Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00353

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: УИ ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Д.Б,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3,194,373.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УИ ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УИ ББСБ ХХК-аас 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг 5815238046 тоот Д.Бгийн дансанд шилжүүлсэн. Энэхүү зээлийг авахдаа зээлдэгч Д.Б сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж харилцан тохирч эмчилгээнд явах шаардлагатай болсон гэж авсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Зээлдэгчээс удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж төлөөгүй, татгалзаж гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Бид зээл төлөх талаар удаа дараа сануулж, биечлэн очиж уулзаж байсан, тэрээр бидэнд итгэл төрүүлж, зээл хүүтэй нь төлнө гэж хэлчхээд бүх хэрэгцээгээ хангаж авчхаад манай байгууллагатай байгуулсан гэрээ нь биелэхгүй байгаад бид харамсаж байна. Манайх тийм их хэмжээний хөрөнгөтэй байгууллага биш. Цөөн тооны мөнгийг хүссэн хүмүүст харилцан тохирч ойлголцсоны үндсэн дээр гэрээ байгуулж өгдөг байгууллага гэдгийг товч дурдъя. Тийм учраас одоо төлбөл зохих зээлийн үлдэгдэл нь 2,000,000 төгрөг, зээлийн хүү нь 1,194,373,19 төгрөг, нийт 3,194,373,19 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Б, Б.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: УИ ББСБ-аас 2,000,000 төгрөгийн зээлийг 2023 оны 8 дугаар сарын 10-нд авсан нь үнэн. Тус байгууллагын нэхэмжилсэн 3,194,373.19 төгрөгийг 3 хувааж 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,194,373.19 төгрөг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч УИ ББСБ ХХК-ийн захирал Р.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч Д.Б, Б.Г нар нь нэхэмжлэгч УИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,194,373.19 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,194,373.19 төгрөг төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч Д.Б, Б.Г нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УИ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,060 төгрөгийн тавин хувь болох 33,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,030 төгрөг, хариуцагч Д.Б, Б.Г нараас 33,030 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч УИ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УИ ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,194,373.19 /гурван сая нэг зуун ерөн дөрвөн мянга гурван зуун далан гурван төгрөг, арван есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Б,Б.Г нар  2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,194,373.19 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УИ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,060 /жаран зургаан мянга жар/ төгрөгийн тавин хувь болох 33,030 /гучин гурван мянга гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,030 /гучин гурван мянга гуч/ төгрөг, хариуцагч Д.Б, Б.Г нараас 33,030 /гучин гурван мянга гуч/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Увс иньест ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, Б.Г нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                               Я.УРНАА