Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/00917

 

Х.Батаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 216 дугаар шийдвэр,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалтай,

Х.Батаагийн нэхэмжлэлтэй

Б.Баттогтоход холбогдох

2 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Баттогтохтой 2013 онд танилцаж найз нөхөд болсон. Эхэндээ зан байдлыг нь мэдэхгүй хэлсэн үгэнд нь итгэдэг байсан. Сүүлдээ зангаа таниулж мөнгөөр туслахгүй бол элдвээр доромжилж янз бүрийн зан гаргадаг болсон. Түүний татах тамхи, унах унааных нь шатахууныг би өгдөг байсан. Би жаргал, зовлонгоо хуваалцах гэж дотно танилцсан биш сүүлдээ хүнээс зээлж авсан мөнгөө төлж чадахгүй хэрэгт холбогдон ял шийтгүүлж хохирсон. Би өрх толгойлсон 5 хүүхэдтэй, 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ хамт амьдардаг. Д.Баттогтох нь миний зовлон жаргалыг хуваалцах биш намайг өрөнд оруулсан тул өөрийн ХААН банкны 5045471234 тоот данснаас Б.Баттогтохын ХААН банкны 5045365599 дансанд шилжүүлсэн 1 450 000 төгрөг, автомашины 4 ширхэг дугуй 320 000 төгрөг, охин н.Хуландаа надаар авахуулсан куртикны үнэ 160 000 төгрөг, хүүхдийн бэлэгний 200 000 төгрөг, нийт 2 130 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 1 450 000 төгрөг гаргуулахаар багасгаж байна. Надаас Б.Баттогтох нь машины сэлбэг, машины өр нэхэгдлээ гээд мөнгө авахдаа “өвс зараад өгнө” гэж хэлдэг, буцааж өгч байгаагүй. 7 000 000 гаран төгрөг авсан ч баримтгүй учир нэхэмжлэхгүй. Би Б.Баттогтоход итгэж байсан учраас мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хүнээс зээлж өгдөг байсан. Надад түүнд мөнгө зүгээр өгөх амьдралын боломж байхгүй. Иймээс миний түүнд шилжүүлсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 10 дугаар сард Х.Батаа гэдэг хүнтэй танилцаж, албаны болон амины ажилд нь хөдөө орон нутагт үйлчлэх орон тооны бус жолоочоор машинтай орж ажилласан. Хонгор 20 000 төгрөг, Салхит 40 000 төгрөг, Орхон 50 000 төгрөг гэх мэтээр тохиролцож, ажилд явж зардал мөнгөнөөсөө машины тос бензинээ авдаг байсан. Х.Батаа намайг “5 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” гээд надаас 400 000 төгрөг бэлнээр авсан ч би Х.Батаагаас авах биш өөрөө өрөнд орж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Х.Батаагийн нэхэмжилсэн мөнгийг өгч чадахгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Баттогтохоос 1 450 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Батаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэх болох 680 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Батаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжид 38 150 төгрөг гаргуулж Төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ. 

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 2 130 000 төгрөгөө шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт тодруулахдаа Б.Баттогтох надаас мөнгө зээлж авахдаа “өвс зараад буцаагаад өгнө” гэдэг байсан юм. Уг нь Б.Баттогтохыг 7 000 000 төгрөг зээлэхэд нь би буцааж авах зорилготой, “өвсөө зараад өгнө” гэж байсанд нь итгэж зээлүүлсэн. Баримтгүй болохоор 7 000 000 төгрөг нэхэмжилж чадахгүй байна. Баримттай өгсөн 1 450 000 төгрөгөө нэхэмжилж байна гэж тайлбарласан нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчид өгч байсан мөнгөө буцааж авах зорилготой нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Дээрх байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ нотлох баримтаар тогтоогдсон 1 450 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс авч байсан мөнгөнийхөө талаар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа үгүйсгэдэггүй, авч байсан мөнгөө зээлж авч байгаагүй ч, харин ажлын хөлсөө авдаг байсан гэж тайлбарладаг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу өөрөө нотлох ёстой байтал энэ талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн хариуцагчид 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр түүний 99169971 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтанд “шүүх хуралдаанд оролцоно” гэж тэмдэглэгдсэн баримт хэрэгт авагдсан байгаа нь анхан шатны шүүх нь шүүх хуралдааны товыг хуулийн дагуу мэдэгдсэн гэж үзэхээр байгаа тул хууль зөрчөөгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Б.Баттогтохоос 1 450 000 төгрөг гаргуулах Х.Батаагийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөх боломжтой байхад тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь 2 130 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 680 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 1 450 000 төгрөгийг Б.Баттогтохоос буцаан гаргуулах нэхэмжлэлийн хэмжээнд анхан шатны шүүх хэргийг хэлэлцсэн байна. /хх- 1, 41/

Х.Батаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээл гэж тодорхойлон,  Б.Баттогтохын эзэмшлийн дансанд 1 450 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн ХААН банкны дансны хуулгууд, тус банкны 2016 оны 02 дүгээр сарын 26-ны өдрийн 01/45 дугаар албан бичгээр нотлогдоно гэжээ.

Хариуцагч Б.Баттогтох нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг мөнгийг нэхэмжлэгчийн зүгээс жолоочоор ажиллуулсны зардал, хөлсөнд шилжүүлсэн гэж маргасан боловч татгалзлаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийн үйл баримтыг тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлоогүй гэж үзэх үр дагаврыг давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч ямар зорилгоор мөнгө шилжүүлснийг тодруулах шаардлагатай гэж буруу тайлбарласнаар шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 1 450 000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй  болохоо нотлоогүй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь данснаас хариуцагчийн дансанд 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 1 450 000 төгрөг шилжсэн нь тогтоогдсон, уг мөнгийг буцаан төлүүлэхээр шаардсанаас үзэхэд зээлийн үүрэг үүссэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй талаар хариуцагч гомдол гаргаагүй байхад хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна. /хх-33/

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 216  дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Батааг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА