Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00356

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ц.Бийн,

Б.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976 онд төрсөн 48 настай. Аав ээжийнхээ хамт амьдарч байгаад 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.Этэй гэрлэж 3 охин, 1 хүү төрүүлсэн. Бид хоёр 24 жил хамт амьдрахдаа сумандаа хувиараа хөдөлмөрлөж ирсэн. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан учир намайг 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Б.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Бидний хамтын амьдралтай байсныг мэдэх Я.Э, С.Ц нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай тодорхойлолт, Э.Өын төрсний гэрчилгээний хуулбар, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Э.Дийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Энэбишийн Наранцацралын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн гэрэл зураг, Я.Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Цы иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Эийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Я.Э, С.Ц нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Б, Б.Э нарын гэрлэсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулав. 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд хандаж 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Б.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Ц.Бийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.Б нь Б.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б.Этэй Увс аймгийн Баруунтуруун суманд хурим найр хийж гэр бүл  болсон. Гэр бүл болсноос хойш 3 охин, нэг хүү төрүүлж, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарсан. Нөхөр Б.Э 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бидний бага охин 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 18 насанд хүрээгүй байгаа. Охин Э.Өд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч бид гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна.

Иймд шүүхийн журмаар нөхөр Б.Этэй 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ц.Б нь 1999 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд охин Наранцацралыг төрүүлсэн байх бөгөөд хүүхдийн төрсний гэрчилгээний эцгийн нэр хэсэгт БЭ, эхийн нэр хэсэгт Цагаагчууд овогт Ц.Б гэж бүртгэжээ.

Улмаар Ц.Б, Б.Э нар нь 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүү Э.Д, 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Э.Ө нарыг төрүүлжээ.

Иймд хүсэлт гаргагч Ц.Б, Б.Э нарыг 1999 оноос 2006 оны байдлаар хамтын амьдралтай байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

4.2. Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай тодорхойлолтоор “Ц.Э нь нөхөр Б.Этэй 2000 онд гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлсэн. Баруутуруун сумын Туруун багийн Ар чулуут хороололд хувиараа хөдөлмөр эрхлэн оршин суудаг, гэр бүл байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ.

4.3. Гэрч Я.Э шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Ц.Б, Б.Э нар нь 2000 онд гэр бүл болж байсан. Тэдний дундаас 1999 онд охин Э.Н, 2003 онд хүү Э.Д, 2006 онд охин Э.Ө нар төрсөн. Б.Э нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэнэт бие нь өвдөж, эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Ц.Б, Б.Э нар Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багт хашаандаа чацаргана, жимс ногоо тарьж, Б.Э газар тариалангийн ажил эрхэлж амьдардаг байсан. Яагаад одоог хүртэл гэрлэлтийн баталгаагүй байсныг би мэдэхгүй байна” гэжээ.

Гэрч С.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Ц.Б, Б.Э нар 2000 онд хурим найр хийж, гэр бүл болсон. Тэдний дундаас 3 хүүхэд төрсөн. 1999 онд охин Э.Н, 2003 онд хүү Э.Д, 2006 онд охин Э.Ө нар төрсөн. Б.Э нь энэ хавар 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нас барсан. Ц.Б, Б.Э нар Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багт хашаандаа жимс, ногоо тарьж амьдардаг байсан. Ц.Б, Б.Э нар гэрлэлтээ батлуулаагүй байсныг Б.Э нас барсны дараа мэдсэн” гэжээ.

Гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.4. Б.Э нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

4.5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 843 дугаартай албан бичгээр “Иргэн Ц.Б, Б.Э нар нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй байна. Иймд гэрлэсний бүртгэлийн лавлагаа гарах боломжгүй байна” гэжээ.

Дээрх баримтаар Ц.Б, Б.Э нар нь 2000 оноос 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд иргэний гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан болох нь тогтоогдож байна.

5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ц.Бийг 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Б.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан .Ц.Бийг . Б.Э-тэй 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА