Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2024/00350

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.Эын,

Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн, 58 настай. Тэтгэвэрт гарах гэж бичиг баримтаа бүрдүүлэхэд миний улсад ажилласан жил дутаж байна. Би Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 165 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 184 дүгээр ангид алба хааж, БЦЕ газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Би цэргийн батлах болон тухайн үеийн бичиг баримтаа хаяж үрэгдүүлсэн ба архиваас лавлагаа авахад 1987 онд Барилгын цэргийн бүртгэл тус архивт шилжиж ирээгүй тул шүүхэд цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор хандаж байна. Иймд намайг Барилгын цэргийн ангид 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт цэргийн алба хаасан О.Ю, Д.С нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9705 дугаартай архивын лавлагаа, гэрч О.Юийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 542664 дугаартай цэргийн батлахын хуулбар, Д.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 6116 дугаартай Д.Сгийн цэргийн алба хаасан талаарх лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр О.Ю, Д.Снарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч О.Ю, Д.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Эын ХААТР-1 маягт, ХААТР-15 маягт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн 1983-1990 оны тушаал болон цалингийн баримтаас Б.Эт холбогдох баримтыг нотлох баримтаар, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архиваас Б.Эын цэргийн алба хаасан талаарх лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.Эын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Б.Э нь шүүхэд хандаж 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Барилгын цэргийн 184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Б.Эын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Б.Э нь 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Барилгын цэргийн 184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Б.Э нь 1965 онд төрсөн ба 1984 онд 19 нас хүрээд цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 184 дүгээр ангид цэргийн алба хааж, хугацаа бүрэн хаасан үндэслэлээр 1987 онд цэргийн албанаас халагдсан. Гэвч Барилгын цэргийн 184 дүгээр цэргийн ангийн 1987 онд халагдсан цэргийн бүртгэл архивт шилжиж очоогүй тул цэргийн алба хаасан эсэх лавлагаа гаргах боломжгүй гэсэн. Иймд шүүхийн журмаар цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9705 дугаартай архивын лавлагаа, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 08/564 дүгээр лавлагаагаар “Б.Э нь Увс аймгаас БХЯ-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 184 дүгээр ангид хуваарилагдсан байна. Харин цэргийн албанаас халагдсан тухайд 1987 онд Барилгын цэргийн 184 дүгээр ангиас халагдсан цэргийн бүртгэл тус архивт шилжиж ирээгүй тул цэргийн албанаас хугацаа дуусган халагдсаныг тодорхойлох боломжгүй байна” гэжээ.

4.2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Б.Эын ХААТР-1 маягтад түүнийг 1981 оноос Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд үхэрчин гэж тэмдэглэсэн байх тул Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн 1983-1990 оны тушаалын болон цалингийн баримтаас Б.Эт холбогдох баримтыг шүүлгэсэн.

Тус архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 90 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн 1983-1990 оны тушаал, Улаан-Үзүүр бригадын 1983-1990 оны цалингийн баримтыг судалж үзэхэд Б.Эт холбогдох 1983 оны 01-12 дугаар сар, 1984 оны 01-3 дугаар сар, 1986 оны 01-2 дугаар сарын цалин тус тус гарсан болно. 1983-1990 оны тушаал, 1985, 1987-1990 оны цалингийн баримтаас холбогдох баримт гараагүй болно” гэжээ.

Дээрх баримтаар хүсэлт гаргагч Б.Э нь 1984 оны 6 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

5. Иймд хүсэлт гаргагч Б.Эын 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын цэргийн 184 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Тугтан овогт Б.Эын 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын цэргийн 184 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА