Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/309

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 1738000170127 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Мөрөн сумын ... тоотод О.Н-гийн хашаанд Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Мөрөн сумын ... тоотод О.Н-гийн хашаанд Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...О.Н-гийнд архи уугаад сууж байтал дүү нь гээд нэг залуу босож ирээд унтмаар байна дуугүй бай гээд надтай маргалдсан. Тэгээд бид хоёр бие биенээ гарчих уу гээд байшингаас хоёулаа гарсан. Гадаа гараад тэр залуу миний баруун хөлний өвдөг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би баруун талын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...О.Н- ахынд унтаж байхад хүмүүс дуулаад байхаар нь тэд нарыг ямар гоё дуулдаг хүмүүс вэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь хүн унтаж байна гээд Б.О гэдэг залуутай маргалдсан. Б.О гарчих уу гээд бид хоёр гарсан. Тэгээд байшингийн довжоон дээр сууж байхад миний зүүн талын нүд рүү өшиглөсөн. Би 140.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад Б.Б- согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёр манайд хонож байтал шөнө манай ангийн Б.О, Алтансүх хоёр согтуу орж ирсэн. Б.О, Б.Б- хоёр маргалдаад гарсан. Гаднаас Б.О орж ирэхдээ найз нь танай дүүг цохичихлоо гэхээр нь гараад хартал нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч П.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр О.Н- намайг хөдөө ажлаар явж байхад утсаар Б.Б- Б.От нүдээ цохиулчихлаа одоо яахуу гэж ярьж байсан. Намайг Мөрөнд орж ирэхэд цагдаад мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 405 тоот

1. Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Б-ийн биед шанаанд шарх, зовхи, алимны салстад цус хуралт, хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх шанаанд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхи алимны салстад цус хуралт, хацарт зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 27 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738000170127 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.Б- нь 140.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000170127 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738000170127 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Б- нь 140.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч  Б.Оаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР