| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00385/И |
| Дугаар | 129/ШШ2024/00396 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 129/ШШ2024/00396
| 2024 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 129/ШШ2024/00396 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Ж.Ч-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Ч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Ж.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Ч нь 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Т сумын Я нэгдэл мужаанаар орж ажилласан юм. Үүний дараа 1988 оны 06 дугаар сараас Т сумын Ахуй үйлчилгээний салбарт сумын Эрчим хүчний цахилгаанчнаар орж ажилласан. 1990 оны дунд үеэс сумын Эрчим хүчний ажилчид А аймгийн Эрчим хүч хариуцсан байгууллага болох тухайн үеийн Эрчим хүчний үйлдвэрийн харъяанд очиж, Т сумын Эрчим хүчний салбар нэртэй ажилласан. Энэ салбарт 1990 оны дунд үеэс 1995 оныг хүртэл хугацаанд монтёроор ажилласан. Түүний дээрх хугацаанд ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, дээрхи байгууллагуудын ажилласан байдалтай холбоотой тушаал, цалин хөлс бусад баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй байна. Иймд 1988-1995 он хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлттэй. Ийнхүү ажилласан байдлаа тогтоолгох зорилго нь түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Б овогт Ж.Ч-ын А аймгийн Т сумын НААҮ-ний салбар Эрчим хүчний цахилгаанчнаар 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харъяа Т сумын Эрчим хүчний салбарт монтёроор 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ч нь 1984 онд цэргийн албанд татагдаж 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирснээсээ хойш А аймгийн Т сумандаа ажиллаж амьдарсан. Ингээд уурын зууханд цахилгаанчнаар ажилд орж байсан. Тухайн үедээ хий гэсэн бүх ажлыг нь хийдэг байсан гэж ярьдаг. 1988 оны дундаас буюу 06 дугаар сараас нэгдлийн мэдэлд байсан уурын зуух нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын харьяа болсон байдаг. Тус газарт ажиллаж байгаад 1990 оны дунд үеэс уурын зуух, цахилгаан эрчим хүчний салбарууд нэгдэж Т сумын Засаг даргын Тамгын газрын харьяа болж. Үүнээс үүдэн А аймгийн эрчим хүчний харьяа Т сумын Эрчим хүчний салбар гэсэн нэртэй болсон. Үүнд Ж.Ч 1995 он хүртэл монтёроор ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ хаяж гээгдүүлсэн. Ж.Ч саяхан эхнэр нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох үед хөдөлмөрийн дэвтэр нь байсан бөгөөд үүнээс хойш дэвтрээ олоогүй, хаяж гээгдүүлсэн гэсэн тайлбар өгдөг. Иймд түүний 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд болон А аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харьяа Т сумын Эрчим хүчний салбарт цахилгаанчин монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хүсэлт гаргагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Цэргээс халагдаж ирээд 2002 он хүртэл тасралтгүй ажилласан. 1987 оны ХААТР маягтад түүнийг барилгачин хэмээн бүртгэсэн байдаг. Энэ талаар тайлбар хэлэхэд тухайн үед уурын зуух, барилга ч гэлтгүй хий гэсэн ажлыг нь хийдэг байсан. Түр хугацаанд хавсарч ажиллаж байх үед ингэж бүртгэсэн байх гэж өөрөө хэлдэг. Хүсэлтийг бүхэлд нь дэмжиж байгаа гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10748 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Ж.Ч БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар А аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 576599 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 344 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Цахилгаан шугам сүлжээний салбарын 1989-2002 онуудын баримтыг шүүн үзэхэд Ж.Ч-ын Т суман дахь цахилгаан шугам сүлжээнд ажиллаж байсан ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Т сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Сумын хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай 15 дугаартай захирамжид 1. Албан газар байгууллагын санал, ажлын тодорхойлолтыг үндэслэн сумын 1993 оны ажил мэргэжлийн аваргаар ... в. Эрчим хүчний салбарын монтёр Ж.Ч, ... нарыг шалгаруулсугай, 2. ... Ж.Ч нарыг тус бүр 1000 төгрөгөөр ... тус тус шагнасугай, 3. Шагналд зарцуулсан зүйлийг зарлага болгохыг ахлах ня-бо З.Х-д даалгасугай гэсэн,
- А аймгийн Т сумын Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 19 тоот захирамжид 1. Тус сумын эрчим хүчний салбарын монтёр ... Ж овогтой Ч нарын 2000 оны ээлжийн амралтыг 2000 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус олгосугай, 2. ... Ж.Ч нарын ээлжийн амралтыг үндсэн 15 өдөр, нэмэгдэл 5 өдөр, бүгд 20 өдрөөр тооцож амралтын мөнгийг тус тус олгохыг тамгын газрын ахлах ня-бо З.Х-д зөвшөөрсүгэй гэсэн,
- А аймгийн Т сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд томилох тухай 49 тоот захирамжид 1. ... Ж овогтой Ч нарыг 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сумын ЗДТГ-ын галч, сахиулаар тус тус томилон ажиллуулсугай, 2. ... Ж.Ч нарыг томилогдсон өдрөөс нь эхлэн 24750 төгрөгөөр цалинжуулахыг ахлах ня-бо З.Х-д зөвшөөрсүгэй гэсэн,
- А аймгийн Т сумын Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажилд томилох тухай” 56 тоот захирамжид 1. ... Ж овогтой Ч нарыг 2002 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн сумын ЗДТГ-ын галч, сахиулаар тус тус томилон ажиллуулсугай, 2. ... Ж.Ч нарыг томилогдсон өдрөөс нь эхлэн 27225 төгрөгөөр цалинжуулахыг ахлах ня-бо З.Х-д зөвшөөрсүгэй гэсэн,
- А аймгийн Т сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 12 тоот захирамжид 1. Тамгын газрын галч ажилтай ... Ж овогтой Ч нарыг 2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй, 2. ... Ж.Ч нартай холбогдох тооцоог 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хийж дуусгахыг нягтлан бодогч З.Х-д үүрэг болгосугай гэсэн,
- А аймгийн Т сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай 58 дугаартай захирамжид 1. ... Ж овогтой Ч нарыг 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сумын Засаг даргын тамгын газрын галч, сахиулаар тус тус томилон ажиллуулсугай, 2. ... Ж.Ч нарыг томилогдсон өдрөөс нь эхлэн цалинжуулахыг ахлах нягтлан бодогч З.Х-д зөвшөөрсүгэй гэсэн,
2.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Д.Э-гийн шүүхэд өгсөн “Би 1985 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчин, оёдолчноор ажиллаж байсан. Ж.Ч бид хоёр 1988 онд гэр бүл болсон. Ж.Ч нь 1988 оноос 1990 оныг хүртэл А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд цахилгаанчнаар, 1990 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Т сумын Эрчим хүчний салбарт монтёроор тус тус ажиллаж байсан. 1990 онд А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв татан буугдаад Ж.Ч нь А аймгийн Т сумын Эрчим хүчний салбар руу шилжиж ажилласан. Ж.Ч нь А аймгийн Т сумын Я нэгдэл барилгачнаар ажиллаж байгаагүй. 1988 оноос А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд цахилгаанчнаар ажиллаж байсан. А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргаар н.С гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв нь оёдол, эсгүүр, зурагчин, хими цэвэрлэгээ, гуталчин, төмөрчин, тоноглолчин зэрэг цехүүдтэй байсан. А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд цахилгаанчнаар н.Б, н.Д, Ж.Ч нар ажиллаж байсан. Ж.Ч нь ажиллаж байх хугацаандаа тэргүүний ажилтан, залуучуудын хөдөлмөрийн хүндэт тэмдэг, байгууллагын аварга цахилгаанчин зэргээр шагнуулж байсан. Би Ж.Ч-тай нэг гэр бүлийн хүмүүс, мөн хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг
- Гэрч И.Д-ны шүүхэд өгсөн “Би 1991 оноос 2001 оныг хүртэл А аймгийн Т сумын Эрчим хүчний салбарт эрхлэгчээр ажиллаж байсан. Ж.Ч нь А аймгийн Т сумын Эрчим хүчний салбарт ажилд орохоосоо өмнө Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд цахилгаанчнаар 1985 оноос эхэлж ажиллаж байсан. 1990 онд А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв хувьчлагдсан. Хувьчлагдаад Дизель станц, уурын зуух хоёр нэгдээд нэг байгууллага болсон. 1990-ээд оны үед буцаад уурын зуух Т сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжиж байсан. Ж.Ч нь 1990 оноос 2001 оныг хүртэл А аймгийн Т сумын Эрчим хүчний салбарт монтёроор ажиллаж байсан. А аймгийн Т сумын Эрчим хүчний салбарт дизельчин-3, нягтлангаар 1, монтёроор-1, эрхлэгчээр би ажилладаг байсан. Ж.Чынх дизель станцын хашаанд байдаг байсан. Ж.Ч нь дизель мотор асаадаг, цахилгаанчин ч мөн хамт хийдэг байсан. Ж.Ч нь ажиллаж байх хугацаандаа баярын бичгээр шагнуулж байсан. Ж.Ч-ын эхнэрийг Д.Э гэдэг. Эхнэр нь А аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажилладаг байсан. А аймгийн Т сумын Эрчим хүчний салбар 2001 онд өндөр хүчдэлийн системд холбогдож дизель станц татан буугдсан. Дизель станцад ажиллаж байсан би болон н.Б бид хоёр өндөр хүчдэлийн системд ажилтнаар орсон. Ж.Ч нь орон тооны цомхотголд орж ажилгүй болж байсан. Би Ж.Ч-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/537 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Ж.Ч нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно. Т суманд үйл ажиллагаа явуулж байсан Эрчим хүчний салбар нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно гэсэн,
- Ж.Ч-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Я нэгдэлд барилгачин, 1988 он ажиллаж эхэлсэн он 1988.11.16”,
- Ж.Ч-ын хаягийн хуудсанд “10 жилийн сурагч, 1981.11.23”,
- Ж.Ч-ын гэрлэсний ХААТР-15 маягтад “АҮ төвд, цахилгаанчин-1989.12.19” гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 03-02/3697 тоот лавлагаанд: А аймгийн Т суманд оршин суух Ж.Ч, тэргүүлэгч өөрөө, 31 настай, эрэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Т суманд оршин суух Ж.Ч, эгч/ах/дүү, 24 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-ахуй үйлчилгээнд цахилгаанчин ... ” гэсэн,
- Ж.Ч-ын цэргийн албанд тэнцэгчдийн анкетад “Ж.Ч, 1964 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, нэгдэлчин, халх, Т сум, 1984 оноос галч, ам бүл 3, ээж Б, ах Х” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Ч-ын А аймгийн Т сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгаанчнаар, А аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харъяа Т сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл монтёроор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10748 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 344 дугаар тодорхойлолт,
- А аймгийн Т сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Сумын хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай 15 дугаартай захирамж,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/537 тоот тодорхойлолт,
- Ж.Ч-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Ж.Ч-ын гэрлэсний ХААТР-15 маягт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 03-02/3697 тоот лавлагаа/ хавсарган ирүүлсэн баримт,
- Ж.Ч-ын цэргийн албанд тэнцэгчдийн анкет,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Э, И.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ж.Ч нь А аймгийн Т сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгаанчнаар, А аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харъяа Т сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл монтёроор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ж.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Ж.Ч-ын А аймгийн Т сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгаанчнаар, А аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харъяа Т сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН