| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00622/и |
| Дугаар | 152/ШШ2024/00340 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 152/ШШ2024/00340
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОИТ ХХК-д холбогдох,
38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Ш.Г /цахимаар/,
Хариуцагч ОИТ ХХК-ийн захирал Л.Б /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ОИТ ХХК-ийн захирал Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гэвэл нэхэмжлээд байгаа мөнгөн дүн нь надад үнэхээр ихдээд байгаа учраас бодит биш байна гэдгийг хэлээд байгаа. Миний бодлоор 10,000,000 төгрөг дутуу гэж үзэж байгаа. 10,000,000 төгрөг дээр тодорхой хэмжээний бартераар адуу малаараа тохиролцъё гэдэг саналыг тавьж байна. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа, хийж байсан худгаа ашиглаад үйл ажиллагаа явагдаад орлого олж байгаа зүйл байхгүй болсон. Миний хувьд эдийн засаг улам хүндэрч байна. Сайн эдийн засаг, сайхан цаг ирэхээр бид нар эргээд энэ чиглэлээр хамтраад ажиллана. 12,000,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгийн хооронд эвлэрээд зохицоод явах боломж байна уу? Хоёулаа ер нь 14,000,000 төгрөгийг сарын хугацаанд тодорхой хэмжээний бэлэн мөнгө болон үлдсэнийг нь адуу мал оролцуулаад бартераар тохиролцох саналыг тавьж байна” гэв.
Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Ш.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрвөл эвлэрье гэсэн санал тавьсан боловч хариуцагч зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ хариуцагчийн саналын дагуу 14,000,000 төгрөг дээр тохиролцох боломжтой. Хариуцагчийн 14,000,000 төгрөгийг нэг сарын хугацаанд төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч, 24,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч ОИТ ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явагдсан иргэний хэргийн шүүх хуралдаан үеэр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 24,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно” гэж зааса.
Энэ тохиодолд зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс зохигчдын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-с 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОИТ ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч ОИТ ХХК холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 24,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, хариуцагч ОИТ ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-с 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОИТ ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОИТ ХХК нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА