Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

                                       *******д холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Бадам /цахим/

Шүүгдэгч *******

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/30 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******д   холбогдох 2133000280066 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Чимэдийн Бат-Эрдэнэ, 1980 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд  боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, *******,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, /РД:*******/,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газарт иргэн *******тай тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар *******гийн биед халдан зодож баруун хацарт зулгаралт, цээжинд, зүүн бугалгад цус хуралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас:

Ч.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч   *******д холбогдох 2133000280066 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлдээ:

“...Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Хэрэгт Т.Бат-Эрдэнэ, *******, нарыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6, 4.8 дугаар зүйлүүдийг баримтлан гэрчийн мэдүүлэг авсан. Шүүх эдгээр гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх талаар урьдчилан сануулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ ...эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ...баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч зөрчлийн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй” гэж заасныг сануулж мэдүүлэг авсан ажиллагаа нь хууль ёсны бөгөөд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна.

2.Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн үед гэдэг хүн хэргийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй бөгөөд, хэргийн үйл баримтын талаар хохирогчийн ярьж буй гэх хүнээс өөр бусад гэрчүүдийн мэдүүлэг авагдсан байгаа тул гэх хүнийг заавал гэрчээр байцаах шаардлагагүй гэж үзэж байна.

3.Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгосон Шүүх эмнэлгийн үзлэгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 514 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтойг тодорхойлсон, мөн нөгөө талаас хохирогч ******* шүүгдэгч *******д зодуулахаас өмнө ямар нэг гэмтэл бэртэл аваагүй байсан, *******д зодуулсны улмаас эдгээр гэмтлийг авсан талаар тодорхой мэдүүлж байгаа юм.

Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол шинжээч эмчийг шүүх хуралдаанд дуудан оролцуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/30 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Шүүгдэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгчээс: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь  Данзан гэх хүнийг анх удаа харсан. Тэр хүнийг элдэв үгээр доромжлоогүй, гар хүрээгүй. Тухайн өдөр Данзан намайг утсаар яриулахаар уул руу дагуулж явсан. “...Баруун талдаа хөдөлгүүртэй машиныхаа зүүн талд суулгаж явсан хирнээ намайг машины шилний талаас 3 удаа мөргөсөн, нөгөө гараараа хоолой боож, толгой руу нь олон удаа цохисон...” гэж мэдүүлдэг. Гэтэл Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний эмчид энэ тухай огт хэлээгүй нь түүнийг худал яриад байна гэж хэлмээр байна. Хавтаст хэрэгт авагдсан Данзагийн толгойн томографикийн шинжилгээгээр эрүүл гэсэн дүгнэлт гарсан. 2021 оны 08 дугаар 20-ны өдөр анх ахмад Мөнхбат гэх байцаагчид мэдүүлэг өгөхөөр очтол “... Данзангийн биед ил харагдах шарх, сорви байхгүй, шүүх эмчийн дүгнэлт гарахгүй, энэ нь захиргааны зөрчил болж магадгүй...” гэж хэлээд намайг явуулсан. 5 хоногийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Хэрэв ийм дүгнэлт гаргахаар байсан бол би ч гэсэн хүн цохисон гэх гараа шинжлүүлэх боломжтой байсан.  2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 510 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр “...томографикийн шинжилгээгээр Данзангийн тархинд зөөлөн эдийн бага зэргийн хавантай...” гэсэн болохоос “...хоёр талын шанааны зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо...” гэж зориуд хуурамч дүгнэлт гаргуулсан. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч гэж бичсэн дүгнэлт, эсхүл Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч гэж бичсэн дүгнэлтүүд нь эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох 2133000280066 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч *******д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Анхан шатны шүүгчийн захирамжийн агуулга нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн шаардлага хангасан байх боловч шүүгчийн захирамжинд дурьдагдсан зарим ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгчийн захирамжинд нэр бүхий гэрч Т.Бат-Эрдэнэ, *******, нараас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд мэдүүлэг авсан тул дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж заасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-д “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу уг мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар тооцох эсэх нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал юм.

Түүнчлэн тухай хэргийн газарт үйл явдал болсны дараа ирсэн гэх гэрч Н.ийг гэрчээр асууж мэдүүлэг авах шаардлагагүй байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын зүгээс тэд уул руу цуг явсан талаар маргаангүй, харин хохирогчийн зүгээс “зэлүүд газарт очиж зодуулсан” гэж, шүүгдэгчийн зүгээс “зодож цохиогүй, харин хөлнөөс нь чирж агаарт гаргаж тусламж үзүүлсэн” гэх мэдүүлгүүдийг өгч байх тул үйл баримтыг тогтоохын тулд хохирогчийн биед ямар гэмтэл учирсан эсэхийг нягтлан тогтоох нь илүү чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, бүрэн бодитой тогтоосон байх шаардлагатай бөгөөд хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хуулийн заалттай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудад үнэн зөв эргэлзээгүй эсэхэд шүүх бат итгэлтэй байх нь илүү чухал тул хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох шаардлагатай.

Мөн хохирогч *******гийн биед анх үзлэг хийсэн Сайхан сумын эмнэлгийн эмчээс гэрчийн мэдүүлэг авах замаар биед хөхрөлт няцралт зулгаралт үүссэн эсэх асуудлыг тодруулан мэдүүлэг авах боломжтой.   

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/30 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн 1,2 дахь хэсгийг хангаж, 3 дахь хэсгийг хангахгүй орхисугай.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                            ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ