Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

                     Т.*******т холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Оюунтунгалаг шийдвэрлэн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Т.*******т холбогдох эрүүгийн 2131003070209 дугаартай, 175/2021/0010/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер, Сүхбаатар депод ахлах хүлээн авагч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, /РД.*******/,

 

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн *******,*******, 8 дугаар байрны хажуугийн сагсан бөмбөгийн талбайд иргэн той маргалдаж, улмаар барьцалдан газарт дарж унаган зүүн хөлийн тахилзуур ясны доод хавчаар хэсгийн битүү хугарал, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч   Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгон,

4,Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,

5.Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,

б.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй. бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2022 оны 03 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Учир нь; Миний бие той үл ойлголцсоноос болж, маргалдаж улмаар хоёулаа зууралдаж байгаад хамт газар унасан, ингэж унахдаа ын хөл гэмтсэн, уг гэмтэл надаас шалтгаалсан болохоор би бусдад хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн . Гэтэл анхан шатны шүүхээс надад ял оноохдоо торгох ялыг өндөр оноосон учраас би доорх агуулга бүхий гомдлыг гаргаж байна.

Би бусдад хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн хохирогч надад ямар нэгэн гомдол санал үгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч хохирогч нар маргалдаад салахдаа хохирогч бэртэж гэмтэл авсан. Бидний хувьд гэм буруугийн асуудалд маргаангүй. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч 1000 нэгжээр торгох саналыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3000 нэгжээр торгох ял оноосон. Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлээ яагаад тайлбарлахгүй байна вэ гэж үзэж байна. Учир нь улсын яллагч санал болгосон ялаас яагаад дээгүүр ял оноох болсон үндэслэлээ тайлбарлахгүй байна вэ. Уг шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэсэн. Гэхдээ учруулсан хор уршиг, хувийн байдалд хандсан байдал гэж тайлбарласан. Нэг ч үндэслэл бичээгүйд гайхаж байна. Өмгөөлөгчийн зүгээс ял тохироогүй гэж үзэж байна. Шүүх ял тохирсон гэж дүгнэж байгаа бол үндэслэлтэйгээр тайлбарлах нь зүйтэй.  

 

               Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн. Гэм буруугийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн бол 450.000-5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах, эсхүл өөр төрлийн ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээний дотор ялыг оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Т.*******т холбогдох 2131003070209 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Прокурорын газраас яллагдагч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчийн дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн *******,*******, 8 дугаар байрны хажуугийн сагсан бөмбөгийн талбайд иргэн той маргалдаж, улмаар барьцалдан газарт дарж унаган зүүн хөлийн тахилзуур ясны доод хавчаар хэсгийн битүү хугарал, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч ын өгсөн “...Тэгээд бас тэр залуу бид хоёр маргалдаад сүүлдээ барьцалдаж авсан ба нэг мэдсэн тэр залуу над дээр дараад унасан бөгөөд би унасны дараа босох гэтэл хөл гишгиж болохгүй янгинаж өвдөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Энхтүвшингийн “...удалгүй бид нартай хамт тоглож байсан ах шатрын багш гэх ах хоёр хоорондоо заамдалцсан, тэгээд хоёулаа газар унасан тухайн үед бид нартай хамт тоглож байсан ах дээр нь харин шатрын багш гэх ах доор нь орчихсон байсан. Тухайн үед шатрын багш гэх ах хөл гээд орилоод байсан...” /гэх хх-ийн 16-18 тал/, Д.Содбаярын “...тэр ах уурлаад тэр хоёр барьцалдаад ноцолдож байгаад сүүлд ирсэн шатрын багш ахыг нөгөө согтуу ах түлхээд дээр нь дараад уначихсан чинь Бамбарууш ахтай хамт явж байсан найз нь төмөр замын хувцастай ахыг босгосон. Харин шатрын багш ах хэвтээд босож чадахгүй хөл өвдөөд байна гээд байсан...” гэх /хх-ийн 22-23/, О.Төгсцогтын “...Тэгээд тэр хоёр ах барьцалдаад удалгүй газарт унасан. Миний харснаар бол бага зэрэг хажуулдаад эхлээд ирдэг ах нөгөө ахыг бага зэрэг дараад унах шиг харагдсан. Тэгээд анх ирсэн ах шатрын багш ахын дээр гараад сандаалаад суучихсан чинь Бамбарууш ахын найз нь тэр ахыг татаад босгосон. Шатрын багш ах өбосож чадахгүй “Миний хөл хугарчихсан байна”  гэж хэлээд орилоод хэвтээд байсан....” гэх /хх-ийн 27-28/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 389 дугаартай “...ын биед зүүн тахилзуур ясны доод хавчаар хэсгийн битүү хугарсан, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”  гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокуророос 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял санал болгосон байхад түүнээс дээгүүр буюу 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ..” гэж заасан.

Харин шүүгдэгч Т.*******т анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа яагаад улсын яллагчийн санал болгосон 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас дээгүүр ял оногдуулсан хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж, прокуророос санал болгосон ялын хэмжээгээр эрүүгийн хариуцлагыг Т.*******т хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Харин шүүгдэгчийн зүгээс “...Би бусдад хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн хохирогч надад ямар нэгэн гомдол санал үгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Т.******* хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тааралдаж, улмаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан, шүүгдэгч Т.******* нь хохирогчтой барьцалдаж аван дээрээс нь дарж унах үед хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, уг хууль бус үйлдлийг хийснээр хүний биед гэмтэл учирч болно гэдгийг шүүгдэгч ухамсарлаж мэдэж байсан боловч уг хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг санаатай үйлдэл гэж хууль зүйн шинжлэх ухаанд үздэг, энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан байдаг.

Шүүгдэгч Т.******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхад өөрийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн зөвшөөрөөгүйн дээр хохирогчоос уучлал гуйсан, түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байхгүй, хохирогч түүнээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлууд нь түүнд хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах боломжгүй, харин прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээнд тохирсон гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  2 дахь заалтад өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

2 дахь заалтыг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ