарын …..-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүйам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .........сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............./. 

С.Б нь Хөвсгөл аймгийн Чсумын 01 дүгээр багийн нутаг “Ц” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.7 метрийн урттай 69 ширхэг 8.1 метр куб шинэс мод бэлтгэж, тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Зэлмэ овогт Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сгийн Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Боос 4,098,315 (дөрвөн сая ерэн найман мянга гурван арван тав) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238000000076 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Маяти маркийн 61-01 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн хохирол 4,098,315 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Чсумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 8,1 м.куб шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг тус тус хураан авч хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: ...Шүүгдэгч С.Бийн хууль бусаар мод бэлтгэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт холбогдогч нь мод бэлтгэх эрхийн бичигтэй бөгөөд уг бичгээр 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27 хүртэл 1 хоногийн хугацаанд бэлтгэх ёстой байтал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул заасан хугацаанд бэлтгэж чадаагүйг хууль бусаар мод бэлтгэсэнд тооцсон нь учир дутагдалтай. Энэ талаар хэргийн материалд ямар ч баримт авагдаагүй мэт тогтоолд тэмдэглэсэн нь үндэслэлгүй.

Харин ч мод бэлтгэх эрхийн бичигийг хуулбарлаж хэрэгт хийснийг, мөн энэ талаар шүүгдэгч маш тодорхой хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нь тодорхой байхад шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдаагүй орхигдуулсан. Хууль бусаар мод бэлтгэсэн, бэлтгээгүй нь маргаантай байхад дан ганц яллах баримтыг шүүх авч үзсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-д зааснаар шийтгэх тогтоол зөрчилтэй тул хүчингүй болгоно уу гэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо: ... Миний бие хууль бусаар мод бэлтгээгүй бөгөөд мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Энэ нь хэрэгт авагдсан байгаа. Би 2021 оны мод бэлтгэх эрхийн бичгээрээ 2022 оны 1 дүгээр сарын 05-нд түлшний хуурай мод бэлтгэж авсан бөгөөд уг эрхийн бичгэн дээр мод тээвэрлэх хугацаагаа тэмдэглүүлээгүй авсан болохоор хэдийд ч модоо тээвэрлэж авч болно гэж бодож явсан. Тэгээд дахин эрхийн бичиг авах шаардлагагүй гэж үзээд модоо тээвэрлэж авсан. Тийм болохоор шийтгүүлсэндээ гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Прокуророос яллагдагч С.Бийг Хөвсгөл аймгийн Чсумын 01 дүгээр багийн нутаг “Ц” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.7 метрийн урттай 69 ширхэг 8.1 метр куб хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27 хүртэл хугацаанд ойгоос 8 м3 мод бэлтгэх эрхийн бичигтэй боловч зөвшөөрсөн хугацаанд модоо бэлтгээгүй,  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бэлтгэсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Ойн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүсэх бөгөөд эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заадаг.

Шүүгдэгч эрхийн бичигт заасан хугацаанд мод бэлтгээгүй, мод бэлтгэх хугацааг эрх бүхий албан тушаалтнаар сунгуулаагүй атал  мод бэлтгэсэн нь Ойн тухай хууль зөрчсөн, зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэл болно.

Харин мод бэлтгэх эрхийн бичигт мод тээвэрлэх хугацааг тодорхой тусгаагүй  орхисон нь эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой тул шүүгдэгчийг зохих хугацаанд мод тээвэрлээгүй гэж буруутгах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч С.Бийн зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх Маяти маркийн 61-01 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн ямар үйлдэл гаргасныг шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох тул цаашид ийм төрлийн алдаа гаргахгүй байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн  2022/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолд “2.Шүүгдэгч С.Бийн зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг  хүчингүй болгосугай.

в/ Шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 3, 4, 5, 6 болгож, 7, 8, 9, 10 дахь заалтын дугаарыг 6, 7, 8, 9 болгон  тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАЯРХҮҮ

       ШҮҮГЧИД                                        Л.ЭРДЭНЭБАТ

                                                                          Б.СОСОРБАРАМ