Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/683

 

 

 

 

 

 

   2022             6              30                           2022/ДШМ/683

 

Б.О-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О-д холбогдох эрүүгийн 2205000000185 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б............... овгийн Б-ын О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............................. төрсөн, .. настай, э.........., .......... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...................... хамт ..................... дүүргийн .. дүгээр хороо, ................ ...... .. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: .............../.

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж буй “.....” ХХК-ийн барилгын 01 давхрын агуулахын хаалгыг эвдэж нэвтрэн орж, 100 метрийн урттай 14 ширхэг цахилгааны утаснуудыг хулгайлж, өөрийн унаж явсан “Toyota Sai” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, 1.408.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.О-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О-ыг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлж, Б.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 25.655.810 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, өөрийн болчимгүй үйлдэлдээ маш ихээр харамсаж, гэмшиж байна.

Миний бие эхнэр болон 1-14 насны 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр маань ажилгүй, хүүхдүүдээ хардаг. Ар гэрийн амжиргааны байдал хүндэрсэн. Банкны их хэмжээний өр зээлтэй, уг гэмт хэрэгт холбогдохоос өмнө “Toyota Sai” маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан. Гэтэл өөрийн ухаангүй, болчимгүй үйлдлээс болж уг гэмт хэрэгт холбогдож, зээлийн эргэн төлөлтийг барагдуулж төлөх чадваргүйгээс уг автотээврийн хэрэгслийг хураалгасан. Мөн албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд Б.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 25.655.810 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний үйлчлүүлэгч Б.О шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн холбогдох хэргийг үйл баримт болоод гэм буруугийн талаар огт маргаагүй, хохирол төлбөрөө бүрэн төлж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэгт холбогдсон. Хувийн байдлын хувьд бага насны 4 хүүхэдтэй. Их хэмжээний өр ширэнд орж, хашаа байшингаа зээлийн барьцаанд тавьсан. Унаж явсан автомашины хувьд ББСБ-иас зээлээр авсан боловч төлж чадахгүйн улмаас ББСБ-д хураалгасан нөхцөл байдалтай байна. Тиймээс анхан шатны шүүхээс Б.О-д хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Машин механизм ашигласан бол хүндрүүлж зүйлчилэхээр хуульд заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг ойлгож байгаа. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж ойлгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж буй “.....” ХХК-ийн барилгын 1 давхрын агуулахын хаалгыг эвдэж нэвтрэн орж, 100 метрийн урттай 14 ширхэг цахилгааны утаснуудыг хулгайлж, 1.408.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-10/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-14/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 49-50/,

хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн “...2022 оны 1 дүгээр сарын 08-нд манай компанийн ажилчид оройн 18 цаг гээд бүгд ажлаа тараад явсан ба ажил дээр үүдний харуул Ж.Баттулга үлдсэн. Тэгээд намайг гэртээ орох гэж байтал 20 цаг 35 минутад над руу залгаад танай өрөөнд хулгай орсон байна, би ороогүй цагдаа дуудсан та хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би инженер О.Батчулуунд хулгай орсон талаар утсаар хэлчихээд ажил дээр ирсэн. Тэгэхэд манай барьж байгаа барилгын 01 давхарт байдаг агуулахын хаалгыг эвдэж ороод тухайн өрөөнд байсан цахилгааны 14 ширхэг утас хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” /хх 19/,

гэрч Ж.Б-ын “...2022 оны 01 дүгээр сарын 08-нд би тус барилгын харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Би камерын дэлгэц хараад байж байтал камер ажиллахгүй байсан. Тэгээд камер мэддэг хүнээ дуудаад би өөрөө дотогшоо ороод шалгаж байхад коридорын гэрэл байхгүй харанхуй байсан. Гайхаад гэрлээ асаагаад очиход камерыг хажуу тийш болгочихсон байдалтай байсан. Хажуу талд нь байсан агуулахын өрөөний цоожийг эвдэлсэн байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж бодсон...” /хх 27-28/,

гэрч В.У-ын “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэрийг нь мэдэхгүй нэг залуу орж ирээд барилгын ажил хийж байгаа, илүү гарсан утас байгаа юм хэдэн төгрөг болох вэ гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөгөөр 14 ширхэг цахилгааны утас худалдаж авсан. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө залуу буцаж ирээд зарсан утсаа буцааж авъя, манай утас байна гээд мөнгөө буцааж өгөөд явсан. Манайд ямар нэгэн учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх 43-44/,

шүүгдэгч хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар /хх 68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67/, шүүгдэгч Б.О-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаатай дүгнэлт хийжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.О нь тус барилгын 1 давхрын агуулахын хаалгыг эвдэн нэвтрэн орж, 100 метрийн урттай 14 ширхэг цахилгааны утаснуудыг хулгайлан авч гараад хулгайлах гэмт хэргийг төгссөний дараа өөрийн жолоодон явсан .......... улсын дугаартай “Toyota Sai загварын автомашинаар зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Харин хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэлд “машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.О нь хулгайн гэмт хэргийг үйлдэх үедээ учрах саадыг урьдчилан машин, техник ашиглаж үйлдээгүй байна.   

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-ын зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Шүүгдэгч Б.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй гэж үзсэн бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдсан гомдлуудаас “...албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Б..... овгийн Ба-ын О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэснийг “...Шүүгдэгч Б.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтын “...шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ