| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00380/и |
| Дугаар | 152/ШШ2024/00347 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 152/ШШ2024/00347
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С.Бийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Би 1964 онд төрсөн, 60 настай. 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ний өдрүүдэд цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс өрөгч /өрлөгчин/-өөр ажилд орж, барилгын мужаанаар ажиллаж байгаад 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Барилга угсралтын трест татан буугдахад ажлаас чөлөөлөгдсөн. Намайг Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох 1986 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 154 дүгээр түр барилгачнаар ажилд томилсон тушаал, 1987-1990 оны цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1985-1991 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд Барилга угсралтын трестэд 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өрлөгч, барилгачин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан О.Бадамханд, П.Даваасүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 104 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх аривын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, С.Бий 422817 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймаг дахь Алтан гадаст одонт барилга трестийн даргын 1986 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай тушаалын хуулбар, гэрч О.Бадамхандын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч О.Бадамхандын 080158 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, П.Даваасүрэнг ажлаас чөлөөлсөн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар, Увс аймаг дахь алтан гадаст одон барилга трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаартай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн
Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас С.Бд холбогдох тооллогын хуудас, Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс С.Бийн хаягийн хуудас-7, ХААТР-15 маягтыг тус тус нотлох баримтаар гаргуулав.
С.Бийн хүсэлтээр П.Даваасүрэн, О.Бадамханд нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс С.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. С.Б нь шүүхэд хандаж Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс өрөгч /өрлөгчин/-өөр ажилд орж, барилгын мужаанаар ажиллаж байгаад 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачин, мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Бийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч С.Б нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс өрөгч /өрлөгчин/-өөр ажилд орж, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачин, мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. С.Б нь цэргийн алба хааж ирээд 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Барилга трестэд өрлөгчин, барилгачнаар ажилд орж, 1991 онд татан буугдах хүртэл хугацаанд ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд 1985 оны 01 дүгээр сард ажилд орсныг нотлох тушаал байгаа боловч 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөнийг нотлох баримт байхгүй байна.
3.2. Дээрх үндэслэлээр Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 104 дугаартай зөвлөмжийн хуудсаар 1985-1991 оны хооронд Увс аймгийн Барилга трестэд ажилласан хугацааг ажилласан жилд тооцох боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хэрэгт авагдсан Улсын барилга хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаартай” Тушаал нөхөн сэргээх тухай” тушаалаар “...ажилчин С.Б нь 1985 оны 01 дүгээрс арын 19-ний өдрөөс өрөгчөөр орж ажилласан нь тухайн үед хамт ажиллаж байсан, одоо 2-р бригадад ажиллаж байгаа ажилчин Ч.Бямбажав, А.Оюунчимэг нарын тодорхойлолт, өөрийн өргөдлөөр нотлогдож байна гэж тэмдэглэснийг үндэслэн Сүхээ овогтой Бум-Эрдэнийг 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс өрөгч-угсрагчаар ажиллаж эхэлсэнд тооцсугай” гэжээ.
Улмаар Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1986 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай тушаалаар С.Бийг 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус трестийн нэгдсэн 2 дугаар бригадад түр барилгачнаар томилж ажиллуулжээ.
Дээрх баримтууд нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд С.Бийг 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаартай цалингийн тодорхойлолтоор С.Бийн 1987-1990 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж, цалин хөлс авч байсныг нотлох цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ. Дээрх цалингийн баримтаар хүсэлт гаргагч С.Б нь 1987 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд тасралтгүй Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
4.3. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан С.Бийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд тус анкетад түүнийг Барилга угсралтын трестэд өрлөгчин ажилтай гэж тэмдэглэжээ.
Мөн Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас нотлох баримтаар гаргуулсан “Өрхийн хуудас”-т С.Бийг Барилга угсралтын трестэд нормчин ажилтай гэж тэмдэглэжээ.
Дээрх баримтууд нь хүсэлт гаргагч С.Б 1989 оны байдлаар Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчин, нормчноор ажиллаж байсан үйл баримтыг сэргээн тогтооход хамааралтай бөгөөд нотолгооны ач холбогдолтой байна.
4.4. Гэрч О.Бадамханд нь 1987 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачин, нормчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний 080158 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Иймд гэрч О.Бадамхандын “...Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн хоёрдугаар бригадад ажилд ороход С.Б Барилга угсралтын трестийн хоёрдугаар бригадад мужаан, өрлөгчнөөр ажилладаг байсан....С.Б Увс аймгийн Барилга угсралтын трестийн хоёрдугаар бригадад 1991 он хүртэл ажилласан” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Харин гэрч П.Даваасүрэн нь 1985-1991 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул гэрч П.Даваасүрэнгийн мэдүүлэг нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна.
Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч С.Бийн 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Шүүхээс хүсэлт гаргагч С.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Шорнууд овогт С.Бийн 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА