| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00365/и |
| Дугаар | 152/ШШ2024/00339 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00339
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “МК” ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7 дугаар гудамж, 28 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЭ94110706, Ш.Мд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,998,993 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МК” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40161038 тоот гэрээ байгуулан 99338782 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Iphone 14ProMax, Silver Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, 2023 оны 7 дугаар сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 3,582,524 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөрт 416,470 төгрөг буюу нийт 3,998,993 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие МК ХХК-ийн нэхэмжлэлтэй, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,998,993 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах болно. Би өөрөө хөдөөгүүр судалгааны ажил хийгээд зээлээ төлж чадахгүй явсан. 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлага болох 3,998,993 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Л.Мөнхдөл нь нэхэмжлэлийн шаардлага болох Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,998,993 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлнө гэсэн тайлбарт үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Ш.М нь МК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,998,993 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
3. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, МК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Мд холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,998,993 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Ш.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,935 төгрөгийн тал хувь болох 39,467.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 39,467.5 төгрөгийг, хариуцагч Ш.Мөөс 39,467.5 төгрөгийг тус тус гаргуулж, “МК” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,998,993 төгрөгийг хариуцагч Ш.М 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,935 төгрөгийн тал хувь болох 39,467.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 39,467.5 төгрөгийг, хариуцагч Ш.Мөөс 39,467.5 төгрөгийг гаргуулж, “МК” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА