| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00464/И |
| Дугаар | 129/ШШ2024/00397 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 129/ШШ2024/00397
| 2024 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 129/ШШ2024/00397 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ц овогт Ц.О-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Ц.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц.О 1960 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. У хотын барилгын техникум төгсөөд 1980 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс А аймгийн Барилга угсралтын трестийн блокийн үйлдвэрт нормчноор ороод чөлөөлөгдсөн. 1 дүгээр 48 айлын орон сууцны барилгад 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор ажилласан. 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс Д-ны барилгын 017 дугаар цэргийн ангид мастераар 9 жил ажиллаад 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр группэд орсон. Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр орж ажилласан жилээ тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн 1980 оноос 1981 оны 08 дугаар сар хүртэл А аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 04 дүгээр сард сургуулиа төгсөөд А аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажилд орж байсан. Ингээд Д аймагт мэргэжлийн ажлын орон тоо гараад Д аймаг руу явж байсан. Д аймгийн барилгын цэргийн ангид ажиллаж байгаад группэд орсон. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч А аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан зарим онуудынх нь тушаал гарахгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан. Группийн мөнгө авч байсан болохоор хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтооно, ингэж тогтооход нь 9 жил 2 сар болж байгаа гэсэн. Би 48 айлын орон сууц баригдаж байх үед нормчноор ажилладаг байсан. Тухайн үед орон тоо байхгүй гээд анх блок өргөгчөөр ажиллуулдаг байсан. Удахгүй нормчноор ажиллаж эхэлсэн. Намайг блокийн цехэд ажиллуулж байгаад 1981 оны 04 дүгээр сард блокийн цехээс чөлөөлж тэр үед баригдаж байсан 48 айлын орон сууц руу өрлөгчнөөр шилжүүлж байсан юм. Тэгээд мэргэжлийн ажлаа хийх болсон тул намар нь өрлөгчний ажлаасаа гарч 08 дугаар сард Д руу шилжсэн. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүй байсан. Ажиллаж байхдаа мигрень гэх өвчин тусаж хөдөлмөрийн чадвараа алдаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил нь дутаад байгаа тул миний А аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оноос 1981 оны 08 дугаар сар хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Ц.О-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:
- Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа А аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд томилох хуваарилах тухай 49 дугаартай тушаалд 1. ... Ц.О нарыг блокийн цехийн ажилчнаар 05 дугаар сарын 08-ны өдрөөс, ... 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай, 2. ... Ц.О ... нарыг хийснээр нь цалинжуулж СнЗ-ийн 1965 оны 512 дугаар тогтоолын заалтыг үндэслэн нэр бүхий 4 хүнд тус бүр 250 төгрөгийн тэтгэмж олгохыг ня-бо П-д зөвшөөрсүгэй гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч Ц.О-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Ж.О-ийн шүүхэд өгсөн “Би 1977 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Барилга угсралтын контор, трест, Гурван тамир пүүс, Гурван тамир ХК-д өрлөгчнөөр ажиллаж байсан. Ц.О нь Барилгын техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд А аймгийн Барилга угсралтын конторт ажилд орж байсан. Ц.О нь 1980 оноос 1981 оныг хүртэл А аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан. Ц.О нь 1-48 дугаар байрыг барьж байхад Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан. Ц.О нь А аймгийн Барилга угсралтын конторын угсралтын бригадад ажиллаж байсан. Бригадын даргаар нь н.Б гэдэг хүн ажилалж байсан. Ц.О нь А аймгийн Барилга угсралтын конторт 1 жил ажилласан. Тэгээд У хот руу шилжсэн. А аймгийн Барилга угсралтын конторын даргаар н.Р гэдэг хүн ажиллаж байсан. Би Ц.О-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг
- Гэрч Г.С-гийн шүүхэд өгсөн “1979 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Барилга угсралтын контор /трест/-т, 1992 оноос 1995 оныг хүртэл Гурван тамир ХК-д тус тус нормчноор ажиллаж байсан. Ц.О нь Барилгын техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд А аймгийн Барилга угсралтын конторт ажилд орж байсан. Ц.О нь 1981 оноос 1982 оныг хүртэл А аймгийн Барилга угсралтын контор /трест/-т мастераар ажиллаж байсан. Ц.О нь А аймгийн Барилга угсралтын конторын угсралтын бригадад ажиллаж байсан. Бригадын даргаар нь н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Ц.О нь А аймгийн Барилга угсралтын конторт 1 жил ажилласан. Тэгээд У хот руу шилжсэн. А аймгийн Барилга угсралтын конторт Ц.О-г ажиллаж байхад 1-48 дугаар байрны барилгыг барьж байсан. А аймгийн Барилга угсралтын конторын даргаар н.Р гэдэг хүн ажиллаж байсан. Би Ц.О-тай хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/648 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Ц.О нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэсэн,
- Ц.О-гийн хаягийн хуудсанд “аймгийн БУК-д мастер, 1981.04.27”,
- Ц.О-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Барилгын цэргийн 017 дугаар анги материалын мастер, 1980 он ажиллаж эхэлсэн он 1988.06.23”,
- Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа А аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд томилох хуваарилах тухай 49 дугаартай тушаалд 1. ... Ц.О нарыг блокийн цехийн ажилчнаар 05 дугаар сарын 08-ны өдрөөс, ... 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай, 2. ... Ц.О ... нарыг хийснээр нь цалинжуулж СнЗ-ийн 1965 оны 512 дугаар тогтоолын заалтыг үндэслэн нэр бүхий 4 хүнд тус бүр 250 төгрөгийн тэтгэмж олгохыг ня-бо П-д зөвшөөрсүгэй гэсэн,
- Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа А аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Бригад зохион байгуулан ажиллуулах тухай 67 дугаартай тушаалд 1. Тоног төхөөрөмж угсрах бригадыг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан ажиллуулсугай /хавсралт 1/, хавсралтад нэрсийн жагсаалтын 13-т Ц.О гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.О-гийн А аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Ц.О-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа А аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд томилох хуваарилах тухай 49 дугаартай тушаал,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/648 тоот тодорхойлолт,
- Ц.О-гийн хаягийн хуудас,
- Ц.О-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа А аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Бригад зохион байгуулан ажиллуулах тухай 67 дугаартай тушаал,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.С, Ж.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ц.О нь А аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ц.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ц овогт Ц.О-гийн А аймгийнБарилга угсралтын трестэд 1980 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН