Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

 

 

                                        *******т холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

Шүүгдэгч ******* /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2131002910036  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Бадамхандын Ганзориг, 1974 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,******* тоотод оршин суух, /РД:*******/;

Урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1.1, ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгийн ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн 2 Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хэрээн гол” нэртэй газарт экскаватороор ухаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн Doosan3800 экскаватор маркийн тээврийн хэрэгслийн үнэ 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөг, мөн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмжийг /скубер/ худалдан борлуулсны үнийн дүн зэргээс эдэлбэр газарт учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцсон 3090 /гурван мянга ерэн/ төгрөгийг төлүүлж, үлдэгдлийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan-3800 экскаватор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч *******т буцаан олгохоор тус тус шийдвэрлэж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн *******ын эзэмшлийн гэх Doosan-3800 экскаватор маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, Э.Батсайханы эзэмшлийн алт угаах төхөөрөмж /скубер/ зэргийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэн, Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1.252.976 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 116.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хураалгуулахаар нэмэгдэл ялаар шийтгүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухай хүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасны дагуу шийтгэх тогтоолын үндэслэл болсон иргэний нэхэмжлэгч *******, гэрч ******* нар худал мэдүүлэг өгсөн. Учир нь ******* экскаваторын эзэн учир алт олборлосноос олох ашгийн 50 хувийг, гэрч ******* болон миний бие нь тус бүр 25 хувийг авахаар тохиролцож, үйл ажиллагааг эхлүүлсэн. Дээрх нэр бүхий 2 хүн намайг мөрдөн байцаах ажиллагааны явцад надад нөлөөлж хэргээ ганцаараа даачих, шүүхээс гарсан хохирлыг гурвуулаа хувааж төлье гэж гуйхаар нь энэ хэргийг би ганцаараа үйлдсэн мэтээр хэлж, мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэтэл шүүхийн тогтоол гарсны дараа “...чи наад хохирлоо өөрөө ганцаараа төл...” гэж хэлсэн. Эд хөрөнгө хураах ялын төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иймд миний бие хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зорилгоор энэхүү гомдлыг гаргаж байна. Дээрх нэр бүхий 2 хүний надад нөлөөлж хэргийг ганцаараа үйлдсэн мэтээр мэдүүлэг өгсөн хариуцлагаа би хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх 2 хүнд хариуцлага тооцуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэжээ.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Шүүгдэгч *******ийн зүгээс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт цугларсан баримтаар ******* нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг ганцаар явуулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогддог боловч гомдолд дурдаад байгаа нэр бүхийн хоёр хүнтэй хамтран оролцсон байдал нь бусад баримтуудаар хангалттай тогтоогдоогүй.

******* нь өмнө нь ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэрэгт шийтгүүлж байсан бөгөөд энэхүү гэмт хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Мөн анхан шатны шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Гэтэл өнөөдөр ийм зүйл ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн шатанд гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох 2131002910036 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээр шүүгдэгч *******т холбогдох хэрэг хянан шийдвэрлэсний эцэст шүүгдэгчийн зүгээс гаргасан ”...Энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болсон иргэний нэхэмжлэгч гэрч *******, ******* нар нь надтай хамт алт олборлох үйл ажиллагааг явуулж олсон орлогын 50 хувийг ******* техник хэрэгслийн эзэмшигч гэдгээрээ авахаар, ******* би хоёр үйл ажиллагааг хариуцан ажиллаж тус бүр олсон орлогын 25 хувийг авахаар тохиролцсон байсан. Энэ 2 хүн намайг хэргээ дангаараа даачих бид хохирлыг хамт төлөлцөнө гэсэн боловч шүүхийн шийдвэр гармагц төлж чадахгүй гэсэн учраас хэргээ дахин шалгуулахыг хүсч байна” гэх давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж тус тус заасан байдаг.

Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэрэгт холбогдон яллагдагч, шүүгдэгчээр татагдан шалгагдаж буй этгээдээс өгч буй өөрийн үйлдсэн гэх гэмт хэрэгт нь хамтран оролцсон, ашиг хүртэхээр тохиролцоо хийсэн, өөрийн хөрөнгө техник хэрэгслээ ашигласан, үйл ажиллагаагаараа нэгдсэн этгээдүүд байгаа талаарх мэдээллийг шалгаж, уг хэргийг хэн хэн хэрхэн үйлдсэн, хамтран оролцогчдын оролцоо, хэр хэмжээ, санаа зорилгыг тогтоож, гэмт хэргийг бүрэн илрүүлж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байдлаар шударгаар ял шийтгэл оногдуулах, хөрөнгө хураах бусад албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй.

Энэ нь нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиудад тусгалаа олсон үндсэн эрх үүрэг хэрэгжих боломж бололцоог бий болгоно.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу дээрх хүмүүсийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах, Нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулаагүй, хууль бусаар ашигт малтмал хайх олборлох, үйл ажиллагаагаараа нэгдсэн этгээдүүдийг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох нь ач холбогдолтой.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1,  39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцааж, шүүгдэгчийн гомдлыг хангасугай.

 

2.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ