Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ц.Бийн,

Ц.Мын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.М 1964 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 60 настай. 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар томилогдон ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдаж, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Малчин сумын Хашаа худгийн бригадад ажилчнаар ажиллаж байгаад 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Хашаа худгийн бригадын ажилчнаас чөлөөлөгдөж Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар томилогдсон. Иймд Ц.Мын Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар болон Хашаа худгийн бригадад ажилчнаар ажилд орсон, гарсан тушаал архивын лавлагаагаар олдоогүй, 1980 онд Малчин нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1981 оноос эхэлсэн учир 1980 оны ажилсан байдлыг бүрэн гүйцэт тогтоож өгнө үү. 1981 оноос 1992 оны 6 дугаар сар хүртэл Ц.Мын Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн баримт бүрэн гүйцэт бичигдсэн боловч архивын лавлагаагаар 1981-1991 он хүртэл цалингийн тодорхойлолтын зөрүүтэй байгаа хэсгүүдийг хянаж Ц.Мын ажилласан байдлыг бүрэн гүйцэт тогтоож, тухайн үед Ц.Мтой хамт ажиллаж байсан Д.Х, Ж.Онарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Ц.Мын 252191 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон эх хувийг, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн 20 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дугаартай тушаал, 1 дүгээр хавсралтын хамт, гэрч Д.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Оёдоогийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Мын ХААТР-1, хаягийн хуудас 7, гэрлэснийг бүртгэх анкет, М.И, М.Х нарын төрснийг бүртгэх анкет Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Ц.Мт холбогдох лавлагаа, тооллогын хуудсыг, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Ц.Мын цэргийн алба хаасан эсэх лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.

Ц.Мын хүсэлтээр Д.Х, Ж.О-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Ц.Бгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Ц.Б нь шүүхэд хандаж Ц.Мын 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Малчин нэгдлийн хашаа худгийн бригадад ажилчин, 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ц.Бгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.Б нь Ц.Мын 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Малчин нэгдлийн хашаа худгийн бригадад ажилчин, 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ц.М нь 1980 онд 16 настайдаа Увс аймгийн Малчин нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1982 онд цэргийн албанд татагдах хүртлээ тус нэгдлийн малчнаар ажилласан. 1985 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдлийн хашаа, худгийн бригадад ажилчнаар ажиллаж байгаад 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Малчин нэгдэлд малчнаар ажиллах болсон. Улмаар нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн хуудсаар ...хөдөлмөрийн дэвтрийн бичилт баталгаажуулахад архивын лавлагаа гараагүй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Шүүхийн журмаар Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Ц.Мын цэргийн алба хаасан эсэх архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг нотлох баримтаар гаргуулсан.

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08/580 дугаартай лавлагаагаар Ц.М 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 505808 дугаарын цэргийн батлахтай халагдсан болох нь тогтоогдож байна.

Тус архиваас ирүүлсэн Ц.Мын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг 1982 онд үйлдсэн байх бөгөөд тус анкетад Ц.Мыг 1976-1981 оны хооронд Малчин нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан гэж тэмдэглэжээ.

4.2. Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ц.Мын 1981 оны 3, 12 дугаар сар, 1982 оны 3-8 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Ц.Мын 1981 оны 3 дугаар сарын цалингийн баримтад Малчин нэгдлийн хашаа грушикийн 3 дугаар хэсэг, 12 дугаар сарын цалингийн баримтад автотракторын грушик, 1982 оны 3 дугаар сарын цалингийн баримтад автотракторын грушик, 1982 оны 4 дүгээр сарын цалингийн баримтад газар тариалан, 1982 оны 5 дугаар сарын цалингийн баримтад автотракторын грушик, 1982 оны 6 дугаар сарын цалингийн баримтад хашаа, худгийн бригад зэргээр тэмдэглэсэн байна.

Ийнхүү Ц.М нь 1980-1982 оны 6 дугаар сарын хооронд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд барилгачин, грушик, хашаа худгийн бригадын ажилчин зэргээр нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх тул Ц.Мыг дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

4.3. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ц.Мын ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Ц.Мыг 1980 онд Малчин нэгдэлд ажилд орсон гэж тэмдэглэжээ. Дээрх баримтад Ц.Мын эрхэлдэг ажлыг бусад эх үүсвэр гэж тэмдэглсэн байх боловч энэхүү баримт нь Ц.М 1980 оноос Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж эхэлсэн үйл баримтыг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой байна.

4.4. Хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолтоор Ц.Мын 1986 оны 02-6 дугаар сар, 9-10 дугаар сар, 1987 оны 02,3,6,9-11 дүгээр сар, 1988 оны 01-3, 7-12 дугаар сар, 1989 оны 02,3,6,8,9 дүгээр сар, 1990 оны 01-4 , 11,12 дугаар сар, 1991 оны 10-12 дугаар сарын цалингийн баримтыг тус тус түүвэрлэн ирүүлжээ.

Дээрх цалингийн баримтуудад Ц.Мын эрхэлж байсан ажлыг хашаа, худгийн бригадын ажилчин, газар тариалангийн ажилчин, барилгачин, грушик зэргээр тэмдэглэжээ.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ц.Мын гэрлэснийг бүртгэх анкетад түүнийг Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин гэж тэмдэглэсэн байна. Дээрх баримтыг 1987 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн байх тул Ц.Мыг 1987 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ Ц.М нь 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа, худгийн бригадад ажилчин, 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх тайлбар гаргасан.

Гэвч Ц.Мын цалингийн баримт, гэрлэснийг бүртгэх анкетаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ц.Мыг 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Харин Ц.М нь 1986-1991 оны хооронд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж, хөдөлмөр эрхэлж байсан болох нь нотлогдож байна.

4.5. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогоос Ц.Мт холбогдох тооллогын хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн бөгөөд тус баримтад Ц.Мыг 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Увс аймгийн Малчин суманд байнга оршин суудаг, засварчин ажилтай гэж тэмдэглэжээ.

Мөн хэрэгт авагдсан Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дугаартай тушаалаар Ц.Мыг 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мал нядалгааны үеэр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүхээс Ц.Мын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт М.Х, М.И нарын төрснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлсэн. М.Хийн төрснийг бүртгэх анкетыг 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Ц.Мыг Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин гэж бүртгэжээ.

Дээрх баримтууд нь Ц.Мыг 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан үйл баримтыг шууд нотолж байна.

4.6. Гэрч Ж.О, Д.Х нар нь 1980-1992 оны хооронд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэлээ.

5. Хэдийгээр гэрч нарын мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй байх боловч хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтын хүрээнд Ц.Мын УВс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх тул шүүхээс хүсэлт гаргагч Ц.Бгийн шүүхэд гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, Ц.Б нь Ц.Мын 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчин, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус нэгдлийн хашаа худгийн бригадад ажилчин, 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч Ц.М нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

6. Иймд шүүхээс Ц.Мын 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа, худгийн бригадад ажилчин, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөн ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Бгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ц.Мын 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА