Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 104/ШШ2024/00459

 

2024 09 04

104/ШШ2024/00459

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* 703 тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, овогт гийн  

Хариуцагч: *******,,,од оршин суух овогт гийн нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 454,025,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г. /цахимаар/

Хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М. /цахимаар/

Хариуцагч Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О./цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов. 

Хариуцагч О.ын өмгөөлөгч Б.ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ББСБ ХХК нь хариуцагч О.тай 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 09 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ,   гудамж, тоотод орших Улсын бүртгэлийн Ү-, дугаарт бүртгэгдсэн 158,87 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээг сунгасан боловч зээлийн эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 217,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,960,000 төгрөг, нийт 454,025,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.. гэжээ. 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд ирүүлсэн болон гаргасан тайлбар, татгалзалдаа: ....******* ББСБ ХХК нь иргэн О., Л. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 454,025,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох ,   гудамж, тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 158,87 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг иргэний хэргийн хариуцагч О. нь зээлийн төлбөрт 330,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 125,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар шийдвэрлэсэн тул үлдэгдэл төлбөр болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна, иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна ..гэв.

Хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. нэхэмжлэгч сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй.. гэв. 

Хариуцагч Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. нэхэмжлэгч хэдийгээр хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар уг татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх ёстой. Нэхэмжлэгч нь зээлийг О. төлсөн хэмээн татгалзаж байгаа хэдий ч барьцаа хөрөнгө болох орон сууц нь Л.ын хөрөнгө тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байхвий гэсэн эргэлзээ байна. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлэнд тооцуулж өгсөн бол Л.ын эрх ашиг хөндөгдөнө.. иймд татгалзлаар хэргийг шийдвэрлэх боломжгүй... гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтыг шинжлэн судлаад

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О., Л. нарт зээлийн гэрээний үүрэгт 454,025,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох ,, тоотод орших Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 158,87 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд захирал Н., итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нар нь ....хариуцагч О. нь зээлийн төлбөрт 330,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 125,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар шийдвэрлэсэн тул үлдэгдэл төлбөр болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. хэмээн маргаан бүхий асуудлыг шүүхийн оролцоогүйгээр, хариуцагч О. зээлээс 330,000,000 төгрөгийг төлсөн гэдэг үндэслэлээр үлдэх 125,000,000 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгө болох ,   гудамж, тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 158,87 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байх тул хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хариуцагч Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.нь барьцаа хөрөнгө нь хариуцагч Л.ын өмч хөрөнгө юм, түүний өмч хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байхыг үгүйсгэхгүй, хэргийг нэхэмжлэгчийн татгалзлаар шийдвэрлэснээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө хэмээн тайлбарлах боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар татгалзсан, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тухайгаа илэрхийлж нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул шүүх нэхэмжлэгчийн субьектив эрхэд халдаж, татгалзлыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй. 

Нэхэмжлэгч нэгэнт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байхад шүүх хариуцагч Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ын тайлбарт үндэслэн барьцаа хөрөнгийг хэн хэрхэн зарцуулсан, зээлийг хэн төлсөн талаар баримт цуглуулах, татгалзалд хариуцагч Л.ын эрх ашиг хөндөгдөнө хэмээн үзэж татгалзлыг хүлээн авахгүй байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив буюу талуудын тэгш эрхийн зарчимд харш байхаас гадна барьцаа хөрөнгийн өмчлөгч солигдох эсэх нь уг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн татгалзалд хамааралгүй асуудал юм. 

Иймд нэхэмжлэгч сайн дураараа бусдын дарамт шахалтгүйгээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэв.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн татгалзлаар нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй, хариуцагч О. нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн агуулгын хүрээнд хэргийг шийдвэрлэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Өөрөөр хэлбэл хариуцагч О. нь зээлийн төлбөрийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул сөрөг нэхэмжлэлийг уг шүүх хуралдаанаар тусгайлан хэлэлцээгүй нэхэмжлэгчийн татгалзлаар шийдвэрлэсэн болно.  

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаан товлон зарласнаас хойш нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,498,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,498,275 төгрөгийн 50 хувь болох 1,249,137 төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хувааж, хариуцагч О.аас 624,568 төгрөгийг, хариуцагч Л.аас 624,568 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч О.ын өмгөөлөгч Б.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О., Л. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 454,025,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө ,, тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 158,87 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,498,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,498,275 төгрөгийн 50 хувь болох 1,249,137 төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хувааж, хариуцагч О.аас 624,568 төгрөгийг, хариуцагч Л.аас 624,568 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА