Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

2022 оны 05 сарын 30-ны өдөр       Дугаар 2022/ДШМ/11            Баруун-Урт

О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор М.Ханджав

нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч бичсэн ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Б.Г, Ч.С нарт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт:

   Нэг. Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн ............суманд төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ 4 дүгээр курст ............ суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн ............ сумын .......дугаар багийн ................. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ..........овогт О.Б /РД:..................../,

Хоёр. Монгол Улсын иргэн, ........онд Сүхбаатар аймгийн .............. суманд төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн ........ сумын .........дүгээр багийн ............ гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ..........овогт Б.Г /РД:........................./,

Гурав. Монгол Улсын иргэн, 20...... онд Сүхбаатар аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... аймаг дахь ............... ангийн оюутан, ам бүл-4, хойд эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ......... сумын .......... 4 дүгээр баг, .................гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ........................... овогт Ч.С./РД:......................................../,

                                             Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч О.Б, Б.Г, Ч.С нар бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “...........” багийн нутаг дэвсгэрээс Д.А-ийн эзэмшлийн .........................улсын дугаартай ..............загварын автомашиныг ашиглан иргэн М.О, М.Ө нарын олон тооны мал буюу 2 тооны үхрийг хулгайлж, хохирогч М.О-д 405,060,000 төгрөгний, хохирогч М.Ө-д 650,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав нь шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор:  1. Шүүгдэгч О.Б, Б.Г, Ч.С нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Б-г 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Г, Г.С нарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Г, Г.С нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г, Г.С нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялуудыг тус тус мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар солих, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Б.Г, Г.С нарт дээрх хугацаагаар оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шатанд шүүгдэгч О.Б, Б.Г, Г.С нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Н.Найгалдорж бичсэн эсэргүүцэлдээ: Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийг нутаг дэвсгэрийн хувьд хаана оршин суух газраас өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авах талаар шийдвэрлээгүй байна. Тухайлбал: шүүгдэгч Б.Г, Ч.С нар нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багт, шүүгдэгч О.Б нь Баяндэлгэр сумын 6 дугаар багт тус тус оршин суудаг талаар шийтгэх тогтоолд тусгагдсан ба шүүгдэгч нар нь нутаг дэвсгэрийн ямар ч  хязгаарлалтгүйгээр оршин суух газраа өөрийн дураар чөлөөтэй сонгох, ингэж оршин суух газраа өөрчлөх тохиолдолд л эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна, бусад байдлаар зорчин явах, оршин суух бүс газрыг зааж өгөөгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдээгүй нь шүүхийн шийдвэр тодорхой бөгөөд ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй, уг ялыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Шүүгдэгч нар нь Сүхбаатар аймгийн .................... сумын 4, 6 дугаар багт тус тус оршин суудаг болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б, Б.Г, Ч.С нарыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа буюу шийтгэх тогтоол гарах үед оршин сууж байсан Сүхбаатар аймгийн .............. сумын нутаг дэвсгэрийг өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолд “зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих”-ыг мэдэгдсэн өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Ханджав тайлбар, дүгнэлтдээ: Ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэжээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр шүүгдэгч О.Б,Б.Г, Ч.С нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх   бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулж, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлэн, шалгаж үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүхэнд шүүгдэгч нарын нэр төрийг гутаах, мэдүүлэг, тайлбар авах, дүгнэлт гаргуулахдаа хуурч мэхлэх, тулган шаардах зэргээр хууль бус аргаар хэргийн оролцогчдын  хуулиар олгогдсон эрхийг  хязгаарласан, зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч О.Б, Б.Г, Ч.С нар нь бүлэглэн, А-ийн .................... өнгийн ................... машиныг ашиглан  2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн .......................... сумын баруун хойноос эрээн нүүртэй улаан хүрэн бяруу, мухар хар бяруу зэргийг хулгайлан  бусдад 1055060 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь доорх нотлох баримтуудаар нотлогдон. тогтоогдож  байгаа ба энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн бодит байдалтай  нийцжээ. Тухайлбал:

-Хохирогч М.О-ийн “ Манай эрээн нүүртэй, хүрэн бяруу Аваагийн үхэртэй ижилсэн ус, бэлчээртээ хамт явдаг байсан. Би 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сумын урд байдаг голд хэвтэж байхыг харснаас хойш хамт бэлчдэг үхэртээ ирээгүй. Манай бярууг хулгайлсан хүмүүс хохирлоо бүрэн арилгасан, гаргах гомдол, хүсэлтгүй гэх” / хх-42, 46/,

-Хохирогч М.Ө-ийн: “Би Баяндэлгэр сумын төвд хэдэн үхрээ маллан амьдардаг ба 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө худагт үхрээ усалж гаргаад, тэр өдрөө хүүгээ үхрээ хураагаад ир гээд явуулахад олоогүй ирсэн. Маргааш нь би  үхрээ эрж яваад сумын баруун хойноос олоход охин хар бяруу байхгүй байсан. Сураг сонсоход манай сумын Баярбаясгалан, Сандагтогтох нарын залуучууд Оюунмөнхийн бяруу, манай бяруу 2-ыг машинд ачиж гаргасан байсан. Сандагтогтохын ээж бярууны хохиролд 955000  төгрөг өгсөн, гомдол, саналгүй” гэх /хх-51,55/,

-Гэрч С.О-ын: “ Баярбаясгалан 2021 оны хавар уулзаж зарах үрээ байна уу? гэж асуухад нэг үрээ байгаа, 800000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэр сонгуулийн үеэр надтай таарахдаа адууны өртөгт 500000 төгрөгт бодож нэг бяруу, үлдсэн 300000 төгрөгийг наадмын өмнө өгөхөөр тохиролцоод салсан. 11-ний өдөр Д-ийн машинд 2 бяруу ачиж ирээд нэгийг нь адууны өртөгт, нөгөөг нь надад зарахад би бэлэн 300000 төгрөг өгч, үлдсэн 150000 төгрөгийг найз Д руу ярьж Б-ийн данс руу шилжүүлсэн “ гэх    /хх-59/,

-Гэрч Ц.Д-ын :  2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед миний дугаарт дуудлага ирэхэд ах Д аваад “Б-ийн машиных нь дугуй хагарсан, дугуй дөхүүлэх боломж байна уу” гэж байна гэсэн. Ах бид 2 .......... багийн нутаг “ .................” гэх газар руу айл руу явах ажилтай байсан учир замдаа дугуйг нь өгөхөөр Д багийн төвд очиход Б цагаан өнгийн портер машиндаа  хар, бараан зүсмийн 2 жижиг үхэр ачсан ганцаараа байсан. Би бяруу гэж харсан. Тэгээд дугуйгаа солих гэтэл таарахгүй байсан байхаар нь 2 бяруугаа ачаад тус багийн “...........................” гэх газар очиж С.О-ын байсан айлаас нэг адуу ачаад, 2 бяруугаа О-ын ах Цээеэ  гэх айлд буулгаад, адуутайгаа 23 цагийн үед сумын төвд ирсэн гэх   /хх- 63/,

-Гэрч Д.А: “Би хэдэн сарыг санахгүй байна, О.Б адуу ачиж ирнэ гээд   2 удаа  миний 09-72 сүа улсын дугаартай, портер машиныг авч байсан” гэх   /хх-88/,

-Гэрч Э.Д-ын : “2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манайхтай нутаг ойролцоо байдаг С.О  над руу залгаад чамд түр шилжүүлэх мөнгө байна уу гэхэд нь удаахгүй өгвөл байна гээд 2021 оны  06 дугаар сарын 13-ны өдөр Б гэх хүний ...............тоот данс руу ....... төгрөг шилжүүлсэн” гэх   

-Хөрөнгийн үнэлгээний “.......................” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2103181 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 настай бярууны зах зээлийн үнийг  405040 төгрөг гэх  /хх-92-101/,

-Хөрөнгийн үнэлгээний “........................” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2103360 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  нэг тооны өсвөр насны бярууны зах зээлийн үнэ 650000 төгрөг гэх    /хх-107-117/,

-Хөрөнгийн үнэлгээний “.........................” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2202052 дугаартай шинжээчийн “................” маркийн ..........................дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 4060000 төгрөг гэх дүгнэлт / хх-121-130/  зэрэг болно.

4.Шүүгдэгч нар нь 2 тооны бярууг бэлчээрээс нь бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор, нууц, далд аргаар авч,  хохирогч нарт нийт 1055060 төгрөгийн хохирол учруулсан  хулгайн гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн байна.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн байдал  зэргийг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял, түүний хэмжээг ялгамжтай оногдуулсан нь тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон  гэж үзнэ.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөн шаардлагатай байна.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэжээ.

-Гэтэл  шүүх шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй, зорчих эрх хязгаарлах ял эдлэх нутаг дэвсгэрийн нэгжийн нэр, хэмжээ, хязгаарыг, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих...” талаар  тус тус  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй нь шүүхийн тогтоол ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй  байна. Шүүх  шүүгдэгч нарт тухайн ялыг засаг захиргааны аль нэгжийн, хэдий хэмжээний нутаг дэвсгэрийн хүрээнд эдлэх, ялтан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагаврын талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааснаар шүүгдэгч нар хуулийн дагуу ялаа эдлэх, ял эдлүүлэхэд хяналт тавих үүрэг бүхий  эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж байх учиртай.

Иймд энэ талаар ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах заалтуудыг нэмж, өөрчилсүгэй.

1.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан О.Б, Б.Г, Ч.С нарт оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих эрх хязгаарлах ялыг Сүхбаатар аймгийн ........... сумын нутаг дэвсгэрийн хэмжээний дотор эдлүүлсүгэй.1.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан О.Б, Б.Г, Ч.С нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэх үүргээ зөрчсөн ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

Хоёр. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, аймгийн ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

 

    ШҮҮГЧИД                                                    О.БААТАРСҮХ

 

                                                                           С.ОЮУНТУНГАЛАГ