| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00432/И |
| Дугаар | 103/ШШ2024/00473 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2024/00473
| 2024 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2024/00473 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 19 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 13 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,541,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь О.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,541,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.О.Баасансүрэн нь 2020 оноос 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхдүүддээ болон өөртөө, мөн гэрийн хэрэгцээнд 10,732,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, мөн найз 721,500 төгрөгийн барааг зээлээр аваад 4,523,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,541,200 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2015 онд анх О.Баасансүрэн надаас нөхөр маань автожимд ажилладаг, нөхрийнхөө цалинг буухаар мөнгөө өгнө гээд бараа авч байсан. Тухайн үед авсан барааныхаа тал мөнгийг өгөөд үлдэгдэл 142,000 төгрөгийг өгөлгүй 2019 он хүртэл надаас зугтаасан. Би гэрт нь очиход нүүчихсэн, Улаанбаатар хот руу явчихсан байсан. Дараа нь О.Баасансүрэн над дээр өөрөө ирээд би нөхрөөсөө салсан, таны үлдэгдэл 142,000 төгрөгийг өгнө, та битгий санаа зовоорой гэж хэлж байсан. Дараа нь 9 сард ирээд хүүхдийн хичээл орох гээд хүүхдүүд маань өмсөх хувцасгүй байна, өмнөх өр дээр маань нэмээд зээлээр бараа өгөөч, би салсан нөхрөөсөө шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоод тэр мөнгөнөөсөө өрөө дарна гэхээр нь би өрөвдөөд зээлээр хувцас өгсөн. О.Баасансүрэн нь өрөө бага багаар төлдөг байсан, өвлийн улирал болоход өвлийн хувцас ирж авдаг байсан. 2021 онд О.Баасансүрэн би өөр нөхөртэй болсон төрөх гээд эмнэлэгт хэвтэх гэсэн чинь унтлагын хувцас, даавуу зэрэг хэрэг болоод байна гэж хэлээд надаас ирж авч байсан, дараа төрчихөөд нөхөр хүүхэддээ хувцас авч өгье, нөхөр маань самарт яваад ирэхээр нь мөнгөө өгнө гэж хэлээд бас надаас зээлээр бараа аваад явсан. Ингээд О.Баасансүрэн надад өрөө өгч, дараа нь дахиад зээлээр бараа авч явсаар зун над дээр би нөхрөөсөө салсан гэж ирээд хүүхдүүддээ хувцас, гэртээ бараа зэргийг авсан. Миний өрийн дэвтрийг харвал би О.******* хоолноос бусдыг өгдөг байсан. О.Баасансүрэн надад эхний нөхрийн өгсөн хүүхдийн тэтгэмжээс өрөө өгнө, дараагийн нөхөр самарт явж ирэхээр нь өрөө өгнө гэсэн тайлбаруудыг өгч надаас зээлээр бараа авдаг байсан. Аль ч нөхрөөс нь ямар ч төлбөр орж ирэхгүй болохоор нь О.Баасансүрэн бид хоёр хоорондоо өр төлбөрөө барагдуулах талаар ярилцаад надад иргэний үнэмлэх, картаа үлдээж байсан. Хэсэг хугацааны дараа утсаар ярихад 1 хүүхэд нь нас барсан гээд би өрөвдөөд бас л чимээгүй байсан. Дараа нь над дээр ирээд 1 хүүхэд нь сургуульд явах гэж байгаа, 1 хүүхэд нь лам болж байгаа гээд надаас дотуур хувцаснаас авахуулаад хүүхэддээ бүх хэрэгтэй зүйлсийг нь аваад өөртөө шуба хүртэл зээлээр аваад явсан. О.Баасансүрэн огт хувцсаа угаадаггүй, би чи өмнөх сард надаас дотуур хувцаснууд авсан шүү дээ, тэд нар чинь яасан юм бэ, тэрийгээ яагаад өмсөж болдоггүй юм бэ гэхээр өө яана аа эгчээ угаагаагүй гэдэг. Дээр нь өөрөө хэцүү амьдралтай байж өөр хүн дагуулж орж ирээд хувцас авч өгөөд гардаг, чи яагаад өөр хүнд юм авч өгөөд байгаа юм бэ гэхээр би өрөвдөөд байдаг юм гэдэг. Сүүлдээ би өөр хүнд юм авч өгнө гэхээр нь өгөхөө больсон. Энэ бүх барааны өр төлбөр чиний нэр дээр бичигдэж байгаа шүү, чи өрөө яаж өгөх юм бэ гэхээр О.Баасансүрэн хүүхдийн мөнгө буухаар талыг нь танд өгч байя гэж тохиролцоод надаас юм авдаг байсан. О.Баасансүрэн ийм өртэйгөө мэдээд өөрөө уул руу явах гэж байгаа, өрөө төлмөөр байна гээд надад Хаан банканд төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн боловч намайг банкин дээр очоод мөнгө авах гэхэд О.Баасансүрэн өөрөө авчихсан байдаг. Ингэж явсаар авсан барааны нийт үлдэгдэл мөнгө 6,541,200 төгрөг болсон байна. Энэ 6,541,000 төгрөгийг задалбал 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд авсан барааны үлдэгдэл 2,257,500 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан барааны үлдэгдэл 8,475,100 төгрөг, нийт 10,732,600 төгрөг болж байгаа. Би тооцооны сүүлийн дэвтэр болох 2021 оны 8 дугаар сарын тухай ярихад 8 сард хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг бэлдэх гэж, 9,10 сард өвлийн хувцасаа авах гэж, цагаан сараар хүнд бэлэглэх зүйлээ авах гэж над дээр ирж зээлээр авдаг байсан. Жишээ нь хамгийн сүүлд 2023 оны цагаан сараар надаас 1,831,9000 төгрөгийг бараа авсан. О.Баасансүрэн сар болгон манай дэлгүүр дээр ирж 200,000 төгрөгөө өгдөг, буцаад гарахдаа аяны хэрэгсэл, хүүхдийн скутэр, гэрийн бүслүүр, өөртөө 350,000 төгрөгийн шуба, хүүхдүүдэдээ куртик гэх зэрэг бараа аваад гардаг. Би О.******* чи юмаа угаагаад өмс, би нэг куртикыг 2 жил өмсдөг, чи яагаад ингэж болдоггүй юм бэ гэхээр багадчихсан, нүүрс болчихсон, хир болчихсон гээд хэзээ ч юмаа угааж байгаагүй. Би 350,000 төгрөгийн шуба аваад гарахад нь олон хүүхэдтэй хүн гоё харагдаг дээ гэж бодоод өгсөн, ер нь би авъя гэсэн бүх юмыг нь өгдөг. Би *******т хаана ч байхгүй хамгийн хямд үнээр бараагаа зардаг. Гэтэл 3,4 хүүхдэдээ дээр нь сүүлд суусан нөхөртөө хүртэл хувцас авсан. Өөрөө эмнэлэгт хэвтэхдээ юу ч байхгүй гээд надаас юм авсан, эмнэлгээс гараад хүүхэддээ ч юм авсан. О.Баасансүрэн надаас нүүрний тос, оймс, дотуур хувцас, сандал, хогийн шүүр, хөлийн гишгүүр гээд аваагүй юм байхгүй, би энэ айлын бүх хэрэгцээг хангадаг. Нэг удаа юм авахдаа 1,800,000 төгрөгийн бараа авчихаад шуудай шуудайгаар нь аваад гардаг, хэзээ ч өөр дэлгүүрээс юм авч байгаагүй, бүх хэрэгцээгээ надаас авдаг байсан. Иймд барааны үлдэгдэл мөнгө 6,541,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч өөрөө 2015 оноос хойш нэхэмжлэгчээс хэрэгцээнийхээ юмыг авч, мөнгөө тохирч өгдөг байсан. Эхлээд хүүхдийнхээ мөнгөөр тооцоо хийдэг байсан, банканд төлөөлөх итгэмжлэл хийж өгч байсан, 2017 оноос хойш Хаан банкныхаа картаа нэхэмжлэгчид өгсөн, карт болон хүүхдийн мөнгөнөөс нэхэмжлэгч их мөнгө авсан байсан, би авсан барааныхаа мөнгийг төлж дуусгасан, нэхэмжлэгч надад тооцоогоо нарийвчлан үзүүлж байгаагүй, сүүлийн үед надаас их мөнгө нэхдэг болсон. Мөнгө нэхэхдээ нэг үнийн дүн хэлэхгүй, өөр өөр үнийн дүнг хэлж мөнгө нэхдэг. Өөрөө зээлээр бараа авахдаа үнэтэй ч хамаагүй юм авдаг байсан, гэхдээ миний тооцоогоор авсан барааныхаа өрийг бүгдийг нь төлж дуусгасан гэсэн хариуг хэлдэг. Нотлох баримтаар хавсаргасан тооцооны дэвтрийг хариуцагчид үзүүлэхэд мэдэхгүй, нэхэмжлэгч надад тооцоог маань ийм байна гэж харуулж байгаагүй гэсэн тайлбар хэлсэн. Нэхэмжлэгч хариуцагчийг 1 удаа 1,800,000 төгрөгийн бараа авдаг дараа нь сар болгон 200,000 төгрөгийг төлдөг, маш удаан хугацаагаар юм өгч байсан гэж хэлж байна. Нэхэмжлэгч өөрөө тодорхой хэмжээний ашиг олж байсан, хариуцагч авсан юмныхаа мөнгийг тухай бүр төлж байсан болохоор нэхэмжлэгч хариуцагчид удаан хугацаагаар юм өгч байсан гэж ойлгож байна. Мөн хариуцагчийг хүнд юм авч өгсөн гэж ярьж байна. Тэр барааг О.Баасансүрэн өөрөө аваагүй, тэр хүн нь авсан болохоор тэр хүн нь мөнгөө төлөх ёстой байх, нэхэмжлэгч хариуцагч нар өөрсдөө удаан хугацаанд худалдах, худалдан авах гэрээ хийчихсэн, өөрсдөө хэн хэндээ ашигтай байсан хэрнээ төлбөр тооцоон дээрээ гарын үсэг зуруулаагүй байж одоо нотлогдохгүй зүйл дээр мөнгө нэхэмжлэх нь таатай биш байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагааний хуулбар, бараа өгсөн гэх 3 хуудас баримт зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч О.******* холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6,541,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: О.Баасансүрэн нь 2020-2023 он хүртэлх хугацаанд өөрийн хэрэгцээнд 10,732,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан ба үлдэгдэл 6,541,200 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул гаргуулна гэж,
2.Хариуцагч О.Баасансүрэн Би сар бүр хүүхдүүдийнхээ 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгдөг байсан, авсан барааныхаа мөнгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
5.Нэхэмжлэгч нь хариуцагч О.******* 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2,275,500 төгрөгийн, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8,475,100 төгрөгийн нийт 10,732,600 төгрөгийн бараа зээлээр худалдсан, үүнээс 4,523,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6,541,200 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт байхгүй, хавтаст хэргийн 5,6,7 дугаар хуудсан дахь бараа өгсөн гэх баримт нь хоёр талын бараа хүлээлцсэн баримт бус зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгч дэвтрийн цаасан дээр өнгө өнгийн балаар цувуулан хэзээ бичсэн нь тодорхойгүй баримт байна. Нэхэмжлэгч нь худалдсан гэх бараагаа хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй, хариуцагч зээлээр авсан эд зүйлээ бүрэн төлсөн гэж маргаж буй тохиолдолд худалдагч буюу нэхэмжлэгч тал хариуцагч буюу худалдан авагчийн өмчлөлд эд зүйлийг шилжүүлсэн гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй.
Энэхүү үүргээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зааснаар хэрэгжүүлж чадаагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6,541,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6,541,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ