Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2024/00344

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Цгийн,

Хариуцагч: УАӨсСТд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 2,310,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл,

Хариуцагч УАӨсСТийн дарга К.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн тэгээд анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 252 дугаар захирамжаар ӨсСТийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б01 тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай захирамж гарсан билээ. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэдэг тогтоогдсон. Иймээс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин 2,310,000 төгрөг гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Ц нь УАӨсСТд бүжгийн багшаар ажиллаж байгаад 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад тухайн шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 252 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А\09 дугаартай ӨсСТийн эрхлэгчийн тушаалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон байгаа юм. Тэгэхээр 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр томилогдож байгаа учраас тухайн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч УАӨсСТийн дарга К.Г шүүхэд тайлбартаа: “Өмнө нь орсон шүүх хурлын шийдвэрийн дагуу Ч.Цг ажилд буцаан эргүүлж томилохдоо ачааллыг дааж ажиллаж чадах уу гэдгийг шүүхийн шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын өмнө асууж лавлаж байж ажилд нь буцааж авахаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд Ч.Цг ажилд авсан юм. Ч.Ц нь ажиллаж байх хугацаандаа учир дутагдалтай ажилладаг, хийсэн ажилдаа санаачилга гаргаж ажиллахгүй. Өөрийн өвчтэй зовлонтой янз бүрийн асуудал хүнд тааралгүй яах вэ, түүнийгээ тайлбарлаж хэлэхгүй байгаад нь сэтгэл дундуур байгаа юм. Мөн энэ хүний тавьсан шаардлагыг биелүүлэхэд манай соёлын төвийн санхүүгийн асуудал учир дутагдалтай, бага байдаг учраас биелүүлэхэд их хэцүү байгаа тул нэхэмжлэгчтэй тохиролцоод 50%-иар багасгаж өгнө үү. Үлдсэн хугацаанд нь бага багаар 3, 4 сараар хуваагаад төлөөд өгье гэдгийг ярилцаж тохиролцъё гэж бодоод Ч.Ц рүү залгахаар утсаа авахгүй, ажил дээрээ ирэх болов уу гэж хүлээсэн ч ажилдаа ирэхгүй байгаа” гэв.

Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, УАӨсСТийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1 дугаартай тушаалын хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/09 дугаартай тушаалын хуулбар, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.  

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ч.Ц нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх санал гаргасан. Харин хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан гаргах санал, тайлбаргүй гэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

3. Нэхэмжлэгч Ч.Ц нь УАӨсСТд холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 2,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Нэхэмжлэгч Ч.Цгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг УАӨсСТийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар өмнө эрхэлж байсан ажилд буцаан томилсон.

Иймд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,310,000 төгрөг гаргуулах эрхтэй гэв. 

4. Хариуцагч УАӨсСТийн дарга К.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

4.1. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг УАӨсСТийн даргаар ажиллаж байсан Ө.Ундармаа гэх хүн гаргасан бөгөөд миний бие шүүхийн шийдвэр биелүүлж, ажилд нь томилсон. Иймд буруутай шийдвэр гаргасан Ө.Ундармаагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах нь зүйтэй.

4.2. Манай байгууллага төсөв санхүү багатай учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх мөнгө манай байгууллагын төсөвт байхгүй гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч Ч.Ц нь УАӨсСТд бүжгийн багшаар ажиллаж байсан ба тус соёлын төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тус соёлын төвийн даргын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар сэргээжээ.

Нэхэмжлэгч Ч.Цгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрт гаргасан гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч УАӨсСТийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээсэн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу хариуцагч УАӨсСТөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу олговрыг шаардах эрхтэй.

5.2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл, нэхэмжлэгч Ч.Ц ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх сүүлийн 3 сар буюу 2024 оны 3 дугаар сард 1,134,300 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 1,334,155 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 1,273,650 төгрөгийн цалин хөлс авч байжээ.

Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон УАӨсСТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/09 дугаар тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ, бүрэлдэхүүнийг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн үндсэн цалин 1,334,000 төгрөг, нэмэгдэл 10 хувь байна.

Хариуцагч УАӨсСТийн дарга К.Гоос тус соёлын төв нь ажилтнууддаа хоолны болон унааны үнийн хөнгөлөлт олгодог эсэх талаар тодруулахад манай байгууллага аливаа хөнгөлөлт олгодоггүй гэх тайлбар гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дахь заалтад заасан ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй олговор, хөнгөлөлт байхгүй гэж дүгнэлээ.

6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцох журмын 2.3 дахь заалт, 2.3.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг түүний 2024 оны 01, 02, 3 дугаар саруудын цалин хөлсөөр тооцоолбол,

(1,334,300+1,134,155+1,273,650)/3=1,247,368.333 төгрөг байна.

Харин дээрх журмын 2.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоолбол, нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сард ажлын 22 өдөр, 2024 оны 02 дугаар сард ажлын 20 өдөр, 2024 оны 3 дугаар сард ажлын 20 өдөр тус тус ажилласан байх тул түүний ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс (1,334,300+1,134,155+1,273,650)/62=60,357 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажлын 11 өдөрт 11х60,357=663,922 төгрөг,

2024 оны 5 дугаар сард 1,247,368 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 5 өдөрт 5х60,357=301,783 төгрөг, нийт 2,213,073 төгрөгийг хариуцагч УАӨсСТөөс шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,213,073 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,927 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 7. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УАӨсСТ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Цгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй.

8. Нэхэмжлэгч Ч.Цгийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,213,073 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАӨсСТөөс улсын тэмдэгтийн хураамж 50,359 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАӨсСТөөс 2,213,073 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,927 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УАӨсСТд даалгасугай.

3. Нэхэмжлэгч Ч.Цгийн нэхэмжлэл нь  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАӨсСТөөс улсын тэмдэгтийн хураамж 50,359 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА