Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 020/2014/0460/З/Т |
Дугаар | 128/ШШ2016/0364 |
Огноо | 2016-05-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2016/0364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж Засгийн газрын 11 дүгээр байрны шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЭДКС ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилга /эскиз зураг хувилбар-2/-ын зургийг баталж зөвшөөрсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн үйлдэл, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар оруулсан өөрчлөлт, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, Л.Даваажав, гуравдагч этгээд Ц.Дагвадорж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: ..."ЭДКС" ХХК нь Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Урт цагааны хойд талд өөрийн байранд хими цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2012 оны 05 дугаар сараас
компанийн хил залгаа газарт иргэн Ц.Дагвадоржийн гэх эзэмшил газар дээр "Сүмбэр цамхаг" ХХК барилгын ажил гүйцэтгэж эхэлсэн.
2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-81/1413 тоот улсын ахлах байцаагчийн Барилга угсралтын ажлыг зогсоох тухай албан шаардлага гарч барилгын ажил нь түр зогссон боловч 2014 оны 07 дугаар сард дахин эхлүүлсэн болно.
Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-81/626 тоот Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай албан шаардлагын дагуу барилгын ажил нь түр зогссон боловч 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс дахин эхэллээ.
Энэхүү үйлчилгээтэй орон сууцны барилгад нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа нь 207/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон байдаг бөгөөд холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг хүчингүй болгосон талаарх мэдэгдлийг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байсан.
Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийи иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 13:00 цагт болсон "ЭДКС ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Ц.Дагвадорж болон "Сүмбэр цамхаг" ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээрх хариуцагч тал барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин олгосон талаарх нотлох баримт гаргаж ирсэн.
Мөн өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн 2013/832 тоот даалгаврыг хариуцагч тал нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн болно.
Иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар "Сүмбэр цамхаг" ХХК-ийн барьж буй энэхүү барилгад өгсөн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, зөвшөөрлүүд нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж байгаагаас "ЭДКС" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа юм. Үүнд:
"ЭДКС" ХХК хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Урт цагаан худалдааны төвийн цэвэр, бохир усны шугамнаас халуун хүйтэн ус авч, бохироо гадагшлуулдаг.
Маргаж буй барилга нь Урт цагаан худалдааны төвийн гадна халаалт, цэвэр бохир усны шугамнаас 2,5-3,0 м байрласан байгаа нь:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасан төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтооно.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт заасан хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтьн явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасан бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн.
Маргаж буй барилгын ертөнцийн зүгээр зүүн талд нь 2-3 м зайтай цахилгааны дэд өртөө байрладаг, "ЭДКС" ХХК энэхүү дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангагддаг.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай дүрмийн 3 дугаар заалтад зааснаар хүн оршин суудаг газарт 1-20 кв хүртэлх хүчдэлтэй дэд өртөөнд хамгаалалтын зурвас нь тал бүр тийш 10 м байна гэснийг зөрчсөн.
Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно гэснийг ноцтой зөрчсөн болно. Эдгээрийг мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-81/626 тоот дүгнэлтээр тогтоосон.
Иргэн Ц.Дагвадорж, ЭДКС ХХК-ийн барилгын хоорондох зай 2.9 м зайтай байрлаж байгаа. Энэ нь хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хамгийн багадаа 6 м байх шаардлагыг мөн зөрчсөн.
Өөрөөр хэлбэл иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар "Сүмбэр цамхаг" ХХК-ийн барьж байгаа гэх үйлчилгээтэй орон сууцны барилгын зскиз зургийг батлах ёсгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэхгүй, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдох боломжгүй гэсэн үг.
Энэ талаар 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч хуульд заасан хугацааны дотор хариу өгсөнгүй. Хариу авах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хандан удаа дараа гаргаж байсан болно.
Иймд иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилга/эскиз зураг хувилбар-2/-ын зургийг баталж зөвшөөрсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн үйлдэл, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэл: ...Маргаж буй захиргааны хэрэг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 4174 дугаар шүүгчийн захирамжаар үүссэн, Ц.Дагвадоржийг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4911 дүгээр шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулаад өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Мөн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5758 дугаар шүүгчийн захирамж гарсан.
Хуулийн хүчин төгөлдөр энэхүү захирамжаар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг маргаж буй захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. /Актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон/
Гэтэл хариуцагчийн зүгээс иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл биелэлтийг түдгэлзүүлсэн актанд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан гэсэн үг.
Хариуцагч нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг Марс констракшн ХХК 2014 онд боловсруулсныг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан маргаж буй барилгын зургийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлснээс хойш баталсан гэх хариуцагчийн үйлдэл нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.
Иймд иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар оруулсан өөрчлөлт, иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ..."ЭДКС" ХХК нь иргэн Ц.Дагвадоржийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөгдсөн үйлчилгээний зориулалттай барилгын эскиз зураг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэл гаргажээ.
Иргэн Ц.Дагвадорж нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны №А/244 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт урт цагааны хойд талд байршуулан 215 м2 газар эзэмшдэг ба тус газраас дээрх газар эзэмшлийн захирамжийг үндэслэн 2012 онд иргэн Ц.Дагвадоржид 14.4x18.0 хэмжээтэй 10 давхар орон сууц, үйлчилгээний барилгын зориулалтаар зураг төсөл баталгаажуулсан боловч тухайн орчны оршин суугчид, ЭДКС ХХК-ийн эсэргүүцэлтэй тулгаран барилга угсралтын үйл ажиллагааг зогсоосон болно.
Улмаар иргэн Ц.Дагвадорж эдгээр иргэдийн гомдол саналыг хүлээн авч тус газарт 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр барилгын хэмжээ давхрын өндрийг багасгаж дахин зураг төслөө хянуулахаар өргөдөл гарган 2013 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 832 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн баталгаажуулж авсан байна. Тус даалгавраар 10.0x18.0 м-н хэмжээтэй 4 давхар үйлчилгээний барилга барихаар төлөвлөсөн байдаг.
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн /БН6Д-30-01-04/-Н заавал дагаж мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд үзүүлсэн барилгын гал тэсвэршилтийн I, II зэрэгтэй барилга хоорондын зайг 6 метрээр заасан боловч, дээрхи хавсралтын 3-р заалт (Гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэржилтийн III, IV зэрэгтэй барилгаас бусад барилгад 20% хүртэл бууруулахыг зөвшөөрнө)-тай хамтатган үзэх шаардлагатай юм. Тус заалтын дагуу цонхгүй ханаараа дээрхи барилгуудын хоорондох зай 1.2 метр хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө гэж үзэж болно.
Иймд иргэн Ц.Дагвадоржийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөгдсөн үйлчилгээний зориулалттай барилгын эскиз зураг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, норм дүрмийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар иргэн Ц.Дагвадоржид Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 215 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсгийг үндэслэн, өөрөөр хэлбэл барилга байгууламж барих эрх олгогдоогүй зөвхөн газраа эзэмших эрхтэй байсан.
Гэтэл хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гараагүй байхад иргэн Ц.Дагвадоржид 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бусаар батлан өгсөн. Мөн барилгын зургийг нь баталж зөвшөөрсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн Засаг дарга эзэмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамж гаргадаг. Анх Ц.Дагвадорж 2003 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар 72 м.кв газрыг 2 жилийн хугацаатай ашиглах эрх аваад үүнийгээ сунгуулсан гэдэг боловч бодит байдалд 2003 онд Ц.Дагвадорж гэдэг хүнд ямар ч газар олгогдоогүй байдаг. Харин П.Дагвадорж гэдэг хүнд газар эзэмших эрх олгогдсон байдаг. Уг материалууд нь хавтаст хэрэгт орсон байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Дагвадорж гэдэг хүн гэрчээр оролцон 2003 оноос 2 жилийн хугацаатай газар эзэмшиж байсан гэж мэдүүлсэн байдаг.
Үүний дараа Ц.Дагвадорж нь 2012 оны зунаас 215 м.кв эзэмшил газраасаа хэтрүүлэн 259 м.кв газарт барилга барьж эхэлсэн. Тухайн үед Ц.Дагвадоржид архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн аль аль нь байгаагүй. Үүнийг нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн барилга угсралтын ажлыг зогсоох тухай 02-07-81/1413 тоот албан шаардлага, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай албан шаардлага гарч, шалган тогтоосон.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 3/10 тоот тогтоол гарсан. Уг тогтоолын 4 дүгээр зүйлд газар эзэмших, ашиглах эрх болон барилга байгууламж барих тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлтийг дараах тохиолдолд нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа болон холбогдох бусад байгууллагууд зохих зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байхыг үүрэг болгосугай гэжээ. Үүнд:
4.2-т Эзэмшил ашиглалтад олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эдэлбэр болон бусдын эзэмшил газарт оруулан барилга байгууламж барихаар төлөвлөсөн,
4.5-д Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 183 дугаар тушаалаар Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журмын дагуу төслийн хэлэлцүүлэг хийгээгүй, олон нийтийн санал аваагүй.
4.7 Даргалагч: Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан болон барилга угсралтын ажил эхлүүлсний дараа барилга барих зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтэд ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй гэсэн тогтоол гарсан.
Дээр дурдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/644 дугаар захирамж гарсан. Энэхүү захирмжийн 4.3-т дараах тохиолдолд газрын болон барилгын зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байх. Үүнд:
4.3.2-т Эзэмшил ашиглалтад олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эдэлбэр болон бусдын эзэмшил газарт оруулан барилга байгууламж барихаар төлөвлөсөн.
4.3.5-д Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 183 дугаар тушаалаар батлагдсан Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журмын дагуу төслийн хэлэлцүүлэг хийгдээгүй, олон нийтийн санал авалгүйгээр хүсэлт ирүүлсэн,
4.3.7-д Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан болон барилга угсралтын ажил эхлүүлсний дараа барилга барих зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлт ирүүлсэн гэсэн захирамж гарсан байдаг.
Гэтэл хариуцагч тал дээр дурдсан захирамж, тогтоолыг зөрчиж иргэн Ц.Дагвадоржийн барилгын зургийг хоёр удаа баталж, архитектур төлөвлөлтийн даалгавар гарган, дараа нь түүндээ нэмэлт оруулсан байдаг нь хууль бус болно.
Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудасд байгаа иргэн Ц.Дагвадоржийн 18.0х14.4 метр хэмжээтэй зоорьтой 10 давхар барилгын газар шороо, суурь, 5-с 10 давхрын хэв хашмалын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 207/2013 тоот зөвшөөрлийг 2013 оын 06 дугаар сарын 13-ны өдөр олгоод, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүчингүй болгосон байдаг. Гэтэл иргэн Ц.Дагвадоржийн зүгээс гаргасан зөрчил дутагдалаа арилгаагүй, барилгын норм ба дүрэм зөрчигдсөн хэвээр байхад 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18.0 х 10.0 метр хэмжээтэй зоорьтой 4 давхар барилгын газар шороо, суурь, 1-с 4 давхрын хэв хашмалын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх маргаан бүхий 521/2013 тоот зөвшөөрлийг дахин олгосон.
Гэтэл нэгдүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудасд хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ЭДКС ХХК-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 тоот тогтоолын 4.5-д заасанчлан орчны оршин суугчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвшилцөн санал хүсэлтийг бичгээр авч дээрх зөрчлүүдийг арилгах хүртэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг өгөхгүй тухай албан ёсоор иргэн Ц.Дагвадоржид мэдэгдсэн болно гэх орлогч дарга Ш.Уртнасангийн гарын үсэгтэй 8/1077 тоот албан тоот өгсөн. Гэтэл иргэн Ц.Дагвадоржийг орчны оршин суугчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвшилцөн тэдний санал хүсэлтийг өнөөдрийг хүртэл аваагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй гэж холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.
Иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилга эскиз зураг хуулбар 2-ын зургийг баталж зөвшөөрсөн хүн нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж юм. Мөн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан үйлдэл хууль бус болох талаар:
Батлагдсан 2 зургаар маргаж буй барилга, ЭДКС ХХК-ийн барилгын хоорондох зай 2.9 метр байхаар төлөвлөгдсөн, бодит байдал дээр ч ийм зайтай байгаа.
Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 30-01-04 заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтээс харахад энэхүү барилга хоорондын зай 8 метрээс байгагүй байх ёстой.
ЭДКС ХХК-ийн барилга нь гал тэсвэршилтийн 3 зэрэгт хамаарна. Энэ тохиолдолд заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын тайлбар гэсний 3-т гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэршилтийн 3-4 зэрэгтэй барилгаас бусад барилгад 20% хүртэл бууруулахыг зөвшөөрнө гэснийг хэрэглэн барилга хоорондын зайг 8 метрээс багасган төлөвлөж болохгүй гэсэн үг. Энэ нь:
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна гэснийг,
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70%-иас илүүгүй байна гэснийг,
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасан Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх гэснийг
Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасан хүн ажиллах, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан гэснийг
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгэнлт, тенхикийн нөхцлийн дагуу зохиогдсон гэснийг тус тус зөрчиж байгаа болно.
Мөн маргаж буй барилга, түүний зүүн талд байрлах цахилгааны дэд өртөөгөөр ЭДКС ХХК нь цахилгаанаар тэжээгддэг. Энэ нь цахилгааны дэд өртөө нь сууриараа 2.9 метр, консолиороо 1.2 метр зайтай баригдхаар төлөвлөгдсөн ба батлагдсан зургаараа ч тийм байгаа. Энэ нь:
Засгийг газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 1.3-т зааснаар 1-20 хүртэл килаватын цахилгаан дамжуулах шугамын дэд станцаас тал бүр тийш 10 метр зайд хамгаалалтын зурвас байна гэснийг
Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих гэснийг
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын зүгээс иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын зургийг баталж зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.
Иргэн Ц.Дагвадоржийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаварт 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр түүнд консольтой байхаар оруулсан өөрчлөлт хууль бус болох талаар:
Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 тоот захирамжаар иргэн Ц.Дагвадоржид 215 м.кв газар эзэмшүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбай нь 70%-иас ихгүй гэсэн мөртлөө үндэслэлгүйгээр 180 м.кв газарт барилга барихыг зөвшөөрсөн байдаг. 215 м.кв газрын 70% нь 150.5 м.кв болохоос 180 м.кв биш юм. Энэ нь: Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх гэснийг
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэснийг
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх гэснийг
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д гадна тохижилтын ажил гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг тус тус зөрчсөн.
Маргаж буй захиргааны хэрэг нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 4174 дүгээр шүүгчийн захирамжаар үүссэн, Ц.Дагвадоржийг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4911 тоот шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулаад өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Мөн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5758 тоот шүүгчийн захирамж гарсан.
Хуулийн хүчин төгөлдөр энэхүү захирамжаар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг маргаж буй захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн. Актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүгд оролцсон. Гэтэл хариуцагчийн зүгээс иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл биелэлтийг нь түдгэлзүүлсэн актанд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг Марс констракшн ХХК 2014 онд боловсруулсныг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаж буй барилгын зургийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлснээс хойш баталсан гэх хариуцагчийн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.
Эдгээр нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд боловч шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс 5 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр өгсөн тайлбартаа: ...Иргэн Ц.Дагвадорж нь нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/244 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн хойд талд байршуулан 215 м.кв газар эзэмшдэг ба тухайн газар дээрээ 2012 онд 14.4м х 18.0 м хэмжээтэй 10 давхар орон сууц үйлчилгээний барилга барих тухай шийдвэр гаргуулсан.
Орчны оршин суугчид болон газар эзэмшигчидийн эсэргүүцэл, маргаантай холбогдож тухайн барилга угсралтын ажил зогсож, улмаар иргэд, аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг йргалзан үзэж 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 832 тоот архитектур төвлөлтийн даалгаварыг шинэчлэн баталгаажуулсан.
Тухайн даалгаварт барилгын хэмжээг багасгаж, давхрын өндрийг хасах шаардлага тавьж батлуулахдаа иргэн Ц.Дагвадоржийн урьд гарсан шийдвэрийн дагуу бүрэн хийгдсэн барилга байгууламжийн ажлын зураг төсөлд тусгагдаж угсралт нь хийгдсэн ажил үйлчилгээг харгалзан үзэж шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд хийгдсэн консолийн хэсгийг тухайн үед орхигдуулсан байсныг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нөхөж тэмдэглэсэн.
Иргэн Ц.Дагвадоржийн барилга байгууламжийн байршил болон төлөвлөлт нь нэхэмжлэгч талын барилга байгууламж болон ирээдүйд барилгажих ажилд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил нь хийгдсэн болно. гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Дагвадоржийн тайлбар, түүний үндэслэл: ...Иргэн Ц.Дагвадорж нь 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг даргын 485 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 66 м.кв талбай бүхий газрыг ашиглахаар авсан бөгөөд тус газар дээр үйлчилгээний павильон ажиллуулж байгаад улмаар тус үйлчилгээний газар дээрээ орчин үеийн хийц бүхий барилга барих болсон тул 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Газрын албанд хандан 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаартай захирамжаар олгогдсон газрын хэмжээг томруулж, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд нийслэлийн Газрын албаны техникийн зөвлөлийн хурлаар хуралдаж Ц.Дагвадоржийн гаргасан 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлтийг хүлээн авч 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Засаг даргын А/224 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 215 м.кв газрыг эзэмшүүлэхээр болсон. Ц.Дагвадоржид 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дугаар захирамжийг үндэслэн нийслэлийн Газрын албатай 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан болно.
Иргэн Ц.Дагвадорж нь нийслэлийн Засаг даргын хууль ёсны А/224 дугаар захирамжийн дагуу авсан эзэмшлийн газар нь нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн газартай давхцаагүй, Ц.Дагвадорж нь өөрийн эзэмшлийн газар дээрээ 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Улаанбаатар хотын ерөнхий архитектор баталсан барилгын ерөнхий төлөвлөгөө, инженер-геологийн судалгааны дүгнэлт болон дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбооны техникийн нөхцөл зэрэг холбогдох эрх бүхий хүмүүсээр батлуулж зохих зөвшөөрлийн дагуу "Сүмбэр цамхаг" ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлаа эхлүүлсэн боловч "ЭДКС" ХХК нь маргаан гаргаж барилгын ажлыг зогсоосон.
Иргэн Ц.Дагвадорж нийслэлийн Засаг даргын А/224 дугаар захирамжаар олгогдсон 215 м.кв талбайтай газар дээр 180 м.кв талбай дээр нь 10 давхар үйлчилгээтэй барилга барихаар төлөвлөсөн боловч ЭДКС" ХХК-ийн зүгээс шүүхэд удаа дараа гомдол гаргаж барилгын ажлыг удаашруулж байсан мөн эдийн засгийн хямралтай байдал болон банкнаас авах зээл бүтэхгүй болсноос шалтгаалан иргэн Ц.Дагвадорж нь тус газар дээр 10 давхар барилга барих боломжгүй байдал үүссэн учир үйлчилгээтэй 10мх18м хэмжээтэй 4 давхар барилга барихаар төлөвлөж 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 2013/832 дугаар даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж баталж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 521/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, үйлчилгээтэй 4 давхар барилгын эскиз зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор албан ёсоор баталсан, мөн дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны техникийн нөхцлүүдийг албан ёсоор батлуулсан.
Иргэн Ц.Дагвадорж нь Газрын тухай хуулийн 32, 33-р зүйлд заасны дагуу нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд хууль бусаар газар эзэмшсэн зүйл огт байхгуй болно. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 354 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн газар нь нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн газартай давхцсан зүйл байхгүй, "ЭДКС" ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй, БНбД 30-01-04 дүрмийг зөрчөөгүй болохыг 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 354 тоот шийдвэрээр тогтоосон байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 354 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хэрэгт авагдсан, нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн болон иргэн Ц.Дагвадоржийн эзэмшил газрыг кадастрын зургаас тус тус үзэхэд тэдгээрийн газар нь ямар нэг байдлаар давхцаагүй, хил залгаа буюу урд хэсгээрээ нэг төвшинд олгогдсон, түүнчлэн нэхэмжлэгчийн орц, гарцыг хаагаагүй байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн барилга нь 1 давхар, мөн зүүн тийш харсан цонхгүй байснаас гадна барилга хоорондын зай нь иргэн Ц.Дагвадоржийн эзэмшил газарт баригдах гэж буй барилгын суурийн баруун талын бетонон баганаас тооцоход 9 метр, мөн хамгийн баруун талын опалка зангидсан хэсгээс тооцоход 2.99-3 метр орчим болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлд дурьдсанчлан барилгын норм ба дүрэм, галын аюулгүй байдлын стандарт зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 дүгээр захирамжаар иргэн Ц.Дагвадоржид 215 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгг заасан газрын эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна. 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартаа давхцаагүй байх шаардлагыг хангасан, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн..." "ЭДКС" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргасан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 02-04-130/1838 тоот дүгнэлтээр иргэн Ц.Дагвадорж нь нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 тоот шийдвэрээр 215 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар олгосон бөгөөд иргэн Ц.Дагвадорж нь урд илэрсэн зөрчлийг арилгаж захирамжаар олгогдсон эзэмшил газар дотроо барилгыг багтаасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг /газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр ззэмшүүлнэ/-д заасны дагуу газар эзэмшиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
"ЭДКС" ХХК-ийн зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гуравдагч этгээд Ц.Дагвадоржид холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн хүсэлтээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7569/Ү тоот захирамжаар шинжээчээр томилогдсон "Лэндс" ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дүгээр хороо Урт цагааны ар талд иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар баригдаж буй барилга нь барилгын хэмжээг тогтоон, барилгын норм дүрэмд нийцэж байгаа талаар дүгнэлт гаргасан байдаг. Тус дүгнэлтээр "...иргэн Ц.Дагвадоржийн барилга нь гадна ханаар 18.6x9.91 м харьцаатай 184.3 м.кв талбайтай байна. Иргэн Ц.Дагвадоржид нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот шийдвэрээр 215 м.кв газар эзэмших захирамж гарч үүний үндсэн дээр 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/В-32 тоот архитектор төлөвлөлтийн даалгавраар барилга барихыг зөвшөөрч барилгын эскизийг хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж баталсан байна. Мөн иргэн Ц.Дагвадорж зураг төслийн "Бадмаараг" ХХК-иар барилгын ажлын зураг хийлгэж улсын экспертизээр хянуулж 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 247/2013 тоот дүгнэлт гаргуулсан байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0000547№521/2013 тоотоор барилга барих зөвшөөрөл авсан байна. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны хойд талд иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар "Сүмбэр цамхаг" ХХК-ийн барьж байгаа барилга нь "ЭДКС" ХХК-ийн барилгаас 2.99 м зайтай баригдаж байна. 'ЭДКС" ХХК-ийн барилга болон баригдаж байгаа барилгын суурийг нуралтаас хамгаалах арга хэмжээг авсан. Сүмбэр цамхаг" ХХК нь батлагдсан архитектор төлөвлөлтийн даалгавар, барилга барих зөвшөөрлийн дагуу барилга барихад ЭДКС" ХХК-ийн барилгад барилгын норм ба дүрмийн заалттай харшлах зүйл байхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Иргэн Ц.Дагвадорж нь дээрх нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй мөн Монгол Улсын газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилгын норм дүрэм журмын холбогдох зүйл заалтыг зөрчсөн зүйл огт байхгүй болно.
Иймд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажпыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан бөгөөд нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу "ЭДКС" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Дагвадоржоос нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ "...хариуцагчийн зүгээс иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажуулсан байна..." гэжээ.
Тайлбарлах нь: 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Засаг даргын А/224 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 215 м.кв газрыг гуравдагч этгээд Ц.Дагвадоржид эзэмшүүлэхээр олгосон. Гуравдагч этгээд Ц.Дагвадоржид нийслэлийн Засаг даргын А/224 дүгээр захирамжаар олгосон газар дээр 4 давхар үйлчилгээний барилга барихаар барилгын зургийг зуруулан батлуулан, техникийн нөхцлүүдийг хуулийн дагуу авсан.
Гуравдагч этгээд Ц.Дагвадоржийн бариулах гэж буй 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг "Марс констракшн" ХХК-иар зуруулан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлуулан 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус барилгын батлагдсан эх загвар зургийг нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулан батлуулсан байна гэсэн тайлбар гаргадаг бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн асуудлаар гомдол гаргахаар заасан боловч нэхэмжлэгч 2 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас анхан шатны шүүх татгалзах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Гуравдагч этгээд Ц.Дагвадорж нь нийслэлийн Засаг даргын хууль ёсны А/224 дугаар захирамжийн дагуу авсан эзэмшлийн газар нь нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн газартай давхцаагүй, Ц.Дагвадорж нь өөрийн эзэмшлийн газар дээр 4 давхар үйлчилгээний барилга барихаар төлөвлөж 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 2013/832 дугаар даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж баталж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 521/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, үйлчилгээтэй 4 давхар барилгын эскиз зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор албан ёсоор баталсан, мөн дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны техникийн нөхцлүүдийг албан ёсоор батлуулсан.
Гуравдагч этгээд Ц.Дагвадорж нь газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд хууль бусаар газар эзэмшсэн зүйл огт байхгүй болно. "ЭДКС" ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох нийслэлийн Засаг даргын А/224 дугаар захирамжтай холбоотой захиргааны хэрэгт нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэгдэж, 354 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн газар нь барилгын тухай хууль болон БНбД 30-01-04 дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоосон байдаг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 02-04-130/1838 тоот дүгнэлтээр иргэн Ц.Дагвадорж нь нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 дүгээр шийдвэрээр 215 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар олгосон бөгөөд иргэн Ц.Дагвадорж нь урд илэрсэн зөрчлийг арилгаж захирамжаар олгогдсон эзэмшил газар дотроо барилгыг багтаасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг /газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-д заасны дагуу газар эзэмшиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Мөн "ЭДКС" ХХК-ийн зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд гуравдагч этгээд Ц.Дагвадоржид холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн хүсэлтээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7569/Ү тоот захирамжаар шинжээчээр томилогдсон "Лэндс" ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны ар талд иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар баригдаж буй барилга нь барилгын хэмжээг тогтоон, барилгын норм дүрэмд нийцэж байгаа талаар дүгнэлт гаргасан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/094/627, мөн өдрийн 07/094/92 дугаартай актаар гуравдагч этгээд Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээтэй барилга нь орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоосон. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06/3647 дугаартай албан бичгээр Ц.Дагвадоржийн үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга нь эрчим хүчний норм дүрмийг зөрчөөгүй тус дэд өртөөнд ажил үйлчилгээ явуулах орц гарцад нөлөөлөөгүй байгаа болно гэсэн тодорхойлолт гаргасан байгааг анхаарч үзнэ үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭДКС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх нь анх Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилга /эскиз зураг хувилбар-2/-ын зургийг баталж зөвшөөрсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн үйлдэл[1], 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар[2],2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг[3] тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар оруулсан өөрчлөлт[4], Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан[5] үйлдлийг тус тус хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн тул шүүх дээрх 5 шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Ц.Дагвадоржийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
Шүүх ЭДКС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дагвадоржийн барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай дүрэм, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/ зэргийг зөрчсөн болох нь мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-81/1413[6], 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-81/626[7] тоот албан шаардлагууд, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/065/671 дугаар[8] дүгнэлтээр нотлогдсон гэж үндэслэлээ тайлбарласан.
Анх гуравдагч этгээдэд нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамж[9] -аар Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороонд 66 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр[10] захирамжаар эзэмшил газрыг 215 м.кв болгон эзэмшүүлсэн байна.
ЭДКС ХХК нь 2012 онд нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжийн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дүгээр шийдвэр[11]-ээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тухайлбал, тус шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч ЭДКС ХХК-ийн болон иргэн Ц.Дагвадоржийн эзэмшил газрын кадастрын зургаас тус тус үзэхэд тэдгээрийн газар нь ямар нэгэн байдлаар давхцаагүй, хил залгаа буюу урд хэсгээрээ нэг түвшинд олгогдсон, түүнчлэн нэхэмжлэгчийн орц, гарцыг хаагаагүй... нэхэмжлэгчийн өмчлөлийн барилга нь 1 давхар, мөн зүүн тийш харсан цонхгүй байснаас гадна барилга хоорондын зай нь иргэн Ц.Дагвадоржийн эзэмшил газарт баригдах гэж буй барилгын суурийн баруун талын бетонон баганаас тооцоход 9 м, мөн хамгийн баруун талын опалка зангидсан хэсгээс тооцоход 3 м орчим болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлд дурдсанчлан Барилгын норм ба дүрэм, Галын аюулгүй байдлын стандарт зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч .... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дээрх үндэслэлийг хүлээж авах боломжгүй юм.
Түүнчлэн, Ц.Дагвадорж нь анх зоортой 10 давхар барилга барихаар төлөвлөж зохих зөвшөөрлүүдийг авсан боловч мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-81/1413, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-81/626 тоот албан шаардлага, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/065/671 дугаар дүгнэлт болон нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын А/853 дугаар Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай захирамж[12]-аар түүний барилга угсралтын ажлыг зогсоосон тул Ц.Дагвадорж нь барилгын хэмжээг зохих шаардлагын дагуу багасгаснаас гадна барилгын өндрийг 4 давхар болгон төлөвлөж маргаан бүхий захиргааны актуудыг гаргуулжээ.
Харин мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/094/627 дугаар дүгнэлт[13]-ээр ...Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БХбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг хангаж байна, Мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнө хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд өгөгдөж байсан үүрэг чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагаар газрын байршлыг шилжүүлж, байршлын кадастрын зургийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан, иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар, үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулан баталгаажуулж, түүний дагуу эх загвар зургийг боловсруулж батлуулсан, ажлын зураг төсөлд галын болон магадлын ерөнхий дүгнэлтийг гаргуулж зөвшөөрлүүдийг авсан байна гэж дүгнэжээ. Мөн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/094/92 дугаар акт[14]-аар Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын угсралтын үйл ажиллагааг сэргээсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын үндэслэж буй 2014 онд гарсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлага, дүгнэлтүүд нь 2015 оны дүгнэлт, актаар хүчингүй болж, үйлчлэл нь дуусгавар болжээ.
Хоёр. Маргаан бүхий захиргааны актуудын хууль, эрх зүйн үндэслэлийн талаар.
Хариуцагч иргэн Ц.Дагвадоржийн барилгатай холбоотой захиргааны актууд гаргахдаа Хот, байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах гэж заасан зарчмыг зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Учир нь, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй, 15.1.1-д барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах гэж заасны дагуу Ц.Дагвадорж нь барих гэж буй барилгадаа зохих зөвшөөрлүүд болон техникийн нөхцөл авсан болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг ногоон байгууламж, автомашины зогсоол байх-аар төлөвлөнө гэх заалтийг зөрчиж нийт эзэмшил газартай 100 хувь барилгажуулахаар төлөвлөсөн нь буруу гэж маргадаг. Хуулийн дээрх заалт нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэхдээ шинээр төлөвлөж байгаа барилгад хамаарах шаардлага болно. Гэтэл Ц.Дагвадоржийн барилга түүний эзэмшиж байсан газар үйл ажиллагаа явуулж байсан хуучин павильоны суурийг томсгож барилга барихаар төлөвлөсөн байх тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэл нь буруу байна. Нөгөө талаар нэхэмжлэгч ЭДКС ХХК-ийн өмчлөлийн нэг давхар үйлчилгээний барилга нь мөн дээрх хуулийн шаардлага хангаж баригдсан эсэх нь эргэлзээтэй юм.
Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд,
1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг ... шийдвэрлэх, 7.2.4-т хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олголт....ажлыг зохион байгуулах гэж нийслэлийн Засаг даргад эрхийг нь олгосны дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Ц.Дагвадоржийн барилгатай холбогдуулан гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь ЭДКС ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
2. Барилгын тухай хуулийн /2008 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх шаардлагыг маргаан бүхий захиргааны актууд нь зөрчөөгүй, баригдаж буй барилга ойр орчмын барилга эзэмшигч, ашиглагч нарын эрх тэгш, бие даасан байдлыг хангасан байхаас гадна нэхэмжлэгчийн ашиг сонирхлоос хамаарч бусад этгээдийн хуулиар олгогдсон эрх хязгаарлагдах ёсгүй гэж шүүхээс үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.6.3-т заасныг баримтлан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилга /эскиз зураг хувилбар-2/-ын зургийг баталж зөвшөөрсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн үйлдэл, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар оруулсан өөрчлөлт, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий ЭДКС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ
[1] Хавтаст хэрэг №1,49-р тал
[2] Хавтаст хэрэг №1,45-р тал
[3] Хавтаст хэрэг №1,57-р тал
[4] Хавтаст хэрэг №2,06-р тал
[5] Хавтаст хэрэг №2,19-р тал
[6] Хавтаст хэрэг №1,19-р тал
[7] Хавтаст хэрэг №1,17-р тал
[8] Хавтаст хэрэг №1,125-р тал
[9] Хавтаст хэрэг №1,220-р тал
[10] Хавтаст хэрэг №1,67-р тал
[11] Хавтаст хэрэг №1,98-р тал
[12] Хавтаст хэрэг №,116-р тал
[13] Хавтаст хэрэг №2,146-р тал
[14] Хавтаст хэрэг №2,148-р тал