| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00349/И |
| Дугаар | 129/ШШ2024/00382 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 129/ШШ2024/00382
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 129/ШШ2024/00382 | Архангай аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г овогт Б.Ж-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д овогт Ч.А-д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг эх Б.Ж миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд охин А.О, А.О, хүү А.А нарыг эх Б.Ж миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг эх Б.Ж миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хамт амьдарч байгаа. Нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа. Надад дарамт шахалт үзүүлж, сүрдүүлсэн асуудал байхгүй. Төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг аавынх нь нэр дээр байж байг гэж бодсон. Би сайн дураараа татгалзаж байгаа. Би сайн дурын үндсэн дээр эвлэрээд хамт амьдарч байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч урьд өмнө нь гаргаж байсан асуудлаа дахин гаргахгүй, хамтын амьдралаа үргэлжлүүлье гэсэн хүсэл сонирхлыг илэрхийлсэн тул нэхэмжлэгч маань нэг удаа хариуцагчид итгэл хүлээлгэсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримт үнэн. Нэхэмжлэгч гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан нь нотлогдон тогтоогдож байгаа. Хариуцагч дахин ийм асуудал гаргавал хамтын амьдралаа бүр мөсөн дуусгана гэсэн санаа зорилгыг агуулж байгаа. Мөн хариуцагчийн эцэг эх, нэхэмжлэгчийн эцэг эхтэй уулзаад талуудын хамтын амьдралыг цааш нь үргэлжлүүлье гэсэн санаагаа илэрхийлж ирсэн байдаг. Иймд нэхэмжлэгч, хариуцагч талуудыг эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэж, мөн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Учир нь хурим найраа хийсэн тул хурим найраас олсон орлого, гэр бүлийн дундын эд хөрөнгө зэрэг эд хөрөнгийн маргаан байгаа гэв.
Хариуцагч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртэйгээ эвлэрээд А аймгийн Т суманд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Би хааяа архи уудаг гэв.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ч.А-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг эх Б.Ж миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-гийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Жгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Ад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг эх Б.Ж миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай хэргийн зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жгийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй үлдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН