| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0194/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Иргэдийн төлөөлөгч Д.Мягмарсүрэн
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Хохирогч Б.Цэрэнтогтох
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Ж.Оргилбат нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүгдүүд овогт Жамбалрагчаагийн Оргилбатад холбогдох эрүүгийн 172000000044 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Хүгдүүд овогт Жамбалрагчаагийн Оргилбат, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЛ88031419/, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн “Зүрх” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.
Шүүгдэгч Ж.Оргилбат нь 2017 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Цэрэнтогтохын цээжин тус газар хутгаар хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Оргилбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлнө. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Цэрэнтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 сарын 13-наас 14-нд шилжих шөнө ажлаасаа буугаад амрах гээд гэртээ байж байхад Оргилбат, Гэрэлт-Од, Бат-Эрдэнэ нар намайг дуудаад ганц нэг пиво ууя гэхээр нь би ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд тугалдаа явж байхдаа дахин тааралдаад дэлгүүр орж 3 том Боргио авч Оргилбатын гэрт очиж уусан. Оргилбат бид хоёр үлдсэн нэг пивоо уугаад дуусах үед Оргилбат эхнэрээ элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би “боль” гэж хэлээд тэднийхээс гараад явж байтал миний араас ирээд хутгалсан. Тийм л зүйл болсон” гэв.
Гэрч Н.Гэрэлт-Од мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...эхнэр нь намайг хүүе болохоо байлаа гээд сэрээхээр нь босоод юу болов гэхэд Цэрэнтогтох гэрт газар хэвтэж байсан “яасан бэ” гэж асуусан чинь Оргилбатын эхнэр нь “Оргио наадахыг чинь хутгалчихлаа, өөрөө алга болчихлоо” гэж хэлсэн, тэгээд эмнэлэг цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч Ц.Баттуяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ Цэрэнтогтох гэр рүүгээ явлаа намайг гаргаад өг гээд хоёулаа хамт гарсан. Тэгээд байж байсан чинь гэрийн гадаа хүн намайг хутгалчихлаа гэх чимээ гарсан. Тэгэхээр нь би жаахан хүүхдээ тэвэрсэн чигээрээ гараад хартал Цэрэнтогтох нь Оргилбатын хутгатай гарыг нь хоёр гараараа барьчихсан зогсож байсан...Оргилбат дээр очоод хутгаа тавь гэсэн чинь хутгаа тавингуут цааш гараад зугатаасан. Оргилбатыг хутга аваад гарсныг би сайн анзаараагүй сүүлд нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 484 тоот дүгнэлтэд: “1.Б.Цэрэнтогтохын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хэвлийн зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх, нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус алдалт /2л цус/, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүдийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хэвлийн зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх, нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх цус алдалт /2 л цус/ нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Уг гэмтэл нь хурц ир үзүүр бүхий 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 40/
-Гэрч Д.Жамбалрагчаагийн мэдүүлэг /хх-ийн 33/
-Гэрч Д.Цэрэнчимэгийн мэдүүлэг /хх-ийн 34/
-Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 63/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/
-Хохирогч Б.Цэрэнтогтохын өвчний түүх /хх-ийн 67-93/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ж.Оргилбат нь 2017 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Цэрэнтогтохтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн цээжин тус газар хутгаар хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хэвлийн зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх, нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус алдалт /2л цус/, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ж.Оргилбатын мөрдөн байцаалтад өгсөн “...Цэрэнтогтох би явлаа гэж хэлээд гарахаар нь гэрийн шургуйлганд байсан хүрэн иштэй хутгийг авч Цэрэнтогтохын араас нь дагаж гараад хэвлийн тус газарт нь хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэр рүүгээ явлаа гээд гэрээс гарахад Оргилбат араас гарч ирээд намайг хутгалсан. Тэгээд авгай нь гарч ирээд бид хоёр хутгыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/, гэрч Н.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр нь намайг хүүе болохоо байлаа гээд сэрээхээр нь босоод юу болов гэхэд Цэрэнтогтох гэрт газар хэвтэж байсан “яасан бэ” гэж асуусан чинь Оргилбатын эхнэр нь “Оргио наадахыг чинь хутгалчихлаа, өөрөө алга болчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 17-ны өдрийн 484 тоот дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Цэрэнтогтохын хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хэвлийн зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх, нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус алдалт /2л цус/, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч Ж.Оргилбатын хохирогчийн хэвлий рүү хутгаар 1-2 хутгалсан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэн хэндээ нөлөөлөөгүй, мөн шинжээч эмчийн 2017 оны 8 сарын 17-ны өдрийн 484 тоот дүгнэлт нь 2017 оны 8 сарын 14-ний өдөр нээсэн өвчтөний 3699 тоот карт, шинжээч эмчийн үзлэгт тус тус үндэслэгдсэн, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул дээрх нотлох баримтуудыг шүүх үнэн зөв, хууль ёсны гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Ж.Оргилбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч Ж.Оргилбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 17-ны өдрийн 484 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Оргилбат нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн зүгээс нотлох баримттайгаар гаргаж өгсөн эмчилгээний зардлын 600000 төгрөгийг нөхөн төлсөн тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт 3 сар ажилгүй байсан хугацааны цалин 780000 төгрөг, томографийн зураг авахуулах 500000 төгрөг, цаашид эмчилгээний зардалд 1720000 төгрөг нийт 3000000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Оргилбатаас дээрх нэхэмжлэлийн шаардлагын 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан хохирогчид олгох боломжгүй байгаа тул хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Оргилбатыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 100000 төгрөгийн үнэ бүхий монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЛ88031419 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлвэл зохино.
Шүүгдэгч Ж.Оргилбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 600000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хүгдүүд овогт Жамбалрагчаагийн Оргилбатыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Оргилбатыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ж.Оргилбатад оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Оргилбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 600000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах бусад холбогдох зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс 100000 төгрөгийн үнэ бүхий монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЛ88031419 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Оргилбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ
Х.САНЖИДМАА