| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00342/И |
| Дугаар | 129/ШШ2024/00398 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 129/ШШ2024/00398
| 2024 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 129/ШШ2024/00398 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Д.Г-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Д.Г миний бие 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Үсчний курст явж 30 хоног суралцаж төгсөөд 05 дугаар сарын 01-ний өдрөөс Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчнээр ажилд орж 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс Х сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар орж 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс Ц сумын сургуулийн дотуур байранд жижүүрээр орж 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан, 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ц сумын сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар, 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд А аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газарт бичиг хэрэг, архивын ажилтнаар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилласан байдал бичигдсэн боловч Нийгмийн даатгалын байгууллагаас миний ажилд орсон гарсан тушаал, шийдвэрийг архиваас авч ир гэсэн шаардлага тавьсан. Гэтэл архиваас орсон гарсан тушаал бүрэн гарч ирэхгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Би 1969 онд төрсөн одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байгаа болно. Иймд хүсэлт гаргагч Д.Г намайг 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчин, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар, 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ц сумын сургуулийн дотуур байранд жижүүрээр, 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ц сумын сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл А аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газарт бичиг хэрэг, архивын ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд 10 сараас нь эхлэн Х сумын сургуульд ажиллаж байсан. 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Үсчний курст явж төгсөөд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчнээр ажилладаг болсон. Ажиллаж байх хугацаандаа химийн хордлогод орж, тус оныхоо 11 дүгээр сард ажлаасаа гарч хүүхдийн цэцэрлэгт ажилд орсон. Ингээд цэцэрлэгтээ ажиллаж байгаад 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гарч А аймгийн Ц сумын сургууль шинээр байгуулагдаж байх үед нь сургуулийн дотуур байрны жижүүрээр ажилд орж байсан. Зарим тушаалууд нь гарахгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалын лавлагаа нь гарсан онууд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тооцогдсон. Харин хүсэлт гаргасан хугацааны лавлагаа Архиваас гарахгүй байгаа. Би Монгол бичгийн Ардын хүрээлэнд арван хурууны бичээчийн курс төгсөж байсан. А аймгийн Ц сумын сургууль шинээр байгуулагдаж байсан тул багш дутагдалтай байсан. Тэгээд би ажилласан юм. Ажиллаж байх үедээ Монгол хэл, уран зохиолын багш болсон. 1992 оны 09 дүгээр сараас эхлэн багшилж байгаад 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газар архив, бичиг хэргийн ажилтнаар 2000 он хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан гэх лавлагаа Архиваас гарахгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Д.Г-гийн 304576 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 451 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн 1988-1992 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Г-д холбогдох баримт гараагүй, Ц сумын 8 жилийн сургуулийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 452 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Х сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн баримт шилжиж ирээгүй тул Д.Г-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Түр ажиллуулах ажлаас чөлөөлөх тухай 21 тоот тушаалд 1. Доорхи нэр бүхий хүмүүсийг туслах тогоочоор дурдсан хугацаанд ажиллуулсугай, Үүнд: ... Г-г X/1-ээс X/17 хүртэл туслах ажилчнаар, 2. Эдгээр ажилчдын цалинг зохих ёсоор бодож олгохыг ня-бо Н-д зөвшөөрсүгэй ... гэсэн,
- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 36 тоот тушаалд 1. Гал тогооны туслах тогоочоор түр ажиллаж байсан Д.Г нь өөр ажилд шилжсэн тул IV/1-нээс эхлэн ажлаас чөлөөлсүгэй, 2. Туслах тогооч Г-тай холбогдох тооцоог хийж дуусгахыг нярав Ц, Ч, ня-бо А нарт үүрэг болгосугай гэсэн,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 1993 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүмүүсийг ажилд томилох тухай” 10 тоот захирамжид 1. Д овогтой Г-г 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс сумын Засаг даргын тамгын газрын бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, ... тус тус томилон ажиллуулсугай, 2. Дээрхи албан тушаалтан нарыг ажилласан өдрөөс нь эхлэн цалинг сумын Засаг даргын 12 дугаар захирамжийн дагуу бодож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэсэн,
- А аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Комисс томилох тухай” 08 тоот тушаалд 1. Д.Г-гийн ажлыг П овогтой Э-т хүлээлгэн өгөх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай ..., 2. Зааврын дагуу ажлыг хүлээлцүүлж дүнг танилцуулахыг комисст даалгасугай гэсэн,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 62 тоот захирамжид 1. Төсөвт албан газрын дарга эрхлэгчид болон Засаг даргын тамгын газрын ажилтан ажилчдын 1998 оны амралтын хуваарийг хавсралт 1-ийн дагуу олгосугай, 2. Амралтын мөнгийг тооцон олгохыг ня-бо /З.Л/, /Ё.Т/ нарт зөвшөөрсүгэй, захирамжийн хавсралтад нэрсийн жагсаалтын 13-т Д.Г б/х эрхлэгч, ажилласан жил 11, бүгд амрах хоног 20 гэсэн,
- Д.Г-гийн 1995-1999 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан 342 дугаартай архивын лавлагаа,
2.2. Хүсэлт гаргагч Д.Г-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Ш.Н-гийн шүүхэд өгсөн “1991 онд А аймгийн Ц сум байгуулагдсан. Тухайн үед А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургууль байгуулагдсан. Би 1991 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд байрны багшаар ажиллаж байсан. 1993 оноос 2003 оныг хүртэл А аймгийн Ц сумын захиргаанд албан бус сургалт хариуцсан багш, боловсрол хариуцсан түшмэлээр тус тус ажиллаж байсан. Д.Г нь 1992 онд А аймгийн Х сумаас Ц сум руу шилжиж очиж байсан. Д.Г нь 1992 оноос А аймгийн Ц сумын сургуулийн дотуур байранд жижүүрээр 1 сар гаран ажилласан. 1992 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад 1993 оноос А аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газарт бичиг хэрэг, архивын ажилтнаар ажилласан. Тэнд 2-3 жил ажилласан байх. Тэгээд А аймгийн Х сум руу шилжсэн. А аймгийн Ц сумын сургуулийн захирлаар н.Г гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Ц сум байгуулагдах үед нутгийн сэхээтэн хүмүүс их очиж ажилласан. Би Д.Г-тай хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг
- Гэрч М.Ч-ын шүүхэд өгсөн “1987 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Д.Г нь үсчний курст яваад 1988 оны 04 сард төгсөж ирж байсан. Д.Г 1988 оны 05 сараас 11 дүгээр сарыг хүртэл А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчинээр ажиллаж байсан. 1988 оны 11 сард хордлогоо гараад А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчинээр ажиллахаа больсон. Д.Г 1988 оноос 11 сараас 1992 оныг хүртэл А аймгийн Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Түүнээс хойш А аймгийн Ц сумын байгуулагдаад Ц сум руу шилжсэн. А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчинээр Д.Г ажиллаж байгаад түүнийг гарсны дараа н.А гэдэг хүн ажилласан. А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргаар н.Б, нягтлангаар н.Б нар ажиллаж байсан. Д.Г нь А аймгийн Х сумын 8 жилийн сургуулийг 1985 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд У хот руу явж байсан. Яг ямар сургууль төгссөнийг нь мэдэхгүй байна. Би Д.Г-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Л.Э-ийн шүүхэд өгсөн “1984 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багш, тогоочоор ажиллаж байсан. Д.Г нь 1989 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар 2, туслах багшаар 2, тогоочоор 1, эрхлэгчээр 1, сахиулаар 1 хүн ажилладаг байсан. Д.Г нь 1992 оноос А аймгийн Цахир сум руу шилжсэн. Би Д.Г-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр н.А гэдэг хүн ажиллаж байсан. Д.Г нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.Г-тай хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/558 тоот тодорхойлолтод: Тус газрын архиваас Д.Г нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 03-05/3913 тоот лавлагаанд: А аймгийн Х сумын оршин суугч охин Д.Г, 19 настай ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Х сумын оршин суугч охин Д.Г, 19 настай, эрхэлдэг ажил-цэцэрлэгт хүмүүжүүлэгч ... ” гэсэн,
- Д.Г-гийн гэрлэсний ХААТР-15 маягтад “Хүүхдийн цэцэрлэгт, хүмүүжүүлэгч, 1990.08.30”,
- Д.Г-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Ахуйн үйлчилгээ, үсчин, 1988 он ажиллаж эхэлсэн он 1988.11.15”,
- Д.Г-гийн хаягийн хуудсанд “Х 8 жилд сурагч-1985.07.05” гэсэн,
- А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3/126 тоот тодорхойлолтод: Тус байгууллагын архивт 1993-1995 онд Д.Г-д холбогдох лавлагаа, нотлох баримт байхгүй болно гэсэн,
- А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 40 тоот тодорхойлолтод: Тус сургуулийн Н багийн Д хорооллын 3-4 тоот хаягт оршин суух Б овогт Д.Г-тай холбоотой нотлох баримт байхгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Г-гийн 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчнээр, А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын сарын 23-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар, А аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуульд 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл дотуур байрны жижүүрээр, тус сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Монгол хэл, уран зохиолын багшаар, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30 дуустал хугацаанд бичиг хэрэг, архивын ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Д.Г-гийн 304576 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 451 тоот тодорхойлолт,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 452 тоот тодорхойлолт,
- Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Түр ажиллуулах ажлаас чөлөөлөх тухай 21 тоот тушаал,
- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 36 тоот тушаал,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 1993 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүмүүсийг ажилд томилох тухай” 10 тоот захирамж,
- Д.Г-гийн 1995-1999 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан 342 дугаартай архивын лавлагаа,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/558 тоот тодорхойлолт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 03-05/3913 тоот лавлагаа/ хавсарган ирүүлсэн баримт,
- Д.Г-гийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- Д.Г-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3/126 тоот тодорхойлолт,
- А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 40 тоот тодорхойлолт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ш.Н, М.Ч, Л.Э нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Г нь 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчнээр, А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын сарын 23-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар, А аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуульд 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл дотуур байрны жижүүрээр, тус сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Монгол хэл, уран зохиолын багшаар, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30 дуустал хугацаанд бичиг хэрэг, архивын ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Д.Г-гийн 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд А аймгийн Х сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд үсчнээр, А аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын сарын 23-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар, А аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуульд 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл дотуур байрны жижүүрээр, тус сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Монгол хэл, уран зохиолын багшаар, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30 дуустал хугацаанд бичиг хэрэг, архивын ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН