Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 25-3 тоот хаягт оршин суух Болдбаатарын Уртнасан,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20-168 тоот хаягт оршин суух Чойнхорын Энхтайван,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7 тоот хаягтай Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамж 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313626542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар бүхий газруудыг иргэн С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Уртнасан, Ч.Энхтайван нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Б.Уртнасан, Ч.Энхтайван бид тус шүүхэд хандан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамжны 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313625542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар газруудыг С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2895 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байна.

Дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байгаа учир тус шүүхэд хандаж 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4548 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр 79.1, 79.2 дахь хэсэгт заасны дагуу Нэхэмжлэлийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5443 дугаартай захирамжаар Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээсэн байх тул тус шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамжны 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313625542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар газруудыг иргэн С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...иргэн Ц.Алтанцэцэг, Ш.Баярсайхан, С.Золзаяа, С.Отгонзаяа нар нь эзэмшиж буй газраа өмчилж авахаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр хүсэлтийн дагуу өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд тухайн иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 тоот захирамжийн дээрх иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд Б.Уртнасан, Ч.Энхтайван нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Ц.Алтанцэцэг, С.Золзаяа, С.Отгонзаяа, Г.Ганбаяр нарыг гуравдагч этгээдээр татсан байна.

Ц.Алтанцэцэг, С.Золзаяа, С.Отгонзаяа, Ш.Баярсайхан (Г.Ганбаяр нь 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ш.Баярсайханаас газрыг шилжүүлэн авсан тул цаашид тус газрын өмчлөгч юм) нар нь 2009 оны хавар 3 дугаар сараас эхлэн Газрын тухай хууль болон газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны, Тахилтад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газар эзэмшихээр явж тахилтын автобусны эцсийн буудлаас хойш ямарч айлгүй тэгш талбайд очиж үзэн шав тавьж булангийн эргэлтийн цэгүүдэд шон босгон жижиг сараалжин хашаа барьж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга болон газрын мэргэжилтэнд хүсэлт гарган Тахилт 8 дугаар гудамж 393, 394, 397, 398 тоот хаяг авч кадастрын зургийг хийлгүүлэн зохих материалыг бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүргүүлсэн билээ.

Бидний дүүргийн Засаг даргад хандан гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдөл дагалдах материалыг үндэслэн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №134 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдсон ба 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар газар өмчлүүлэх захирамжаар газар өмчилж эхэлсэн билээ. Бид өөрсдийн эзэмшлийн газартаа зуны цагт гэр барин амьдарч байгаад 2012 оны зун бүгд ажил ихтэй байсан тул хашаандаа очиж чадахгүй байж байгаад 2012 оны 8 дугаар сард очиход нэхэмжлэгч нар болох Б.Уртнасан, Ч.Энхтайван нар нь манай хашааг нурааж хашаа барьсан байсан тул гайхан хэн манай газарт хашаа барьсан талаар сураглаж эхэлсэн. Харамсалтай нь хүн байхгүй байгаад байсан тул газрын албандаа мэдэгдэх үед та нарын газар учир тухайн айл нь хууль бус тул уулзаж нураалгах талаар хэлсэн. Маш удаан сураглаад хүн олдоогүй тул бичиг үлдээсэн ба холбоо барих дугаараа бичиж яаралтай холбогдохыг хүссэн. Хэд хоногийн дараа нэг дугаараас залгаад та хаана ажилладаг хэн гэдэг хүн бэ гэсэн ойлгомжгүй асуултуудыг асууж байгаад манай газарт хашаа барьсан хүн болох нь мэдэгдсэн, учир байдлаа хэлж яаралтай газраас маань хашаагаа авахыг хэлтэл би цагдаад ажилладаг хүн шүү та нар надаас хашаагаа авч чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан юм.

Энэхүү үйл явдлын дараа дахин холбогдохгүй байсан тул маш олон удаа газар дээрээ очиж хүлээж байгаад хашаан дотор байсан Ч.Энхтайван гэж хүнтэй уулзах үед бид бичиг баримттай та гар бичиг баримтаа үзүүл гэсэн учир бид бичиг баримтаа үзүүлэх үед та нарын бичиг баримтыг урж хаяна гэж сүрдүүлэн ярилцах боломжгүй байсан тул Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байтал нэхэмжлэгч Ч.Энхтайван, Б.Уртнасан нар нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ч.Энхтайван, Б.Уртнасан нарын хувьд тухайн газар дээр ямар нэгэн эрх үүсгэсэн баримт бичиг байхгүй өөрөөр хэлбэл засаг даргын ямар нэгэн захирамжгүй бөгөөд шүүхэд гаргаж өгсөн газрын кадастрын зураг албан ёсоор баталгаажиж газрын санд бүртгэгдээгүй байгаа учраас тэдний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхтайван Б.Уртнасан нарын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамж 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313626542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар бүхий газруудыг иргэн С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Энхтайван, Б.Уртнасан нар нь маргаан бүхий газар дээр 2012 онд хашаа барин амьдарч, 22 дугаар хорооны Засаг даргаас Тахилтын 7 дугаар гудамжинд 840, 841, 843, 846, 848, 849 дугаар хаяг олгосон. 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн газрын албанд гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд ямар ч газарт гэрчилгээ гаргахгүй, бүх хөдөлгөөний хаасан гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн дагуу иргэн С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт манай хашаа барьсан газрыг тус тус өмчлүүлсэн шийдвэр гаргасан нь ил болж, бидний газар эзэмших хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж маргадаг хэдий ч дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжаар маргаан бүхий газар болох тус дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамжны 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313626542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар бүхий газруудыг С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу эзэмшүүлсэн байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн дагуу иргэн С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамжны 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313626542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар бүхий газруудыг өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох баримтуудыг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болно. Иргэн Ш.Баярсайхан нь өөрийн өмчлөлийн газраа 2014 оны 8 дугаар сард Г.Ганбаярт холбогдох хуулийн хүрээнд шилжүүлэн өгсөн байна.

3. Нэхэмжлэгч Чойнхорын Энхтайван нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд газрын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан ба өргөдөлдөө нэгж талбарын 18628317889800 дугаар бүхий газрын кадастрын зургийг хавсаргасныг үндэслэн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар захирамжаар 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

4. Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4/516 дугаар албан бичигт иргэн Б.Уртнасангийн нэр дээр газрын мэдээллийн санд ямар нэгэн бүртгэл байхгүй болохыг дурджээ.

5. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02-04-130/1290 дугаар дүгнэлтэнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын аманд Н.Батжаргал, Н.Одгэрэлмаа, Ц.Алтанцэцэг, Ш.Баярсайхан, С.Золзаяа, С.Отгонзаяа нарын иргэдийн өмчлөлийн газарт хууль бусаар хашаа барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус зөрчсөн гэжээ.

6. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/145 дугаар албан бичигт ...2009 оны 10 дугаар сарын архивт нэгж талбарын ... дугаар бүхий газар нь нэр бүхий иргэдийн өмчлөлийн газраар тус тус бүртгэгдсэн байна. Мэдээллийн санд бүртгэлтэй байгаа газрын зургийг агаарын зурагтай давхцуулан хүргүүлсэн нь нэхэмжлэгч нарын маргаж буй газар нь гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн газар болох нь нотлогдож байна.

7. Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1378 дугаар албан бичигт Иргэн Б.Уртнасан, Ч.Энхтайван нар нь тус дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 7 дугаар гудамжинд газар эзэмших хүсэлт албан ёсоор тавьж байгаагүй байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 134 дүгээр захирамж гэж манай албанд байхгүй байна гэжээ.

Мөн гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр өөрийн эзэмшил газраас албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн боловч нэхэмжлэгч нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа үндэслэлээр иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй удаашраад байна.

Түүнчлэн хууль ёсны өмчлөгч нарын эзэмшил газар нь иргэн Ч.Энхтайван, Б.Уртнасан нарын эзэмшил газраас өөр байрлалд буюу давхцаагүй байх тул тэдний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргах шаардлагагүй, өөрийн эзэмшил газар дээрээ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, эрх ашиг зөрчигдөж, сэтгэл санаа, цаг хугацааны маш их хохирол амсч байгаагаа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүссэн болно.

Иймд шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны дэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98, 99 дүгээр зүйл, 100.3, 100.4, 101-114 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулагдана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болно ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Энхтайван, Б.Уртнасан нарын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамж 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313626542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар бүхий газруудыг иргэн С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 9045 дугаар захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр товлон хуралдуулахаар зарласан бөгөөд нэхэмжлэгч нар нь:

- 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй,

- 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч өмгөөлөгч авах хүсэлтээр,

- 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батхүү хэргийн материалтай танилцаагүй, танилцах боломжоор хангахыг хүссэнээр,

- 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар тус тус хойшилж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд нэхэмжлэгч Б.Уртнасан болон түүний өмгөөлөгч О.Батхүүд шүүх хуралдааныг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч Ч.Энхтайван, Б.Уртнасан нар дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд анх гаргасан бөгөөд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй шалтгаанаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2895 дугаар захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу нэхэмжлэлийг буцаасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Энхтайван Б.Уртнасан нарын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамж 393, 394, 397, 398 тоот 18625313626562, 18625313626542, 18625313661561, 18625313660540 нэгж талбарын дугаар бүхий газруудыг иргэн С.Отгонзаяа, С.Золзаяа, Ш.Баярсайхан, Ц.Алтанцэцэг нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА