Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2024/00348

 

                       

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.Згийн,

Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 оны 5 дугаар сарын 19-ны өдөр төрсөн бөгөөд одоо нас өндөр болж тэтгэвэрт гарах болсон тул шүүхэд хандах шаардлагатай болж байна. Би 1985-1988 онуудад цэргийн алба хааж ирснээс хойш Улаангом сумын барилга трестэд тасралтгүй ажиллаж байсан. Одоо 1985-1988 онуудад цэргийн алба хаасан байдлыг маань архивд лавлагаа болгон бусад баримтыг үндэслэн батлан тогтоож өгнө үү. Надтай хамт цэргийн алба хаасан Олчигдой овогтой Хишгээг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.З шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Згийн төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дугаартай зөвлөмжийн хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 08/1008 дугаартай лавлагаа, гэрч О.Хишгээгийн иргэний үнэмлэхийн хуулбар, О.Хишгээгийн 546845 дугаартай цэргийн батлахын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр О.Хишгээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Згийн ХААТР-1 маягт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас О.Хишгээгийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа, Б.Згийн цэргийн алба хаасан эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

  1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Б.З нь шүүхэд хандаж 1985-1988 оны хооронд Хилийн ба дотоодын цэргийн 0119 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Б.Згийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Б.З нь 1985-1988 оны хооронд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Б.З нь 1967 онд төрсөн ба 1985 онд 18 нас хүрээд цэргийн албанд татагдаж, Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 ангид цэргийн алба хааж, хугацаа бүрэн хаасан үндэслэлээр 1988 онд чөлөөлөгдсөн. Гэвч цэргийн алба хаасныг нотлох цэргийн батлахаа үрэгдүүлсэн ба 0119 дүгээр цэргийн ангийн 1988 онд халагдсан цэргийн бүртгэл архивт шилжиж очоогүй тул цэргийн алба хаасан эсэх лавлагаа гаргах боломжгүй гэсэн.

3.2. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Цэргийн батлахаа үрэгдүүлсэн, цэргийн алба хаасан эсэх архивын лавлагаа гараагүй тул уг хугацааны жилийг тэтгэврийн жил дээр нэмэн тооцох боломжгүй” гэх хариуг өгсөн төл шүүхийн журмаар цэргийн алба хаасан болохыг тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 08/1008 дугаартай албан бичгээр “Б.З нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Б.Згийн цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно” гэжээ.

4.2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 762 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн Б.Згийн ХААТР-1 маягтыг 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад түүнийг цэргийн алба хаасан, 1988 оноос Барилга трестэд өрлөгчнөөр ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

4.3. Гэрч О.Хишгээ 1985-1988 оны хооронд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь хэрэгт авагдсан түүний 546845 дугаартай цэргийн батлахын хуулбараар тогтоогдож байх тул түүний “Б.З бид 1985 оны 6 дугаар сард Увс аймгаас цэргийн албанд татагдаж, Баян-Өлгий аймгийн 0161 дүгээр ангид хувиарлагдсан. Баян-Өлгий аймгийн 0161 дүгээр цэргийн ангид 30 хоног болоод Улаанбаатар хот руу 45 цэрэг хувиарлагдан Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангийн 2 дугаар рот, 3 дугаар салаанд би сантехникийн тасагт, харин Б.З барилгын тасагт хувиарлагдсан. Тухайн үед Увс аймгийн Тариалан сумаас нийтдээ 7 цэрэг явснаас Баян-Өлгий аймагт очоод 6 цэрэг Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангид хуваарилагдаж, 1 цэрэг Баян-Өлгий аймгийн 0161 дүгээр цэргийн ангид үлдсэн. Харин Б.З Увс аймгийн Түргэн сумаас цэргийн албанд татагдсан тул 0161 дүгээр ангид анх хувиарлагдаж очиход Б.Зтой танилцсан. Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангид 3 жил 2 сар цэргийн алба хаагаад 1988 оны 8 дугаар сард Б.З бид цэргээс халагдсан. Тухайн үед манай Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангийн Улс төрийн орлогч ахмад н.Аюурсэд, салаан захирагч ахмад н.Мягмаржав, тасгийн дарга ахлах түрүүч н.Заминбек гэх хүмүүс байсан” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Б.Згийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Юүдэн овогт Б.Згийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА