Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-9, аав, ээж, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.А

Шүүгдэгч Б.А нь О.О зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамаатны дүү Б хамт гэртээ харих гээд түүний сургууль  дээр очоод хүлээж байхад Б ангийнхаа Б хамт гарч ирээд ангийн О гэдэг хүүхэд дарамтлаад байна. Ангиар чинь ална гэж сүрдүүлсэн, тараад байж бай гэж байна гэж надад тэр 2 хэлсэн. Бид 3 сургуулиас нь гараад явж байтал сургуулийн гадаа О таараад Батбаярыг дуудаад заамдаж авсан. О намайг доромжилоод ахаараа алуулна гээд байхаар нь О нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Зүүн нүд шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон. О уучлалт гуйх гээд араас нь очиход миний цохисон зүүн нүд хэсэг газар хөхөрчихсөн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

-Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сургуулиасаа гараад явж байтал миний араас манай сургуульд сурдаг Б гэдэг хүүхэд намайг дуудсан ирээд заамдсан, тэгээд би ахыгаа дуудна гэж хэлэхэд намайг тавьсан. Тэгээд цаашаа явж байтал Батхаан дэгээдэж унагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөөд баруун гараараа толгой руу цохиод байсан.Нэг өвөө ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд цаашаа явж байтал нэг шар үстэй танихгүй банди ирээд зүүн нүд рүү цохичихоод яваад өгсөн. Миний толгой эрүү, хавдсан, зүүн талын нүд хавдаж улайсан байгаа. Зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт зэрэг гэмтлийг А зүүн нүд рүү цохиж үүсгэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нүд эдгэрээд зүгээр болчихсон. Б.А хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/

-Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би явж байгаад О уучлалт гуйх гээд араас нь очиж байтал шар үстэй банди очоод нүүр рүү нь цохисон, цохиход нь хойшоогоо саваад унасан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/

-Насанд хүрээгүй гэрч Р.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: А ах куртикээ надад өгөөд О рүү гүйж очиж байсан. Би цохиж байхыг нь хараагүй, О газар уначихсан байсан. А ах нэг удаа алгадсан гэж надад ярьсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/

-Гэрч Р.Б мөрдөн бацаалтын шатанд өгсөн: Шар үстэй А гэдэг банди гадуур хувцасаа тайлаад О рүү гүйж очоод нүүрэн тус газар нь нэг удаа цохичихоод яваад өгсөн. Би О дээр очиход зүүн талын нүд нь хавдаж улайсан байсан гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дугаартай шинжээчийн: О.О биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хүзүүнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь 2 удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна. Зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүүнд зөөлөн эдэд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хх-ийн 24 ху/,

-Б.А  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-34 ху/

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр О.О-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.О... Зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, салстад цус  харвалт зэрэг гэмтлийг Амарсанаа зүүн нүд рүү цохиж үүсгэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/, гэрч Ц.Б /хх 17ху/, Р.Б /хх 18 ху/ нарын мэдүүлэг,  хохирогчийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хүзүүнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт үүссэнийг тогтоосон 954 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч О.О нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нүд эдгэрээд зүгээр болчихсон. Б.А хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг авсан, шүүх хуралд суухгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.