Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/34

 

                                             *******т холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч *******

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл шийдвэрлэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2131003540018 дугаартай, 175/2022/0055/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

*******, Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа, ******* багт оршин суух хаягтай, /РД:*******/,

-Урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтаан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багт байх өөрийн гэртээ эхнэр А.Отгонжаргалыг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж улмаар зүүн гар луу нь төмрөөр цохиж зүүн шуу ясны зөрөөгүй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч   *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

  Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 охинтой. Охид минь Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолборт суралцдаг бөгөөд дотуур байранд байрладаг. Шүүхийн хэлэлцүүлэгт миний хувийн байдлыг ганцаараа амьдардаг гэж танилцуулсан боловч би амралтын өдрүүдээр Дарханаас очиж хүүхдүүдээ авдаг. Тиймээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаар Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарласан тул давж заалдах гомдол гаргасан юм. Охидын минь ээжийнх нь эрүүл мэнд муу байгаа бөгөөд бид гэр бүлээ цуцлуулахаар маргаантай байгаа. Хүүхдүүд минь ээжтэйгээ байх дургүй. Надтай байхыг хүсдэг гэв.

               Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцоод шүүгдэгчийн хувийн байдалд торгох ял оногдуулах нь зүйтэй  гэсэн саналыг гаргасан. Анхан шатны шүүхийн зүгээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо дурьдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгтэй адилтган үзэж дүгнэлт хийсэн гэж тайлбарлаж байна. Ийм дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийгээгүй. Шүүгдэгч бага насны 3 хүүхэдтэй. Энэ талаар хавтаст хэрэгт хэдийгээр авагдаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанд хохирогч биечлэн оролцож, гэр

бүл цуцлах талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа асуудлаа шийдвэрлүүлнэ гэх тайлбарыг гаргасан. Уг тайлбартаа 3 охины дунд охин нь над дээр байдаг, бага болон том охин нь аав дээрээ ирж очин байдаг гэж мэдүүлдэг.  Иймд 58 дугаартай шийтгэх тогтоол нь бага насны хүүхдүүдийн эрх ашгийг зөрчих нөхцөл байдал үүсч болзошгүй тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд улсын яллагчийн гаргасан ялын саналыг харгалзан үзнэ үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох 2131003540018  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 ******* нь дээрхи гэмт гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Отгонжаргал /хх-ийн 18-19-р ху/,гэрч ******* /хх-ийн 21-22-р ху/, ******* /хх-ийн 24-26-р ху/,******* /хх-ийн 28-р ху/,******* /хх-ийн 37-р ху/,******* /хх-ийн 33-р ху/, /хх-ийн 35-р ху/, /хх-ийн 36-р ху/, /хх-ийн 39-р ху/, /хх-ийн 41-42-р ху/  нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22 ны өдрийн №435 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 59-60, 71, 124-141-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.

 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, улсын яллагчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шинжлэн судлахад шүүхийн хэлэлцүүлэг дууссны дараа улсын яллагч  дүгнэлтэндээ “...*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах, уг оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх....” санал гаргажээ.

Гэтэл анхан  шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт ямар үндэслэл, шалтгаанаар прокурорын дүгнэлтээр санал болгосон торгуулийн ялаас өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг *******т  оногдуулж байгаа талаар тодорхой эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол  Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл болж байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тогтоох” хэсэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг заалгүй орхигдуулсан зөрчил гаргасан бөгөөд  цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй  байхад анхаарах шаардлагатай байна.

Иймд шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлтээр санал болгосон ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4-д  зааснаар уг оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн зохих заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2,3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.

Үүнд.

2 дугаар заалтыг .

       “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600.000 төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг

       “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай”  гэж тус тус өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ