| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00179/и |
| Дугаар | 152/ШШ2024/00336 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2024/00336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
НэхэмжлэгчБ.Ч-ийн,
Хариуцагч: УАЗДТГт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17,606,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч У АЗДТГын дарга Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдэээ: “АЗДТГын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан. У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дүгээр шийдвэр, У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/МА2024/00007 дугаар магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 17,606,278 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.
|
№ | он, сар өдөр
| Үндсэн цалин
| ТАХ-ын нэмэгдэл 12 хувь | Хоолны нэмэгдэл
| Бүгд |
| 1 | 2023 оны 3 сарын 10-аас 3 сарын 31 хүртэл /15 хоног/ | 659,730 | 79,168 | 68,175 | 807,073 |
| 2023 оны 4-р сар | 976,621 | 116,114 | 100,000 | 1,183,735 | |
| 3 | 2023 оны 5-р сар | 976,621 | 116,114 | 100,000 | 1,183,735 |
| 4 | 2023 оны 6-р сар | 976,621 | 116,114 | 100,000 | 1,183,735 |
| 5 | 2023 оны 7-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
| 6 | 2023 оны 8-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
| 7 | 2023 оны 9-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
| 8 | 2023 оны 10-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
| 9 | 2023 оны 11-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
| 10 | 2023 оны 12-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
| 11 | 2024 оны 1-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
|
| 2024 оны 2 -р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
|
| 2024 оны 3-р сар | 1,225,000 | 147,000 | 100,000 | 1,472,000 |
|
| Нийт дүн | 14,587,593 | 1,750,510 | 1,268,175 | 17,606,278 |
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Ч нь Засаг даргын тамгын газарт тасралтгүй 7 жил ажилласан. Өнгөрсөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б\23 гэсэн АЗДТГын даргын тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлт гарснаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаалыг хүлээж аваад эс зөвшөөрсөн учраас хөдөлмөрийн маргаан таслах комисс болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүхийн шийдвэр, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн магадлалаар ажилд нь эгүүлэн тогтоох хоёр шатын шүүхийн шийдвэр гарсан. Энэ хоёр шүүхийн шийдвэр маань өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэхдээ Б.Ч ажилдаа ороогүй байгаа. Ажилгүй байсан хугацаандаа 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс буюу халагдсан өдрөөсөө хойш 2024 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилсэн. Мөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 15 хоногийн цалин, 4 сар, 5 сар, 6 сар гээд явж байгаад 2023 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 241 дүгээр тогтоолыг 10 дугаар хавсралтаар цалин шинэчлэн тогтоогдсон. 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртэлх Засгийн газрын тогтоолын дагуу үндсэн цалингаа нэхэмжилсэн. Төрийн алба хаасны нэмэгдэл 12%-ийн нэмэгдэл авдаг. Хоолны мөнгө гээд нийтдээ нэг жилийн хугацааны 12 дугаар сарын хугацааны цалин буюу нийт 17,606,278 төгрөгийг нэхэмжилж байгаа юм” гэв.
3. Хариуцагч У АЗДТГын дарга Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Чийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар 2023, 2024 оны АЗДТГын бүтэц, орон тоог батлахдаа нийтлэг үйлчилгээний албан тушаал буюу Б.Чийн урьд эрхэлж байсан албан тушаалыг цалингийн сандаа багтаан хасаж баталсан байдаг. Хэдийгээр У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Чийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан ч ямар бүтэц, орон тоон дээр томилон ажиллуулах, баталсан төсвөөс олгох нь тодорхой бус байгаа билээ. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн хуульд заасан журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн маргааныг 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар заасан байдаг. Гэтэл энэ хугацааг хэтрүүлсэн. Шүүхэд гомдол гаргаж өгөхдөө хэтэрсэн хугацаатай нэхэмжлэлийг өгч байсан. Тэгэхээр шүүх хүлээж авах ёсгүй байсан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн үед ч тэр, шүүхээс шийдвэрлэсэн өдрөөс тооцоод үзсэн ч гэсэн шүүхийн шийдвэр гарсан үеэс 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн учраас нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг нэхэмжилж шүүхэд хандах хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Тийм учраас эргэж харах ёстой. Урьд талын ажилгүй байсан хугацааг тогтоосон асуудалд шүүх бусад хууль, тогтоол, Засгийн газрын тогтоол зэрэг зүйлтэй танилцаж, нилээн харьцуулж үзэж шийдвэр гаргах ёстой. Гэтэл урьд талын шийдвэрүүдийг харж байхад шүүх яг энэ хуулиудын логик холбоо, бусад тогтоол шийдвэр, журмуудтай ерөөсөө харьцуулахгүйгээр ямар нэгэн харьцуулалт хийхгүйгээр, жишиж үзэхгүйгээр шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Тэгэхээр энэхүү шийдвэр дээр миний хэлсэн зүйлүүдийг харгалзан үзэж, логик холбоо, дараалал, хэм хэмжээнд нийцсэн байна уу, үгүй юу гэдэг талаасаа бас харж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгчээс Б.Чийн 2023 оны 1 дүгээр сарын 01-ээс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны цалингийн карт, У аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 224\МА2024\00007 дугаартай магадлал, У аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дугаартай шийдвэр, нэхэмжлэгч Б.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч Б.Чоос Д.Бд 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас Г.Болор-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, У АЗДТГын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3/750 дугаартай албан бичиг, У АЗДТГын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3/1307 дугаартай албан бичиг, У АЗДТГын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3/1329 дугаартай албан бичиг, тус албан бичигт хавсарган ирүүлсэн өвчний түүх зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч тал хариуцагч УАЗДТГт холбогдох, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 17,606,278 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Нэхэмжлэгч Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан У АЗДТГын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дугаартай шийдвэр, У аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 224/МА2024/00007 дугаартай магадлалаар тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээгээгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэв.
3. Хариуцагч У АЗДТГын дарга Г.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
3.1. Аймгийн Засаг даргын захирамжаар У АЗДТГын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү захирамжаар нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Төрийн байгууллага нь төсвөө төлөвлөж, батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учраас аймгийн Засаг даргын захирамжийн дагуу манай байгууллагын бүтцэд байхгүй орон тооны цалинг төсөвтөө төлөвлөх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргаж өгөх боломжгүй.
3.2. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа 3 сарын дотор Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй. Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.2 дахь заалтад “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай У АЗДТГын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг шүүхээс хүчингүй болгосон боловч хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Ч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх ёстой байсан, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Тодруулбал, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд нь ажиллуулж эхлээгүй, хэзээ ажиллуулж эхлэх нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож нэхэмжлээгүй гэж буруутгах нь бодит нөхцөлд тохирохгүй юм.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас хэдий хугацааны цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж тооцож шаардах нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч байгууллагаас түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй ба энэхүү шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхэлсэн үеэс тоологдоно гэж дүгнэв.
5. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Ч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай маргаанаа У аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлүүлэх ёстой гэж маргасан.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Ч нь УАЗДТГт хөдөлмөр эрхэлж байх үедээ хариуцагч байгууллагаас үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал болон бусад олговор, нөхөн төлбөр гаргуулах тухай буюу цалин хөлсний хэмжээний талаар болон хэрхэн тооцох ёстой байсан талаар маргаагүй.
Харин ажил олгогчийн хууль бус буруутай шийдвэрийн улмаас үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан болохыг шүүхийн журмаар тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн хууль бус шийдвэрийн үр дагаврыг буюу ажил олгогч урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговрыг хариуцагчаас шаардаж байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч Б.Ч нь У АЗДТГын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад тус газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч Б.Ч У АЗДТГын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг эс зөвшөөрч У аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба маргаан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Б.Ч нар нь харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэжээ.
Гэвч хариуцагч У АЗДТГын дарга нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Б.Ч дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 152/ШШ2023/00464 дүгээр шийдвэрээр хариуцагч У АЗДТГын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан У АЗДТГын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дугаар шийдвэрийг У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/МА2024/00007 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байх бөгөөд энэ магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай У АЗДТГын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаал үндэслэлгүй болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул Б.Чийн нэхэмжлэлтэй, хариуцагч УАЗДТГт холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 17,606,278 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай У АЗДТГын даргын тушаал үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж, дахин нотлохгүй.
Иймд хариуцагчийн “…нэхэмжлэгч Б.Чийн ажлын байр тухайн байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй, ажлын байр нь байхгүй учраас төсөвт цалин тусгагдаагүй, төсөвлөгдөөгүй зардлыг гаргаж нэхэмжлэгч Б.Чид олгох боломжгүй…” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй ба нэхэмжлэгч Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч У АЗДТГаас урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.
6.2. Нэхэмжлэгч Б.Чийн 2023 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын цалингийн картаас үзвэл, нэхэмжлэгч нь 2023 оны 01, 02 дугаар сард үндсэн цалин 697,621 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 11 хувийн нэмэгдэл 106,438.31 төгрөг, хоолны хөнгөлөлт 100,001 төгрөг, нийт 1,174,060.31 төгрөгийн цалин хөлс авч байжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь заалт, 2.3.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговрын хэмжээг тооцох дундаж цалин хөлсийг түүний сүүлийн 3 сарын хөлсөөр тооцно.
Ийнхүү тооцохдоо тус журмын 1.5 дахь заалтыг баримтлан хоолны хөнгөлөлт 100,001 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулаагүй болно.
Нэхэмжлэгчийн 2023 оны 1 дүгээр сарын цалин хөлс 1,174,060 -100,000 = 1,074,060 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын цалин хөлс 1,174,060 -100,000 = 1,074,060 төгрөг байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 12 дугаар сарын цалин хөлсний баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Чийн цалин хөлсний хэмжээ, бүрэлдэхүүний талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын цалин хөлсийг мөн 1,174,060 -100,000 = 1,074,060 гэж тооцов.
Дээрх тооцоололд үндэслэн, нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоолбол (1,074,060+1,074,060+1,074,060)/3= 1,074,060 төгрөг байна.
Харин нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг дээрх журмын 2.6 дахь заалтыг баримтлан нийт ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөрт буюу 2022 оны 12 дугаар сард ажилласан 21 өдөр, 2023 оны 01 дүгээр сард ажилласан 22 өдөр, 2023 оны 02 дугаар сард ажилласан 17 өдөр, нийт ажилласан 60 өдөрт хувааж тооцоолбол, нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс (1,074,060+1,074,060+1,074,060)/60= 53,703 төгрөг байна.
Иймд нэхэмжлэгч Б.Ч нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 15 ажлын өдөрт 53,703x15=805,545 төгрөгийн цалин хөлс, 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарыг дуустал нийт 12 сарын хугацаанд 1,074,060x12=12,888,720 төгрөг, нийт 13,694,265 төгрөгийн дундаж цалин хөлсийг хариуцагч У АЗДТГаас шаардарх эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,694,265 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, үлдэх 3,912,013 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6.3. Хариуцагч УАЗДТГ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хангав.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,694,265 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У АЗДТГаас улсын тэмдэгтийн хураамж 226,421 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У АЗДТГаас урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,694,265 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,912,013 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УАЗДТГт даалгасугай.
2. Нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У АЗДТГаас улсын тэмдэгтийн хураамж 226,421 (хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА