| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00317/И |
| Дугаар | 129/ШШ2024/00381 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 129/ШШ2024/00381
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 129/ШШ2024/00381 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: М овогт Д.Б-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Д.Б миний бие 1963 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болсон. Би 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд А аймгийн ХБУГ-ын Бөөний бараа баазад ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр гэр шатахад шатаж үрэгдүүлсэн, аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Иймд тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Миний шүүхэд гаргаж өгсөн бусад нотлох баримтуудыг үндэслэн А аймгийн ХБУГ 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2 Хүсэлт гаргагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1984 онд цэргээс халагдаж ирээд А аймгийн ХБУГ-ын бөөний бараа баазад нярваар 1989 он хүртэл ажиллаж байсан. Үүний дараа О аймгийн Улаан толгой сангийн аж ахуй руу илгээлтээр явж байсан. Би О аймаг руу илгээлтээр очихдоо Барилга угсралтын конторт нормчин хийж байсан. Миний бөөний бараа баазад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй шатсан. Харин О аймагт ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг тус аймгийн Нийгмийн даатгалын газар аваад үлдсэн. Би А аймгийн ХБУГ-ын бөөний бараа баазад аж ахуйн нярав байсан. Тухайн үед Б гэдэг барааны нярав, Г гэдэг хүнсний нярав нар ажиллаж байсан. Би 1988 оны 09 дүгээр сард хичээл цуглаж байх үед Э хот руу шилжсэн. Иймд миний А аймгийн ХБУГ-ын бөөний бараа баазад 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
- С аймгийн С сумын Гавшгай 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 872 тоот тодорхойлолтод: “Иргэн Д овогтой Б нь Овоот хороолол 3-336 тоотод ам бүл 3 оршин суудаг нь үнэн болно...” гэх,
- А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 417 тоот тодорхойлолтод: “...Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа ХБУГ-ын бөөний бараа баазын 1984-1989 оны материалыг шүүн үзэхэд Д-ын Б-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна ...” гэх,
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5694 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “Д.Б БХЯ-ны сайдын 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар А аймгаас 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 234 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 427602 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч П.Б-ын шүүхэд өгсөн “...Би 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сар, 1981 оноос 1988 оныг хүртэл А аймгийн Бөөний бараа баазад нярав, 1988 оноос 1991 оныг хүртэл А аймгийн ХБУГ няраваар тус тус ажиллаж байсан. 1978 оноос 1981 оныг хүртэл цэргийн алба хаасан. А аймгийн Бөөний бараа бааз, Нийтийн хоолны трестүүд нь А аймгийн ХБУГ-ын харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Нэг байгууллагууд юм. Д.Б нь 1984 оноос 1990 оныг хүртэл А аймгийн ХБУГ-ын Бөөний бараа баазад аж ахуйн нярваар ажиллаж байсан. Д.Б нь цэргийн алба хаасан байх, тэр талаар нь мэдэхгүй байна. А аймгийн ХБУГ-ын архив 1990-ээд оны үед шатаж байсан. А аймгийн ХБУГ-ын Бөөний бараа бааз нь 26 грушик, 10 гаран мэргэжилтэн, 7, 8 няравтай үйл ажиллагаа явуулж байсан. Д.Б нь анх ажилд орохдоо Бөөний бараа баазад аж ахуйн няравын туслахаар ажиллаж байсан. Нормчноор бол ажиллаж байгаагүй. Д.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн ХБУГ-ын Бөөний бараа баазаас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. А аймгийн ХБУГ-ын Бөөний бараа баазын даргаар н.Г гэдэг хүн ажиллаж байсан. Би Д.Б-тэй хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,
2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03-02/3833 дугаартай лавлагаанд “...1989 он, А аймгийн Ж сумын Ж баг, Д.Б, өрхийн тэргүүлэгч, 25 настай, эрэгтэй ...” гэх,
-Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримтад “...А аймгийн Ж сумын Ж баг, өрхийн тэргүүлэгч, Д.Б, 25 настай, эрэгтэй, нефть баазад нормчин, тоолсон 1989.01.05...” гэх,
- С аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай тодорхойлолтод “...Д овогтой Б нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд болон тэтгэвэр тэтгэмжид хамрагдаагүй болохыг тодорхойлов ...” гэх,
- Д.Б-ийн ХААТР-1 маягтын хуулбарт “...Э хот, Ж сум, Д.Б, А.Т.Б.У.З.Трест ажилладаг, барилгад нормчин, 1988 онд ажилд орсон, бүртгэсэн 1988.10.24...” гэх,
- Д.Б-ийн гэрлэснийг бүртгэх анкетад “... нөхөр Д.Б, бөөний бараа баазад нярав, хуудас бичсэн 1986.05.21...” гэх,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М овогт Д.Б-ийн А аймгийн ХБУГ 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний хүсэлтээс А аймгийн ХБУГ 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- С аймгийн С сумын Гавшгай 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 872 тоот тодорхойлолт,
- А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 417 тоот тодорхойлолт,
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5694 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03-02/3833 дугаартай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- С аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай тодорхойлолт,
- Д.Б-ийн ХААТР-1 маягтын хуулбар,
- Д.Б-ийн гэрлэснийг бүртгэх анкет,
-Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч П.Б-ын мэдүүлэг зэрэг баримт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбараар хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн ХБУГ 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Харин түүний хүсэлтээс А аймгийн ХБУГ 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.Б-ийн ХААТР-1 маягтын хуулбарт “...Э хот, Ж сум, Д.Б, А.Т.Б.У.З.Трест ажилладаг, барилгад нормчин, 1988 онд ажилд орсон, бүртгэсэн 1988.10.24...” гэх, Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримтад “...Э хот, Ж сумын Ж баг, өрхийн тэргүүлэгч, Д.Б, 25 настай, эрэгтэй, нефть баазад нормчин, тоолсон 1989.01.05 гэж бүртгэгдсэн байх бөгөөд дээрх хугацаанд А аймагт ажиллаж байсан байдал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.
2.Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт Д.Б-ийн А аймгийн ХБУГ 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний хүсэлтээс А аймгийн ХБУГ 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН