Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 292

 

                                                                            

Ш.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар магадлалтай, Ш.О-д холбогдох 1709003910416 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар баривчлах ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.4-д зааснаар 5 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар 10 хоног баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, У овогт Ш-н О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.О-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 8 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан  гомдолдоо “Шүүгдэгч Ш.О нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн талаар маргаагүй нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэг хүртэл өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, анхан шатны шүүхээс Ш.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж тухайн зүйл хэсэгт оногдуулах ялын доод болон дээд хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал зэрэг болзол шалгуурыг үндэслэн хуульчилжээ. Дээрх хуульд заасан хэм хэмжээнээс үзэхэд “ял оногдуулж болно” гэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал болгон хуульчлаагүй ба “ял оногдуулна” гэж заасан нь заавал биелэгдэх шинжтэй хуулийн хэм хэмжээ болох нь тодорхой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Ш.О-ыг өмнө нь гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд дээрх хуулийн заалтыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.О нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг үндэслэн Ш.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Л.Ц-ны өмчлөлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу түргэн үйлчлэх цэгийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж, 312,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.О нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаж, ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой байхад анхан болон давж заалдах шатны шүүх хорих ялыг хөнгөрүүлээгүй үндэслэлээ түүний өмнө ял шийтгүүлж байсан хувийн байдалтай нь холбож дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа хүний хувийн байдлыг харгалзан үзэх тухай зохицуулалт нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай болохоос бус ялын хэмжээг тогтооход нөлөөлөх учиргүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.О-ыг 1 жил хорих ял шийтгэсэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.О-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “2 жил 8 сар” гэснийг “1 жил” гэж өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН