Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00341

 

      

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Ц.Угийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ц.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. 1988 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс асрагчаар ажилд орж, 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй 3 жил ажилласан. Мөн тус цэцэрлэгт орсон, гарсан тушаал архивт байхгүй боловч тухайн жилүүдэд цалин авч байсан тодорхойлолт гарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд ажилд орсон, гарсан тушаалгүй учир шүүхэд хандаж байна. Иймд миний Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан Б.Э, Ж.Б нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаартай албан бичиг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 404 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Ж.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Эийн 313969 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Угийн ХААТР-15 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

Ц.Угийн хүсэлтээр Ж.Б, Б.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Ц.Угийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.   

2. Ц.У нь шүүхэд хандаж 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ц.Угийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.У нь 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ц.У нь 1988 онд арван жилийн сургууль төгсөөд 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан боловч тухайн үеийн ажилд орсон болон ажлаас гарсан тушаал аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасагт хадгалагдаагүй байна.

3.2. Ийнхүү ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Ц.Угийн Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажилласан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн 8 дугаар цэцэрлэгийн 1989-1991 оны тушаалын баримт тус архивт шилжиж ирээгүй тул Ц.Уд холбогдох баримтыг гаргах боломжгүй болно” гэжээ.

Харин тус архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 404  дугаартай цалингийн тодорхойлолтоор Ц.Угийн 1989 оны 3-6 дугаар сар, 9-12 дугаар сар, 1991 оны 01-12 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүслэн байх бөгөөд тус баримтад хүсэлт гаргагч Ц.Уг асрагч ажилтай гэж тэмдэглэсэн байна.

Иймд дээрх баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Уг 1989-1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас түүвэрлэн ирүүлсэн цалингийн баримт нь хүсэлт гаргагч Ц.Уг 1990 оны байдлаар Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан эсэхийг шууд нотлохгүй байгаа боловч хүсэлт гаргагч Ц.У нь 1989 онд тус цэцэрлэгт ажиллаж цалин хөлс авч байсан, 1991 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд тасралтгүй ажиллаж, цалин хөлс авч байсныг шууд нотолж байх тул дээрх баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Уг 1990 оны байдлаар мөн Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан гэж дүгнэлээ.

4.2. Гэрч Б.Э, Ж.Б нар нь хүсэлт гаргагч Ц.Угийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон гэх цаг хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Иймд гэрч Б.Эийн “...Ц.У 1989 онд Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажилд орж байсан. Тухайн үед 8 дугаар цэцэрлэг 34 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, 5 өдрийн бүлэг, 1 хорин дөрвөн цагийн бүлэг байсан ба хорин дөрвөн цагийн бүлэгт Ц.У ажилладаг байсан. Ц.У 1992 он хүртэл Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаад ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Бын “Би 1977 оноос Увс аймгийн 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажилд орж байсан. ...Ц.У 1989 онд Увс аймгийн 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажилд орж байсан. ...Ц.У Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1992 он хүртэл ажилласан” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Уг 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Угийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Уранбат овогт Ц.Угийн 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ц.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА