Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00354

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С.Бын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын Хархираа зочид буудалд угаагч, сантехникийн слесариар ажилд орж 1995 он хүртэл ажилласан. Тухайн үеийн миний ажилд томилсон тушаалыг гаргахдаа зөвхөн зочид буудлын угаагчаар гэж гарсан байна. Би тухайн үедээ угаагч болон сан техникийн слесарийг хавсарч хийж байгаад 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш сан техникийн слесарийг дагнаж хийж байсан юм. Надад тухайн үеийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байсан боловч би аваарт орж эмчилгээ хийлгэж байх хугацаандаа хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн юм. Одоо Увс аймгийн архивын тасгаас ажилд орсон, гарсан тушаал, цалингаа шүүлгэхэд угаагчаар ажилд томилсон тушаал гарч ирсэн, мөн цалингийн баримт олдохгүй байна. Иймд намайг 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 он хүртэлх хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт слесариар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед намайг Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт ажиллаж байхад хамт угаагч, жижүүр, үйлчлэгч, слесарь хийж байсан Б.П, Р.Ү, Ц.Д, М.М нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай тодорхойлол, Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1992 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шилжүүлэн ажиллуулах тухай 30 дугаартай тушаал,  гэрч М.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийдвэр, гэрч Р.Үгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Үгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Пгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Бын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,  1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэх тайлбартай гэрэл зураг, П.Бургаа, Ч.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Дгийн 270741 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.Дгийн 309698 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Бын ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, Батболдын Сарантуяагийн төрснийг бүртгэх анкет, Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Нийтийн аж ахуйн газрын өмч хувьчлалын талаарх баримт,

С.Бын хүсэлтээр М.М, Ц.Д, Р.Ү, Б.П, Ч.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс С.Бын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. С.Б нь шүүхэд хандаж 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт слесариар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Бын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч С.Б нь 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 он хүртэлх хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт слесариар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. С.Б нь 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын Хархираа зочид буудалд угаагч, сантехникийн слесариар ажиллаж эхэлсэн. 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс сантехникийн слесариар дагнан ажиллаж эхэлсэн. Гэвч тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд дээрх хугацааны ажилласан жилээ тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай архивын лавлагаагаар С.Бод холбогдох Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай тушаал, 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай тушаалыг тус тус хуулбарлан ирүүлжээ.

Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай тушаалаар хүсэлт гаргагч С.Быг 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зочид буудлын угаагчаар томилон ажиллуулсан бол 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай тушаалаар С.Быг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийтийн аж ахуйн газрын зочид буудлын угаагчаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Иймд С.Быг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын зочид буудалд угаагчаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

4.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн ХААТР-1 маягт 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн, гэрлэснийг бүртгэх анкет 1996 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үйлдэгдсэн, охин Б.Сгийн төрснийг бүртгэх анкет 1997 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд хүсэлт гаргагч С.Бын 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт слесариар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримт байна.

4.3. Хэрэгт авагдсан 1”994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буудалд хотоос зурагчин ирж зураг татуулав” гэх тайлбартай гэрэл зургийн хуулбарыг ямар эх сурвалжаас хэрхэн бэхжүүлсэн нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзнэ. Иймд дээрх гэрэл зургийн хуулбарыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

4.4. Гэрч М.М шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 1984 оноос Увс аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт сантехникч, орон сууцны слесариар 2015 онд хүртэл ажилласан. Намайг ажиллаж байхад С.Б 1990-1992 оны хооронд Нийтийн ахуйн үйлчилгээний Хархираа зочид буудалд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан. Тэрээр 1992 оноос эхлэн буудлынхаа сантехникчээр ажиллаж, угаагчаар эмэгтэй хүн ажилд орж байсан гэж санаж байна. Бид хамтдаа нэг байгууллагад ажиллаж байсан бөгөөд 1992 оноос хойш сантехникчээр ажилласан учрсаас нэгнээ сайн мэднэ. Тэр үед сантехникч бид нар Хархираа буудал дээр нэг өрөөнд байрлаж, сантехникийн дуудлагыг хүлээн авч, дуудлаганд явахад С.Б цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байхдаа биднийг дагаж дуудлаганд явсаар байгаад сантехникчийн анхан шатны мэдлэгтэй болоод сантехникч болж байсан. Тухайн үед С.Быг анх ажилд ороход Увс аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын даргаар н.Давааням ажиллаж байгаад Аюуш дарга болж байсан” гэж мэдүүлжээ.

Гэрч М.М нь 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс Нийтийн аж ахуйн газрын орон сууц ашиглалтын ангид орон сууцны бохир усны слесариар ажиллаж эхэлсэн байх тул түүний мэдүүлгийг эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч гэрч М.Мийн мэдүүлэг нь хүсэлт гаргагч С.Быг 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оныг хүртэл Нийтийн аж ахуйн газарт слесариар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтооход нотолгооны хүрэлцээгүй байна.

Гэрч Ц.Дгийн 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Орон сууц, нийтийн аж ахуйн газрын зочид буудалд ажиллаж байсан байдлыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийдвэрээр тогтоожээ.

Иймд гэрч Ц.Дгийн мэдүүлэг нь хүсэлт гаргагч С.Бын 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оныг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтоохонд нотолгооны ач холбогдолгүй байна.

Гэрч Р.Ү нь 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын Хархираа зочид буудалд жижүүрээр ажиллаж эхэлсэн бол гэрч Б.П нь үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Гэрч Р.Үгийн “...Намайг ажиллаж байхад С.Б 1990 оноос эхлэн тус зочид буудалд цагаан хэрэглэл угаагчаар ажилд орж, 1992 он хүртэл цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаад 1992 оноос эхлэн угаагч, сантехникч слесариар хавсран ажиллаж эхэлсэн. Увс аймгийн Нийтийн ахй үйлчилгээн газар нь аймагтаа хими цэцэрлэгээ, зурагчин, оёдолчинү Үсчин, Зочид буудал гэх мэтээр олон харъяа үйлчилгээний гарзуудтай байсан. Бид хархираа зкочид буудалд хамт ажиллаж байсан учраас нэгнээ таньж мэднэ. Тэр үед сантехникч нар Хархираа зочид буудал дээр байрлаж, дуудлага хүлээн авч ажилладаг байсан. С.Б тухайн буудалд угаагчаар ажиллаж байхдаа сантехникч нарт туслахаар хамт дуудлаганд явдаг байсан. Тухайн үед С.Быг анх ажилд ороход Увс аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний даргаар н.Давааням гэх хүн ажиллаж байгаад Аюуш дарга болж байсан” гэж мэдүүлжээ.

Гэрч Б.П “Би 1981-2007 он хүртэл Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа Хархираа зочид буудалд цагаан хэрэглэл угаагч, индүүчнээр ажиллаж байсан. С.Б 1990 оноос эхлэн тус зочид буудалд цагаан хэрэглэл угаагчаар ажилд орж, 1992 он хүртэл цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаад 1992 оноос эхлэн угаагч, сантехникч, слесариар хавсран ажилласан. Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээн газар нь хими цэцэрлэгээ, зурагчин, оёдолчин, Үсчин, Зочид буудал гэх мэтээр олон харъяа үйлчилгээний газруудтай байсан. Бид Хархираа зочид буудалд хамт ажиллаж байсан учраас нэгнээ таньж мэднэ. Тэр үед сантехникч нар Хархираа зочид буудал дээр байрлаж, дуудлага хүлээн авч ажилладаг байсан. С.Б тухайн буудалд угаагчаар ажиллаж байхдаа сантехникч нарт туслахаар хамт дуудлаганд их явдаг байсан. Тухайн үед С.Быг анх ажилд ороход Увс аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний даргаар н.Давааням гэх хүн ажиллаж байгаад Аюуш дарга болж байсан” гэж мэдүүлжээ.

Гэрч Б.П, Р.Ү нар нь Хархираа зочид буудалд жижүүр, үйлчлэгч зэрэг ажил эрхэлж байсан байх тул Б.П, Р.Ү нарын мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч С.Быг Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар ажиллаж байсан гэж дүгнэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гэрч Ч.Д нь мөн Хархираа зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан байх бөгөөд “Би Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа Хархираа зочид буудалд 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үйлчлэгчээр ажилд орж, 2009 он хүртэл ажилласан. С.Б бид хамт Хархираа зочид буудалд ажиллаж байсан тул С.Быг мэднэ. Намайг ажиллаж байхад С.Б 1990 онд Хархираа зочид буудалд цагаан хэрэглэлийн угаагч, селессерээр давхар ажилладаг байсан. С.Б 1995 он хүртэл Хархираа зочид буудалд ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэрч Ч.Дгийн мэдүүлэг нь  хүсэлт гаргагч С.Быг 1992-1995 оны хооронд Хархираа зочид буудалд угаагчаар ажиллаж байсан үйл баримтыг давхар нотолж байгаа боловч С.Б нь слесариар ажиллаж байсан гэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны хүрэлцээгүй байна.

Тодруулбал, хүсэлт гаргагч С.Б нь Хархираа зочид буудалд угаагчаар ажилд орж, ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тушаалын баримт, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байгаа боловч Нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар ажиллаж байсан гэх үйл баримт нь гэрч нарын мэдүүлгээс өөр нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрч нарын мэдүүлэг нь хүсэлт гаргагч С.Быг 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Хархираа зочид буудалд угаагчаар ажиллаж байсан байдлыг давхар нотолж байгаа боловч Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтооход нотолгооны хүрэлцээгүй байна.

Ийнхүү Хүсэлт гаргагч С.Б нь 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оныг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд С.Б нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэл хангалттай нотлогдохгүй байна.

Иймд шүүхээс С.Бын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын зочид буудалд угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, дээрх хугацаанд сантехникийн слесариар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

6. Шүүхээс хүсэлт гаргагч С.Бын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Шаавай овогт С.Бын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн газарт угаагчаар, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл хугацаанд Хархираа зочид буудалд угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч С.Бын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА