Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00474

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00474

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 25 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 22 дугаар гудамжны 21 оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Л.******* холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие нь Л. хашаа байшин худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгийг өгсөн. Худалдаж авсан хашаа байшиндаа нүүж орох гэсэн боловч хашаа нь тогтсон устай, намаг шавар ихтэй, байшингийн доторх тааз нурсан байсан. Иймд Л. 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Уг нь анх гэрээ хийгээд 7 сая төгрөгөө өгсний дараа

Л. бид нарт түлхүүрээ өгсөн. Дараа нь бид нар больё, энэ газарт арай их ус тогтоод, шавартай байна, наймаагаа буцаая гэхэд Л. та нар болих гэж байгаа бол шүүхдээд аваарай гэж хэлсэн. Би 2, 3 хоногийн дараа түлхүүрийг нь буцаагаад өгчихсөн. Хариуцагч өөрөө эвлэрэхгүй гэж байгаа бол 7 сая төгрөгөө буцаагаад авъя, 4 сарын хугацаанд 20 сая төгрөг өгнө гэдэг арай л чанга байна. Тэр газар шавартай, ус их тогтдог болохоор мөнгөө буцаагаад авъя. Тухайн үед би Л.******* тааз чинь нурчихсан байна, энийгээ янзлаад өгчих гэж хэлсэн, Л.******* байшингийн 1 түлхүүр нь байдаг болохоор өөрөө ч орж харсан байна лээ. Тэгээд Л. тэгье, таазаа янзалчихъя гэж хэлээд ахиж холбоо бариагүй. Сая миний нотлох баримтаар өгсөн зурагт таазных нь нурсан байдал харагдана. Л. тэр газартаа шороо асгасан гэж байсан, гэтэл яг хэвээрээ ус тогтсон байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч таазны талаар огт ярихгүй байна гэж байна. 2024 оны 01 дүгээр сарын 26-нд гэрээгээ хийгээд 7 сая төгрөгөө өгсний дараа Л. 1 түлхүүрээ надад хүлээлгэж өгсөн, бид нарыг байшиндаа орж амжаагүй байхад тааз нь нурчихсан байсан. Би Л.******* энэ талаар хэлэхэд нэг завандаа янзалчихна гэж хэлээд ахиж холбогдоогүй. Дараа нь Л. та нар мөнгөө өгч чадахгүй юм байна, тэр 3 хайрцагтай юмаа аваарай, байшин зарагдсаны дараа мөнгөө буцаагаад аваарай гэж хэлсэн. Тэгээд би 6 сард очоод харсан чинь таазаа янзалчихсан байшингаа хүнд түрээслүүлчихсэн байсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн газарт ус их тогтдог, намаг шавар ихтэй, мөн байшин доторх тааз нь нурсан гэсэн 2 үндэслэл дурддаг. Гэтэл шүүх хуралдаан дээр байшингийн тааз нурсан гэх асуудал ярихгүй байна. Хариуцагч Л. тааз нурсан гэх асуудал байгаагүй, тэр бол огт худлаа гэж хэлсэн. Энэ нь сая нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбараар давхар нотлогдож байна. Учир нь таазны асуудлууд ерөөсөө яригдахгүй байна. Үүнээс шалтгаалж энэ гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал өөрсдөө 2023 оны 11 сард 2 удаа ирж тухайн газрыг үзээд, дараа нь 2024 оны 01 сард эргэж ирээд хариуцагчтай тухайн хашаа байшингийн үнийг нь тохироод 01 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр уг гэрээний дагуу нэхэмжлэгч эхлээд 7 сая төгрөгийг төлсний дараа хариуцагч Л. нэхэмжлэгчид түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн, дараагийн төлөлт хийх хугацаа болоход нэхэмжлэгч талаас ус тогтдог, шавартай гэх асуудлыг ярьж эхэлсэн. Тэгэхээр хариуцагч нэхэмжлэгчийг үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй, төлөх хугацаа нь болчихоор ийм худлаа шалтаг хэлж байна гэж ойлгож байгаа. Миний сая дурдсанчлан нэхэмжлэгч тал 2 удаа ирж хашаа байшинг үзэж байгаад ирж үзсэнээсээ хойш 3 сарын дараа үнээ тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч өөрөө ******* 25 дугаар гудамжинд амьдардаг, уг хашаа байшин нарийны 22 дугаар гудамжинд байрладаг буюу 2, 3 гудамжны зайтай, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 01 сар хүртэлх бүтэн 3 сарын хугацаанд 2, 3 гудамжны зайтай хашаа байшинг хэд ч очоод үзэх боломжтой байсан нь илэрхий байна. Хариуцагч Л. анх наймаа хийхдээ ус жаахан тогтдог талтай, өөрсдөө шороо асгасан гэдгээ хэлсэн. Энэ нөхцөл байдал, газрын сул талыг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулчихаад одоо ингээд гэрээнээсээ татгалзъя гээд яваад байгаа нь үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй болохоор одоо шалтаг хэлээд байна уу гэж ойлгогдохоор байна. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгч байгаа тайлбарыг сонсохоор хашаа байшингаа авдгаараа авчихъя, мөнгө нь болохгүй байна гэж л ойлгож байна. Нэхэмжлэгч мөнгөө бүтээж чадахгүйгээсээ, өөрсдийнхөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйгээсээ болоод одоо ингээд гэрээнээс татгалзаад 7 сая төгрөгөө авъя гээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ гэрээнүүд нь хуулиар зохицуулагдсан, аль аль талынх нь эрх ашгийг хамгаалсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч талын мөнгө нь бүтэхгүй болчихоор буцаагаад өгсөн мөнгөө авъя гэж болохгүй юм. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа, харин нэхэмжлэгч тал үлдэгдэл 20 сая төгрөгийг төлөх үүрэгтэй. Тэр байшинг өөр хүн түрээсэлж байгаа талаар мэдээллийг хариуцагч надад хэлээгүй. Нэхэмжлэгч тал өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 20 сая төгрөгөө төлөөгүй, байшингийн түлхүүрийг өөрсдөө буцаагаад өгчихсөн, өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч одоог хүртэл хашаа байшинг авах хүсэл сонирхол нь хэвээрээ харагдаж байна. Зүгээр л үлдэгдэл мөнгөө төлж чадах уу, үгүй гэдэг асуудал л яригдаж байна. Өөрөө сая хэлэхдээ тэр газар нь шороо асгаад өгвөл эвлэрье гэж байсан, тэр газарт нь шороо асгаад шийдэж болох асуудал юм. Нэхэмжлэгч хариуцагч нар нь байшингийн түлхүүр хүлээлцэж авсан, буцаагаад хүлээлгэж өгсөн гэдэгт хоёулаа маргахгүй байна. Нэхэмжлэгч Б.******* хариуцагчийг таазаа янзлаарай гэх шаардлагыг нь биелүүлсэн, харин нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөөгүй болохоор түлхүүрийг нь буцааж өгөөгүй байх, хариуцагч Л. байшиндаа өөр хүн оруулсан гэх талаар надад хэлээгүй гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0121 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, хашаа байшингийн фото зураг, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Л.******* холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Л. 2024 оны 01 сард хашаа байшин 25,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн, байшиндаа нүүж орохоор очиход байшингийн тааз нурсан, хашаанд ус тогтсон намаг шавар их байсан тул наймаагаа буцаахаар шийдэж хариуцагчид хэлсэн боловч хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгнө гэсэн боловч хашаагаа заралгүй хүнд түрээсэлсэн тул урьдчилгаанд өгсөн мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй, Б. нь хөрөнгийн үнийн үлдэгдэл болох 20,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.

2.1.Б. нь Л. 2024 оны 01 дугаар сарын 26-ны өдөр 25,500,000 төгрөгөөр хашаа байшин худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Л. нь 7,000,000 төгрөгийг авсан болох нь Хаан банкны дансны хуулгуудаар тогтоогдож байх ба тухайн үйл баримтад талууд маргаагүй болно. /хх-ийн 3-6 хуудас/

2.2.Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Л.гийн ******* дүүрэг 5-р хороо, Нарийн 22 гудамж 21 тоотод байрлах хашаа байшинг 2024 оны 01 сард 25,500,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, байшиндаа нүүж орохоор очиход хашаанд ус тогтсон намаг шавар ихтэй, байшингийн тааз нурсан буюу эд хөрөнгийн доголдолтой байсан тул хашаа байшиндаа нүүж ороогүй болох нь нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 24-26 хуудас/

2.3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

2.4.Б. нь тодорхой хугацааны дараа үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөхөөс, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө тухайн эд хөрөнгийн доголдлыг илрүүлж, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан шаардсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, худалдагч Л. нь тухайн эд хөрөнгө доголдолтой байсан гэдэгт маргаагүй байна.

2.5.Иймд нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт, гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул хариуцагч Л. худалдах-худалдан авах гэрээний үүргийн урьдчилгаанд өгсөн 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлий 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дуаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л. 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ