Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

                                       *******д холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч *******

Шүүгдэгч өмгөөлөгч Р.Баярхүү

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл  нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШТ/43 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор шүүгдэгч *******д  холбогдох 2131000000243 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Сэнгээгийн Баярхүү, Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, а*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, /РД: *******/

-Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 283 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р баг 1-р хэсэг 199 тоот гэртээ *******, *******, ******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар *******ын хэвлийн болон нуруун тус газарт нь хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Мөн *******тай маргалдан цээжний зүүн талын хавирган тус газарт хутгалж хөнгөн гэмтэл учруулсан, тухайн үйлдлийг таслан зогсоох гэсэн *******ийн цээжний зүүн ар далны доод хэсэгт хутгалж хөнгөн гэмтэл тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт Сэнгээгийн Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 /тав/ жил, 5/тав/ сарын хугацаагаар биечлэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт сэжигтнээр баривчлагдсан, яллагдагчаар цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын Газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах журмаар гарсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******ыг эмнэлэгт үзүүлж, эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Бусад хохирогчоос уучлал гуйсан. Миний бие одоо 52 настай бөгөөд 13-30 насны 3 охин хүүхэдтэй. Дунд охин минь Батлан хамгаалах их сургуулийн төгсөх курсийн оюутан, бага охин минь 7 дугаар ангийн сурагч Баянгол суманд дүүгийнд амьдардаг. Эхнэр минь хүнд өвчний улмаас 2018 онд нас барсан. Одоо бага охиндоо санаа зовж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгах тухай давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг дэмжиж оролцож байна. *******гийн хувьд 52 настай, өрх толгойлсон ганц бие эцэг юм. Хохирогч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хор уршиг бүрэн арилсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар дүгнэлтэндээ:

“... Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөхгүй, болгоомжгүйгээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мэтээр тайлбарладаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг авч үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нэг цаг хугацаанд 3 хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулсан. Ингэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох 2131000000243 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгчийн зүгээс гаргасан “...Анхан шатны шүүх хурал дээр шүүгч нарт өөрийгөө болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн мэтээр ярьж буруу ойлгуулсандаа харамсаж байна. Би санаатай хүмүүсийг хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр маань 2018 онд нас барсан, 3 охинтой. Надад оногдуулсан ялаас багасгаж өгнө үү. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, ялаа эдэлж гарч ирээд, ажил төрөл хийж 2 охиныхоо төлөө амьдрах болно...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм бурууг хэлэлцэж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р баг 1-р хэсэг 199 тоот гэртээ *******, *******, ******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар *******ын хэвлийн болон нуруун тус газарт нь хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол, Мөн *******тай маргалдан цээжний зүүн талын хавирган тус газарт хутгалж хөнгөн хохирол, тухайн үйлдлийг таслан зогсоох гэсэн *******ийн цээжний зүүн ар далны доод хэсэгт хутгалж хөнгөн хохирол тус тус учруулж, *******т хүнд хохирол санаатай учруулсан, *******, ******* нарын хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Үүнд: 1.Хохирогч *******ийн “...Баярхүү ах боль гэж хэлээд түлхээд гэрээс нь гарч зугтаахаар эргээд ухас хийх үед миний зүүн суганы доор хавьцаа хүрэх шиг болсон. Тэгээд би гэрээс нь гараад гэр лүүгээ гүйсэн. Гүйж байхад Баярхүү ахын хүрсэн газраас цус гарч байгаа гэмээр нойт оргиод байсан...” гэх /хх-ийн 22-23/,

2.Хохирогч *******ын “...Та одоо унт гээд түүнийг тэврээд авахын зуур тэр миний зүүн суганы доор хувьцаа хутгалчих шиг болсон..” гэх /хх-ийн 26-27/,

3.Хохирогч *******ын “...Баярхүү ах *******ыг дахиад хутгалах гээд байхаар нь би тэр 2-ын голоор орж та болиоч ээ гэж хэлээд түүний 2 мөрөн дээрээс бариад авахад тэр “..зүгээр холд чамд хамаагүй, чамайг хутгалчихна шүү” гэж хэлээд миний гэдэсний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалахад нь би түүний гарыг хоёр гараараа бариад ноцолдож байхад зүүн талын далны доор хутгалагдах шиг болсон...” гэх /хх-ийн 31-33/,

4.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 442, 444, 446 тоот дүгнэлтүүд /хх-ийн 50-53, 58-61, 66-69/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч *******гийн үйлдлүүдийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан гэж дүгнэж, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хорих ялын доод хэмжээ болох 05 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан 05 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 01 хоногтой дүйцүүлж 05 сарын хорих ялыг 05 жилийн хорих ял дээр нэмж, шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялын хэмжээг 05 жил 05 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ хамтран архи согтууруулах ундаа хэрэглэсэн *******, *******, ******* нарын эрх чөлөөнд санаатай халдаж, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн *******ын биед учрах үедээ амь насанд нь аюултай хүнд хохирол, *******, ******* нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээж оролцоогүй тул түүнд оногдуулах ял шийтгэлийг хуульд заасан хэмжээнээс доош татаж оногдуулах боломжгүй.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан  байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ