| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00207/и |
| Дугаар | 152/ШШ2024/00337 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: С.Л-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: С.Л, түүний өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1969 оны 01 дүгээр сарын 21-нд төрсөн. 55 настай. Би цэргээс халагдаж ирээд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хар тарвагатайн уурхайд экскаваторчнаар ажилд орж 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад гарсан. Одоо 55 нас хүрээд хэвийн бус буюу хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох болоход Увс аймгийн Архивын газарт тус компанийн материал байхгүй,1998 онд төрөөс хувьд шилжсэн, Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байгаа боловч хэвийн бус нөхцөлд ажиллаж байсныг нотлох боломжгүй гэж нийгмийн даатгалын газар үзсэн. 2014 онд ажлаас гарсан тушаалыг одоо нөхөн олгохоор нийгмийн даатгалын газар хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тул 1991 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Увс аймгийн хар тарвагатайн уурхайд С.Л намайг хэвийн бус нөхцөлд буюу экскаваторчнаар ажиллаж байсныг минь шүүхээр тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан нябо Х.Катав, хүнд механизмын слессер, өрмийн туслах .................. нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд Хар тарвагатай уурхайд экскаваторчнаар ажиллаж байсан байдаг. Ажиллаж байсан нөхцөл ажиллаж байсан байдлаа нотлох хөдөлмөрийн дэвтэр дээр нь тухайн хүнийг хар тарвагатай компанид экскаваторчнаар ажиллаж байсан гэдэг бичилтүүд нь байдаг. Тухайн үед Хар тарвагатай уурхайг хувьд шилжингүүт үргэлжлүүлээд ажиллаад явсан байдаг. Тэгтэл тушаал шийдвэрийг нь дутуу гаргаж байсан, тушаал шийдвэрээ бүрэн гүйцэд гаргадаггүй байсан. Ажил олгогчийн хариуцлагагүй байдлаас болоод өнөөдрийн байдлаар эрх зүйн байдал нь дордох хэмжээнд хүрээд байгаа юм. Сая шүүх хуралд шинээр гаргаж өгсөн нотлох баримт байгаа хөдөлмөрийн гэрээ 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай тарвагатай хувьцаат компанийн захирлын тушаал байгаа юм. Энэ дээрээс ямар дүгнэлтийг хийж болохоор харагдаад байна гэхээр ажил хавсран гүйцэтгэх томилох тухай тушаал байгаа юм. Энэ ямар ажил дээр ямар ажлыг хавсруулан гүйцэтгэчих вэ гээд харахаар харахаар С.Л нь Хар тарвагатай хувьцаат компанийн экскаваторчин, С.Л нь уурхайн талбайн мастераар дэвшин ажиллахаар хүсэлт гаргасан гэж байгаа юм. Тэгэхээр үндсэн ажлын байр маань өөрөө экскаваторчин, үүн дээр талбайн мастер гэдэг ажлыг хавсруулан гүйцэтгүүлсэн юм байна. Тухайн тушаалын 2 дахь заалтаас нь экскаваторчны үндсэн цалин дээр талбай мастерын ажлыг хавсруулан гүйцэтгэсний 40%-ийн цалин олгохыг нягтлан Байгалмаа зөвшөөрсүгэй гэдэг тушаал байгаад байгаа юм. Энэ цалингийн 2012 оны Хар тарвагатай уурхайн ашиглалтын мастер экскаваторчин С.Лгийн мөнгийг төлөхгүй авсан нүүрсний тооцоо гэдэг эрүүгийн хэрэг дээр хохирлын асуудал нэхэмжилж орж ирсэн байдаг. Хувийн таарамжгүй харьцааны улмаас гомдол гаргаад яваад байсан байдаг юм. Тухайн үед миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Экскаваторчин байжээ гэдгийг 2012 оны баримтаас харах боломжтой. Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоол дээр экскаваторчнаар ажиллаж байсан С.Л Хар тарвагатай компанид хохирол учруулсан асуудлыг тогтоолгоё гэдэг байдлаар шинжээч томилоод явж байсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 123/А дугаартай тогтоол дээр яллагдагч С.Л нь Увс аймгийн Тариалан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хар тарвагатай хувьцаат компанийн экскаваторчнаар ажиллаж байхдаа борлуулалт хариуцсан Мөнхзултай бүлэглэн гэдэг нь гэмт хэргийн шинжгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон тогтоолууд байгаа. Мөн хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа юм. Тухайн хөдөлмөрийн дэвтэр дээр юу харагдаад байна гэхээр экскаваторчны 1991 оны 10 дугаар сарын 01-нд экскаваторчны туслах машинистаар томилоод 1992 оны 2 дугаар сарын 01-ээс үндсэн ажилтнаар томилон ажиллуулсан бичил хийгдээд тамга нь дарагдчихсан байж байдаг. Хөдөлмөрийн дэвтэр дээр нийгмийн даатгалын газраас үзлэг хийгээд улсад ажилласан жилийг нь тооцсон нөхцөл байдал байгаа. Сурмаажав гэдэг захирлын хувьд өнөөдөр архивын тодорхойлолт байгаад байгаа архивын тодорхойлолтоос юу харагддаг вэ гэхээр хар тарвагатайн уурхайн баримт архивд шилжиж ирээгүй гэсэн учраас С.Лтэй холбоотой баримтыг шүүн үзэх боломжгүй байна гэж байгаа юм. Тэгэхээр тухайн байгууллагын ажил олгогчийн 1 хуудас баримт аймгийн архивд шилжиж очоогүй байгаа учраас хөдөлмөр эрхэлсэн байдлаа нотлох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. С.Л нэхэмжлэл гаргахдаа 1999 оны 2 сарын цалин цагийн тодорхойлолт гэсэн өөрт байсан цалин цагтайгаа холбоотой баримтыг эх хувиар нь нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байгаа. Мөн машин техникээ эзэмшиж байгаа байдал, гэрч Катавийн хамтаар 1994 он, 2002 оны экскаватороо эзэмшиж байгаа гэрэл зургийн үзүүлэлтүүд байгаа. Миний бие өмгөөлөгчөөр өөр түмт нээлттэй компанид эрх зүйн туслалцаа үзүүлээд ажиллаж байхдаа Хар тарвагатай хувьцаат компанид архивын баримт маш их байдаг. Өнөөдөр шүүхээс С.Лгийн ажилласан байдалтай холбоотой баримтуудыг ирүүлж өгнө үү гэдэг байдлаар хүсэлт явуулахаар эрүүгийн хэрэгт бүгдийг нь өгчихсөн гэдэг Сурмаажав захирлын зүгээс хариу өгөөд байгаа юм. Тэгэхээр энэ хоёр хүний хооронд одоо хүртэл ойлголцоогүй, хувийн таарамжгүй харилцаа байгаа учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна уу гэж хараад байна. Дээрх нэрлэн заасан баримтуудаас С.Л нь экскаваторчнаар ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Мөн гэрч Катав, Цагаанцоож нарын мэдүүлэг, шүүгчид шинээр гаргаж өгсөн 1994, 1999 оны диплом гэсэн баримтууд байгаа. Энэ дипломын агуулгыг хараад үзэхээр жил эцсийн байдлаар 30,000 тонн нүүрс ачиж 800 моц цаг ажиллуулж, эзэмшсэн техникээ сайн ашиглаж үр дүнтэй ашигласан учраас байгууллагын аварга болголоо гэдэг байдлаар мөн Сурмаажав захирал тухайн компанийг удирдаж байх хугацаанд хүндэд өргөмжлөл, талархал гэдэг байдлаар шагнаж байсан баримтууд байдаг юм. Аваргын диплом, талархал, хүнд өргөмжлөл зэргээр шагнаж байсан. Одоо хүртэл С.Л мэргэжлээрээ Хөшөөтийн уурхайд экскаваторчнаараа ажиллаж байгаа. Тийм учраас С.Лгийн хэрэгт авагдсан баримтын хүрээнд экскаваторчин мэргэжлээр ажиллаж байжээ гэдэг зүйл нь тогтоогдох боломжтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх, түүний 277952 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Лгийн 1997-2002 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, С.Лгийн 2002-2024 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хартарвагатай нүүрсний уурхайн захиргаанаас С.Лд олгосон диплом, 1999 оны 2 дугаар сарын ажлын цагийн тодорхойлолт гэх баримт, 1994 он Хартарвагатайн уурхай гэх тайлбартай гэрэл зураг, 2002 оны С.Л ажлын байран дээр гэх тайлбартай гэрэл зураг, 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хартарвагатай хувьцаат компаниас С.Лд олгосон аваргын диплом, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хартарвагатай хувьцаат компаниас С.Лд олгосон талархал, Хартарвагатай нүүрсний уурхайгаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Лд олгосон өргөмжлөл, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хартарвагатай хувьцаат компаниас С.Лд олгосон хүндэт өргөмжлөл, гэрч Х.Катавын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 195066 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс Хартарвагатай ХК-с Х.Катавд олгосон 1993-1997 оны цалингийн тодорхойлолт, ........... 627976 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ........... 261352 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, .............. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч ................. иргэний үнэмлэхийн хуулбар, 098272 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн архивын лавлагаа, Т................. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хартарвагатайн уурхайн 1996 оны жолооч нарын техникт авч тавьсан сэлбэгийн жагсаалт гэх баримтыг эх хувиар тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Лгийн ажиллаж байсан байдалтай холбогдох баримт, Хартарвагатай ХК-с С.Лд холбогдох баримтуудыг нотлох баримтаар ирүүлэх тухай албан бичиг хүргүүлэв.
С.Лгийн хүсэлтээр ..............., ................. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс С.Лгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгов.
2. С.Л нь шүүхэд хандаж 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдриийг хүртэл хугацаанд Увс аймгийн Хартарвагатай хувьцаат компанид экскаваторчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Лгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч С.Л нь 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Хартарвагатай ХК-д экскаваторчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. С.Л нь цэргийн албанаас халагдаж ирээд 1991 оны 10 дугаар сараас Хартавагатайн уурхайд экскаваторчнаар ажиллаж эхэлсэн. Хартарвагатай уурхай нь 1998 онд хувьчлагдсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус уурхайд тасралтгүй ажилласан. Гэвч анх 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилогдсон болон 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна.
3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай зөвлөмжийн хуудсаар 1991-2015 оны хооронд экскаваторчнаар ажиллаж байсныг нотлох ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул дээрх хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариуг өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хэрэгт авагдсан С.Лгийн 277952 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Уурхайн даргын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 80 тоот тушаалаар Хартарвагатайн уурхайд эксковаторын туслах машинистаар авч ажиллуулав,
1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот тушаалаар эксковаторын туслах машинистаас чөлөөлөв, Уурхайд экскаваторчнаар авч ажиллуулав гэж тус тус тэмдэглэжээ.
С.Лгийн 277952 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.
4.2. Хэрэгт авагдсан 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Лд олгосон дипломд “Та 1994 оны жил эцсийн ажлаар 30,000 тонн нүүрс ачиж, 800 мот/ цаг ажиллуулж, эзэмшсэн техникээ сайн ашигласныг тэмдэглэж байгууллагын аварга ажилчнаар шалгаруулав” гэж тэмдэглэжээ.
4.3. Гэрч Х.Катав нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Хартарвагатай уурхайд ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан түүний 195066 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1993-1997 оны цалингийн тодорхойлолт болон 627976 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 261352 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрч Х.Катавын “...Би 1988 онд Тариалан сумын Хартарвагатайн уурхайд нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Одоог хүртэл Тариалан сумын Хартарвагатайн уурхайд нягтлан бодогчоор ажиллаж байна. С.Л 1991 онд Тариалан сумын Хартарвагатайн уурхайд ажилд орсон. Би ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тул С.Лг Хартарвагатайн уурхайд эксковаторын машинистаар ажиллаж байсныг сайн мэднэ. ...2014 оны 4 сар хүртэл ажиллаад, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд дээрх үйл баримтад үндэслэн С.Лг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл эксковаторын туслах машинистаар, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хартарвагатайн уурхайд экскаваторчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Харин гэрч ............... 1991-2014 оны хооронд Увс аймгийн Хартарвагатайн уурхайд ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан түүний 098272 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдохгүй байна.
Иймд гэрч ...............ийн мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэв.
4.4. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаартай С.Лгийн 1997-2005 оны хооронд төлсөн шимтгэлийн архивын лавлагааг ирүүлсэн байх бөгөөд энэхүү лавлагаагаар Хартарвагатайн уурхайгаас дээр дурдсан хугацаанд хүсэлт гаргагч С.Лгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь тогтоогдож байна.
Мөн түүнчлэн хэрэгт эх хувиар авагдсан Хартарвагатайн уурхайн 1996 оны жолооч нарын техникт авч тавьсан сэлбэгийн жагсаалт гэх баримтыг шинжлэн судалбал, экскаваторчин Лхагвасүрэнгийн техникт тавьсан сэлбэгийн жагсаалт, 1996 он гэж бүртгэл үйлдсэн байна.
Улмаар хэрэгт авагдсан 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хартарвагатай хувьцаат компаниас С.Лд олгосон аваргын диплом зэрэг баримтууд хүсэлт гаргагч С.Л 1995-1996 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хартарвагатай ХК-д эксваторчнаар ажиллаж байсан үйл баримтыг давхар нотолж байна.
Иймд хүсэлт гаргагч С.Лг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оныг дуустал хугацаанд Хартарвагатайн уурхайд экскаваторчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Хэдийгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлт гаргагч С.Лгийн 1995-1996 оныг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байгаа боловч шүүхээс хүсэлт гаргагч С.Лгийн 1995-1997 оныг дуустал хугацаанд Хартарвагатайн уурхайд экскаваторчнаар ажиллаж байсан үйл баримтыг сэргээн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Тодруулбал, Монгол Улс 1995 оноос нийгмийн даатгалын эв хамтын тогтолцоонд шилжсэнээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, хуулийн этгээдийн өмчийн хэлбэр үл харгалзан тухайн байгууллагад ажиллаж байгаа иргэн бүр нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн.
Иймд 1995 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж байгууллага болон иргэн нь нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэгтэй ба энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй үйлдэл болно.
Гэвч хүсэлт гаргагч С.Лгийн ажиллаж байсан Хартарвагатай уурхай нь 1998 оны 01 дүгээр сард хувьчлагдсан болох нь Увс дулааны станц ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/133 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Хартарвагатай уурхай хувьчлагдах хүртэл хугацаанд хүсэлт гаргагч С.Лгийн тус уурхайд экскаваторчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
4.5. Харин Хартарвагатай уурхай хувьчлагдсанаас хойш буюу 1998 оноос 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүсэлт гаргагч С.Лгийн ажиллаж байсан байдлыг шүүхээс онцгой ажиллагааны журмаар тогтоох боломжгүй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч С.Лгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай зөвлөмжийн хуудас болон зохигчийн тайлбараар Хартарвагатай ХК-с түүний 1998-2014 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд тайлагнан төлж байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч ажил олгогч байгууллага нь хүсэлт гаргагч С.Лд түүнийг ажилд томилсон тушаал болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг гаргаж өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
1998 оны байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заажээ.
Иймд ажил олгогч буюу Хартарвагатай ХК нь хүсэлт гаргагч С.Лтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах үүрэгтэй ба дээрх үүргээ биелүүлээгүй ажил олгогчийг хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Улмаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан бол тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасан байна.
Ийнхүү ажил олгогч Хартарвагатай ХК нь хүсэлт гаргагч С.Лтэй хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг өгөөгүй, ажлаас чөлөөлөгдөх үед хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүйн улмаас С.Л нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд хүсэлт гаргагч С.Л нь Хартарвагатай ХК-д экскаваторчнаар ажиллаж байсан боловч тус хуулийн этгээд нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, ажилтан С.Лд түүний хөдөлмөрийн гэрээ буюу ажилд томилсон шийдвэр, хөдөлмөрийн гэрээг цуцалсан буюу ажлаас чөлөөлсөн шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийг өгөх үүргээ биелүүлээгүй эсэх маргааныг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч С.Л нь Хартарвагатай ХК-д холбогдох дээрх маргааныг мөн холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч С.Лгийн 1998 оноос 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хартарвагатай ХК-д ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.3, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгов.
Шүүхээс хүсэлт гаргагч С.Лгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан С.Л-ийн 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хартарвагатай хувьцаат компанид экскаваторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Лгийн хүсэлтээс 1998 оны 1 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хартарвагатай хувьцаат компанид экскаваторчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА