Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1216

 

Р.Б-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа       даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00930 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Б-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ- т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01349 тоот шийдвэрээр хариуцагч Р.Б-, Б.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 186.148.751 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд төлбөрийг Р.Бум-Эрдэний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 байрны Б-1, Б-2 тоот 73,8 болон 60.45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдээс хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нар дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийгдэж Р.Бум-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 байрны Б-1 тоот орон сууцыг 126.500.000 төгрөгөөр, Б-2 тоот орон сууцыг 103.600.000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хүлээж аваад дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр НШШГГ- т хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК хийсэн бөгөөд уг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1349 дугаар шийдвэрээр Р.Б-, Б.Б- нараас 187.237.444 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч Р.Б-, Б.Б- нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/25628 дугаар мэдэгдлийг гардуулахад үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилоход, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 дүгээр байрны Б-1 тоот орон сууцыг 126.500.000 төгрөгөөр, Б-2 тоот орон сууцыг 103.600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн 4/28858, 4/28974 дүгээр албан бичгүүдээр оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжпэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ- т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01349 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 427 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Рэнцэндоржийн Бум-Эрдэнэ, Бум-Эрдэнийн Булган нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/00797 дугаартай /хх-80/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 байрны Б-2 тоот орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Р.Б-, Б.Б- нар хариуцагч НШШГГ- т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01349 дугаартай шийдвэрийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 183/ШЗ2019/00335 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Р.Б-, Б.Б- нараас 186.148.751 төгрөг гаргуулан төлбөр авагч “Төрийн банк” ХХК-д олгох ажиллагаа явагдаж, барьцаалагдсан хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 84-87, 97-101, 104-107/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Р.Б-, Б.Б- нар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийн саналаа гаргаж өгөөгүй, талууд харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 427 дугаар тогтоолоор  үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 дүгээр байрны Б-1, Б-2 тоотод байрлах орон сууцнуудын зах зээлийн үнэ, цэнийг Б-1 тоот 126.500.000 төгрөг, Б-2 тоот 103.600.000 төгрөгөөр тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт  нийцжээ. /хх-ийн 109-114, 118-142, 146-169 /

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгч нь үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо мэдэгдэл хүлээн авсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргах байтал 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүх үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Төлбөр төлөгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, дээрх хугацаа зогссон, тасалдсан талаар тайлбар нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

Үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                          Н.БАТЗОРИГ