Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00342

 

                       

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Х.Б-ийн,

П.Штэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

Гуравдагч этгээд П.Шд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1974 онд төрсөн, 50 настай. Би 2001 онд П.Штэй танилцаж, 2002 оны 01 дүгээр сард би 1 хүүхэдтэй, нөхөр П.Ш 3 хүүхэдтэй нийлж хамтын амьдралаа эхлүүлсэн. Амьдарч байх хугацаандаа мал маллаж 2010 онд аймгийн аварга малчин болж, амьдралын шаардлагаар мал маллаж үр хүүхдээ өсгөж завгүй амьдарч байсан. Бидний дундаас 2004 онд Н.Уянга төрж, сум орон нутаг бие биенээ мэддэг учраас гэрлэлтээ батлуулалгүй 2020 онд гэрлэлтээ батлуулсан. Одоо миний тэтгэврийн нас болж бичиг баримтаа бүрдүүлж, малчнаар тооцуулах болсон тул нөхөр П.Штэй 2002 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Бидний хамтын амьдралтай байсныг мэдэх П.Нотоо, Д.Хөхөө нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Ш нь нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2001 оноос одоог хүртэл Х.Бтэй хамтран амьдарч байгаа. П.Ш миний бие 3 хүүхэдтэй, Х.Б нэг хүүхэдтэй нийлж хамтран амьдарсан. Бидний дундаас нэг хүүхэд төрж, 5 хүүхэдтэй амьдарч ирсэн. 2001 оноос одоо хүртэл мал маллаж ирсэн. Малчин сумын 3 дугаар бригадын харьяат бөгөөд 2012 онд аймгийн сайн малчин, манлай малчин болж байсан” гэжээ.

Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай тодорхойлолт, Иргэний улсын бүртгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт,  П.Ш, Х.Б нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шаранхүүгийн Уянгын төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийн хуудас, П.Нотоогийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Хөхөөгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр П.Шг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр, П.Нотоо, З.Хөхөө нарыг гэрчээр оролцуулж, З.Хөхөөгөөс гэрчийн мэдүүлэг авав.

Хүсэлт гаргагч Х.Б нь П.Нотоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтээс татгалзсан байна.

Шүүхийн журмаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас П.Шгийн 2000, 2002-2004 оны малын А дансны лавлагааг нотлох баримтаар гаргуулав. 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Х.Б нь шүүхэд хандаж 2002 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд П.Штэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Х.Бийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Х.Б нь П.Штэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. 2001 онд П.Штэй танилцаж, 2002 оны 01 дүгээр сараас хамт амьдарч эхэлсэн. Хамтын амьдралтай байх хугацаанд 2004 онд охин Г.Уянга төрсөн. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх явцад Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийн хуудсаар “П.Ш, Х.Б нар нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан байх тул 2020 оноос өмнөх жилийг нөхрийн нэр дээрх малын А дансар нотлон өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэх хариуг өгсөн. Иймд шүүхийн журмаар нөхөр П.Штэй 2002 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Х.Б нь 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Малчин суманд охин Уянгыг төрүүлсэн байх бөгөөд хүүхдийн төрсний гэрчилгээний эцгийн нэр хэсэгт Харагчууд овогт Пүрэвийн Шаранхүү, эхийн нэр хэсэгт Тайж овогт Хумбаагийн Батхишиг гэж бүртгэжээ.

Улмаар Х.Б, П.Ш нар нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 8522000010 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Х.Б, П.Ш нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

4.2. Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай тодорхойлолтоор “Хумбаа овогтой Батхишиг нь Пүрэв овогтой Шаранхүүтэй гэр бүл болж, Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багт 2002 оноос одоо хүртэл нөхөр, таван хүүхдийн хамт мал маллаж амьдардаг нь үнэн болно” гэжээ.

4.3. Гэрч З.Хөхөө шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Х.Б, П.Ш нар 2001 онд Увс аймгийн Малчин суманд хамтран амьдарч эхэлсэн. Х.Б нэг хүүхэдтэй, П.Ш 3 хүүхэдтэй нийлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2004 онд нэг охин төрсөн. Одоог хүртэл Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багт мал маллаж амьдардаг” гэжээ.

Гэрч З.Хөхөөгийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Иймд гэрч нарын мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн Х.Бийг 2002 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл П.Штэй хамтын амьдралтай байсныг тогтоов.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Тайж овогт Х.Бийг Харагчид овогт П.Штэй 2002 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА