| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00363/и |
| Дугаар | 152/ШШ2024/00346 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00346
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: МК ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Тод холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,696,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22866023 тоот гэрээ байгуулан 94903222 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Iphone 13 256gb, Starlight утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 7 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,329,296 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 367,233 төгрөг буюу нийт 1,696,530 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие МК ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,696,530 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 9 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 28-ны өдөр 424,133 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цийн гаргасан хүсэлттэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц нь МК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,696,530 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 28-ны өдөр 424,133 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, МК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Тод холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,696,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Ц.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,095 төгрөгийн тал хувь болох 24,547.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,547.5 төгрөгийг, хариуцагч Ц.Тоос 24,547.5 төгрөгийг тус тус гаргуулж, “МК” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,696,530 төгрөгийг хариуцагч Ц.Т 2024 оны 9 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 28-ны өдөр 424,133 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,095 төгрөгийн тал хувь болох 24,547.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,547.5 төгрөгийг, хариуцагч Ц.Тоос 24,547.5 төгрөгийг гаргуулж, “МК” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА