Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00399

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00399

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт Д.Д-гийн хүсэлттэй,

            Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Д, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Д нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

 

          1.1 Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие 1969 онд төрсөн. 1989 онд хугацаат цэргийн албаа хааж ирээд З аймгийн А сумын А багт өөрийн ээж Г-гийн хамт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оныг хүртэл тасралтгүй мал маллан амьдарч байсан. 1999 онд гэр бүл зохион А аймгийн И сумын Б багт одоог болтол мал маллан амьдарч байна. Миний З аймгийн А сумын А багт мал маллаж байсан байдлыг нотлох малын А данс нь ээж Г-гийн нэр дээр гарсан мөн А аймгийн И сумын Б багт мал маллаж байсан байдлыг нотлох малын А данс нь архивт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй гэсэн учир аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь миний мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх ерөнхий зөвлөл нь миний мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн тул миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох зорилготой 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Д.Д миний З аймгийн А сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн И сумын Б багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1969 онд З аймагт төрж байсан. 1989 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирж байсан. Цэргээс халагдаж ирснээсээ хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байна. 1997 онд эхнэртэйгээ гэр бүл болж байсан. Үүнээс өмнө ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Цэргээс ирээд буюу 1990 оноос хойш мал маллаж байна. Би, ээж, О дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Бага дүүг маань сургуульд сурч байх үеэр нь буюу гэртээ байхгүй байх үед нь бүртгэл авсан байх. Би гэрлэснийхээ дараа өрх тусгаарласан. Би А аймаг руу шилжиж ирэхэд ганц өрхөөрөө шилжиж ирээгүй. Ээж маань өндөр настай байсан тул хамт шилжиж ирж байсан. Би 50 нас хүрээд малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1995-2000 он хүртэлх хугацааны малын А данс Архиваас гарахгүй байгаа. Иймд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл З аймгийн А сумын А багт, 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл А аймгийн И сумын Б багт мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна гэв.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            - Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03-10/1950 дугаартай архивын лавлагаа,

            - Д.Д, Д.А нарын №20240415000757 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

            - Д.Д-ийн №2465000001000443 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

            - З аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А сумын А багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Д.Д 1996-1998, /1995 онд Г/ нэрээр мал тооллогын бүртгэлд: 1995 онд адуу 7, үхэр 15, хонь 65, ямаа 20, бүгд 107, 1997 онд үхэр 20, хонь 41, ямаа 8, бүгд 69, 1998 онд адуу 6, үхэр 34, хонь 70, ямаа 10, бүгд 120 гэсэн,

            - Д.Г-гийн 1995 оны малын А данс,

            - Д.Д-гийн 1998 оны малын А данс,

            - З аймгийн А сумын А багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай тодорхойлолтод: Иргэн Д.Д нь 1990-1994 оныг дуустал А сумын А багт мал маллан амьдарч байсан нь үнэн болохыг уламжлан тодорхойлов гэсэн,

            - З аймгийн  даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай тогтоолд “... З аймгийн А сумын А багт оршин сууж 1995-1999 онд 107-120 толгой мал маллаж байсан малчин Д.Д-г нийт 1 жил малчнаар ажилласнаар тооцов...” гэжээ.

            - З аймгийн  даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...А багт малчнаар ажиллаж байсан Д.Д-гийн 1996 оныг малчнаар тогтоож шийдвэрлэв...” гэжээ.

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/10 дугаартай тогтоолд ... А аймгийн И сумын иргэн Д.Д нь 1990-2000 онуудад мал маллаж байсныг нотлох баримт хангалтгүй, малын А дансны овог, нэр зөрүүтэй байх тул тогтоох боломжгүй гэж шийдвэрлэв гэсэн,

            - А аймгийн Архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 750 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт И сумын Б багийн малын А дансны 1999-2000 оны материал шилжиж ирээгүй тул Д.Д-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна гэсэн,

            - А аймгийн И сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/95 тоот тодорхойлолтод: Тус сумын иргэн Д.Д нь 1999-2000 онд Б багт мал маллаж байсан нь үнэн болно гэсэн,

            - А аймгийн И сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 239 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Д.Д нь 1999-2000 онд Хүнүйн голын Халзан гэх газраар мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,

            - А аймгийн И сумын Засаг даргын тамгын газраас 2000 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Д.Д-д хадгалуулсан Дурсамж,

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоолд Д.Д-гийн 1990-1994 онд мал малласан хугацааг малчнаар ажилласнаар тооцсугай гэсэн,

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 32/15 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,

             

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч М.Д-гийн шүүхэд өгсөн “...Манайх 1991 оноос 1999 оныг хүртэл З аймгийн А сумын А багт, 1999 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Б багт хувийн малаа маллаж байна. Д.Д нь 1995 оноос 1999 оныг хүртэл З аймгийн А сумын А багт, 1999 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Б багт хувийн малаа маллаж байна. Д.Д нь манай нөхөр н.Б-тэй нэг оны цэргүүд юм. Манайх Д.Д-гийнхтай 1995 оноос хойш айл аймаг, саахалт байгаа. 1999 оны намар манай хоёрынх А аймгийн И сумын Б баг руу шилжиж ирсэн. Д.Д-гийнх З аймгийн А сумын А багийн Т гол гэх газраар, А аймгийн И сумын Б багийн Х-гийн ам гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Д нь 1995 оноос 1999 оныг хүртэл ээж Г, дүү нарын хамт мал маллаж байгаад эхнэр н.А-тай 1997 онд гэр бүл болсон. Д.Д-гийнх А аймгийн И сумын Б баг руу шилжиж ирэхэд хоёр айл /хоёр өрх/ шилжиж ирж байсан. Д.Д нь 1999 онд А аймгийн И сум руу шилжиж ирэхдээ ээжийнхээсээ өрх тусгаарлаад, эхнэртэйгээ гэр бүл болсон байсан. Түүнээс хойш эхнэртэйгээ хамт хувийн малаа маллаж байгаа. Д.Д-гийнх 500-600 тооны мал малладаг. Д.Д нь малчнаас өөр ажил хийж байгаагүй, 1995 оноос хойш одоог хүртэл хувийн малаа маллаж байгаа. Манайх Д.Д-гийнхтай ойрхон айл аймаг байдаг болохоор би түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,

            -Гэрч Ө.Б-ны шүүхэд өгсөн “...Би 1992 оноос 2019 оныг хүртэл А аймгийн И сумын Б багийн Хүнүйн гол гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байсан. Д.Д нь 1999 оны намар З аймгаас А аймгийн И сумын Б баг руу шилжиж ирж байсан. Д.Д нь ээжийнхтэй хамт хоёр айл нүүж ирж байсан. Д.Д нь ээжийнхээсээ тусдаа айл гэр болсон байсан. Д.Д 1999 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Б багийн И гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Д-гийнх 500 гаран тооны мал малладаг. Д.Д нь эхнэртэйгээ хамт хувийн малаа маллаж байгаа. Д.Д нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Д нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Д.Д-гийнхтай ойрхон айл аймаг байдаг болохоор би түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,

           - Гэрч Г.М-ийн шүүхэд өгсөн ...Манайх 1991 оноос 2000 оныг хүртэл З аймгийн А сумын А багт, 2000 оноос одоог хүртэл З аймгийн Б сумын М багт хувийн малаа маллаж байна. Д.Д нь 1995 оноос 1999 оныг хүртэл З аймгийн А сумын А багийн Т гол гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байсан. Д.Д нь ээж н.Г болон дүү нарын хамт хувийн малаа маллаж байсан. Д.Д-гийнх 1999 оны намар А аймгийн И сум руу шилжсэн. Д.Д нь ээж н.Г, дүү нарын хамт А аймгийн И сум руу шилжсэн. Д.Д-гийнх ээжийнхтэй хамт нэг айл /нэг өрх/ нүүсэн санагдаж байна. Д.Д-гийнх 200-300 тооны мал малладаг байсан. Д.Д нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Д.Д-гийнхтай ойрхон саахалт байдаг байсан болохоор би түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

           - Гэрч С.Д-гийн шүүхэд өгсөн ...Би 1992 оноос 2019 оныг хүртэл А аймгийн И сумын Б багийн Хүнүйн гол гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байсан. Д.Д нь 1999 оны намар З аймгаас А аймгийн И сумын Б баг руу шилжиж ирж байсан. Д.Д-гийнх нүүж ирэхдээ ээжийнхтэйгээ хамт хоёр айл нүүж ирж байсан. Д.Д 1999 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Б багийн И гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Д-гийнх 500 гаран тооны мал малладаг. Д.Д нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Д нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Д.Д нь эхнэртэйгээ хувийн малаа малладаг. А аймгийн И сумын Б багийн И гэх газар Д.Д-гийнхтай н.Д, н.Б, н.Ц, н.Б гэх айлуудтай айл аймаг байдаг. Манайх Д.Д-гийнхтай ойрхон айл аймаг байдаг байсан болохоор би түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Д.Д-гийн 1990 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/604 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4046 тоот лавлагаанд: А аймгийн И сумын Б багийн хөдөө оршин суух Д.Д, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 05 дугаар сард төрсөн, 30 настай, эрэгтэй ... гэсэн,

- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн И сумын Б багийн хөдөө оршин суух Д.Д, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 05 дугаар сард төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин... ” гэсэн,

- З аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/1237 дугаартай А сумын А багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Д.Д 1995-2000 оны мал тооллогын бүртгэлд: 1997 онд адуу 4, үхэр 10, хонь 20, ямаа 1, бүгд 35, 1998 онд адуу 6, үхэр 34, хонь 70, ямаа 10, бүгд 120 гэсэн,

- З аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/1237 дугаартай А сумын А багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Д.Г 1995-2000 оны мал тооллогын бүртгэлд: 1995 онд адуу 7, үхэр 15, хонь 65, ямаа 20, бүгд 107, 1997 онд адуу 16, үхэр 10, хонь 88, ямаа 42, бүгд 156, 1998 онд адуу 4, үхэр 8, хонь 30, ямаа 10, бүгд 52 гэсэн,

- Д.Дгийн 1998, 1999 онуудын малын А данс,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Д.Д-гийн З аймгийн А сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, А аймгийн И сумын Б багт 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

            -Д.Д, Д.А нарын №20240415000757 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

            - Д.Д-гийн №2465000001000443 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

            - З аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А сумын А багийн мал тооллогын бүртгэл,

            - Д.Г-гийн 1995 оны малын А данс,

            - Д.Д-гийн 1998 оны малын А данс,

            - З аймгийн А сумын А багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай тодорхойлолт,

            - З аймгийн  даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай тогтоол, тэмдэглэл,  

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/10 дугаартай тогтоол,

            - А аймгийн Архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 750 тоот тодорхойлолт,

            - А аймгийн И сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/95 тоот тодорхойлолт,

            - А аймгийн И сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 239 тоот тодорхойлолт,

            - А аймгийн И сумын Засаг даргын тамгын газраас 2000 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Д.Д-д хадгалуулсан Дурсамж,

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоол,

          - Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 32/15 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,

- Д.Д-гийн 1990 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/604 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4046 тоот лавлагаа, хавсарган ирүүлэн баримт/,

- З аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/1237 дугаартай А сумын А багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Д.Д 1995-2000 оны мал тооллогын бүртгэл,

- З аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/1237 дугаартай А сумын А багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Д.Г 1995-2000 оны мал тооллогын бүртгэл,

          - Д.Д-гийн 1998, 1999 онуудын малын А данс

          -Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч М.Д, Ө.Б, Г.М, С.Д нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч Д.Д нь З аймгийн А сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, А аймгийн И сумын Б багт 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

          2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б овгийн Д.Д-гийн З аймгийн А сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, А аймгийн И сумын Б багт 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН