Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ш.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох, 

“Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар захирамж, Сүхбаатар сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 тоот захирамжаар газар эзэмшүүлэх нөхөн олгосон шийдвэр, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000010005 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1317000105 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000281296 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Эрдэнэцэцэг  

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Засаг даргыг төлөөлж Д.Баттүвшин, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргыг төлөөлж Б.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг төлөөлж Б.Зол-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Ш.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ш.Энхтайван нь гэр бүлийн хамт Сүхбаатар сумын Боргүвээний нутаг дэвсгэрт 1986 онд хувийн хэрэгцээнд зориулан 60 жилийн хугацаатай ашиглах, эзэмшихээр тухайн үеийн  Сүхбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор олгогдсоноор, 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 56 тоот үнэмлэхийг олгогдсон билээ. 1991 оноос эхлэн тус газарт хашаа байшин барьж хүнсний ногоо тариалан тухайн үеийн усны аж ахуйн газраар 850 төгрөгийн өртөгтэй гүний цэвэр усны худаг гаргуулан өөртөө 10х8 хэмжээтэй 4 өрөө байшин 1993-1998 оны хооронд барьж тохижуулсан билээ. Мөн 1999 оноос хадам аав ээж 8х4 хэмжээтэй байшин барьж байсан. Бид өөрсдөө төрийн байгууллагад албан тушаал хашиж байсан тул зав зай муутай зуны цаг буюу ээлжийн амралтын үеэр байшингаа барьж тохижуулж байсан. Тэр үед Ш.Энхтайван би тус аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч, мөрдөн байцаагчаар Ш.Эрдэнэцэцэг эхнэр Сэлэнгэ аймгийн татварын хэлтэст ахлах байцаагч, татварын хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан цаг зав муутай тул их удаан барьж зарим жил зундаа ч ирж чадахгүй үе байлаа. Хөрш айлууддаа захиад өвөлждөг байсан. /хөршүүд Түвшинжаргал, Бямбадорж, Оюунбат нарынх/

Гэтэл 2003 онд Пунсал гэгч эмэгтэй /эхнэр Ш.Эрдэнэцэцэгтэй хамт Аймгийн АДХГЗ-нд  нэгэн үе ажиллаж байсан/ ууүзаж бид орох орон гэргүй болчихлоо туслаач хороололд байдаг байшиндаа өвөлжүүлээч гэж гуйхад бид зөвшөөрсөн. Тэднээс ямар ч үнэ хөлс авдаггүй байсан. Тэд манай хашаа байшинд 2003-2005 онд амьдарсан. 2004-2006 онд манай гэр бүлд олон зовлон тохиолдож 2004 онд хүү маань ослын улмаас нас барж, 2005 бага хүү маань хүндээр өвдөж бид байнга УБ хот руу хүүхдээ авч эмчилгээнд явдаг болсоноор хорооллын байшин хашааг эзэнтэй байгаа гэж бодон огт анзаараагүй байлаа. Гэтэл 2005 оны намар хөршүүд утсаар байшинг чинь буулгаж байна гэснээр Цагдаагийн хэсэг нөхдийн хамтаар ирэхэд аавын маань байшинг үүрээр, манай байшинг дотор талаас эхэлж нурааж байсныг барьж авсан. 

Л.Мягмаржав тэр үед юу ч хэлэлгүй хашаа даваад зугтаасан. Тэр цагаас хойш огт уулзаагүй /Пунсалын нөхөр/. 2006 онд бид УБ хот руу ар гэрийн гачигдлаар шилжих болж хашаа, худаг, модон материал, өвөлжөө, ногооны талбай зэргийгээ хөрш Түвшинжаргалд захиад ногооны талбайг ашиглаж байхыг зөвшөөрөөд явсан. Бид байнгын холбоотой байдаг. Охин Баярмаа тусдаа гэр бүл болон гарах болж хашаанд байшин барих санал тавихад бид багахан газарт барихыг зөвшөөрсөн байсан. 

Гэтэл 2013 онд Л.Мягмаржав гэгч байшинд маань түр суугч ирж газар чөлөөл гэж загнаж одоо хүртэл дарамталж байна. Энэ үеэс эхлэн яагаад манай газар Л.Мягмаржавынх болсныг хуулийн журмаар шалгаад үзэхэд багийн засаг даргын тодорхойлолтыг худлаа хэлж авсан, улмаар түүгээрээ 2004 онд Сүхбаатар сумын Засаг даргаар захирамж, 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 тоот захирамжинд оруулан гэрчилгээ гаргуулан авсныг мэдсэн билээ. Энэ хувийн өргөдлөө би Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гарган хариуг авснаар 1986 онд олгогдсон газрын гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байхад гаргасан шийдвэр гэж үзэж байна. 

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 тоот захирамж, Сүхбаатар сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 тоот захирамжаар газар эзэмшүүлэх нөхөн олгосон шийдвэр, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000010005 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1317000105 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000281296 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Л.Мягмаржавын нэр дээр гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дахь заалтыг үндэслэн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Шаравдоржийн Энхтайваны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус захирамжийг аймгийн архиваас үзэж, шалгахад Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдэд зориулалтаар нь газрыг өмчлүүлсэн  Аймгийн засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 тоот захирамжаар иргэн Л.Мягмаржавт газар олгосон байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Лхамжав овогтой Мягмаржав болон Сүхбаатар сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус тус үндэслэн Шаравдоржийн Энхтайваны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Сүхбаатар сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хорооны иргэн Шаравдорж овогтой Энхтайван нь Мягмаржав овогтой Нарангэрэлийн нэр дээр гаргасан Сүхбаатар сумын Засаг даргын 2004 оны 211 тоот газар эзэмших нөхөн гэрчилгээ олгох захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч судалж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Ш.Энхтайваны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус захирамжийг аймгийн архиваас үзэж шалгахад Сүхбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Ш.Энхтайванд Боргүвээний 5 дугаар баг 9 дүгээр хэсэгт 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай үнэмлэх олгосон байна. Мөн дээрхи газарт Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2004 оны 383 тоот захирамжаар М.Нарангэрэлд газрыг өмчлүүлсэн байна. 2003 оноос 2008 оныг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Газрын албанаас ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар газар өмчлүүлсэн иргэдэд сумын Засаг даргын захирамжаар нөхөн газар эзэмшүүлэх захирамж гаргаж байсан бөгөөд 2004 оны сумын Засаг даргын орлогчийн 211 тоот захирамжаар М.Нарангэрэлд газар эзэмшүүлэх эрхийг нөхөн олгох тухай захирамж гаргах гэрчилгээ олгосон байна. Иймд нэхэмжлэгч Ш.Энхтайваны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг төлөөлж Б.Зол-Эрдэнэ  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байршилтай 2618.8 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-д тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр Аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 тоот захирамжийг хавсаргасан тул иргэн Лхамсүрэнгийн Мягмаржав /МЮ-47070294/, Раднаагийн Пунсал /МЮ-53032265/, Мягмаржавын Жанчивдорж /МЮ-77041379/, Мягмаржавын Нарангэрэл /МА-89121307/, /дөрвөн иргэний өмч/-нарын нэр дээр анх улсын бүртгэлийн Г-1317000105 дугаарт бүртгэн баталгаажуулсан  болно. Хуульд заасан нотлох баримтууд нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй болно.

Гэхдээ Ш.Энхтайваны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эрх бүхий шийдвэр гаргасан Аймгийн засаг дарга, Сүхбаатар сумын засаг дарга нар гуравдагч этгээд Л.Мягмаржав, М.Нарангэрэл  нар зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэр юу гэж гарна, түүнтэй холбогдуулан бүртгэлийг хүчингүй болгох уу, эсвэл өмчлөгч өөрчлөгдөх үү гэдгийг шийднэ гэв.

Гуравдагч этгээд Л.Мягмаржав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ш.Энхтайваны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 тоот захирамжаар Л.Мягмаржав надад олгосон 2422 мкв газар мөн Сүхбаатар сумын засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 тоот нөхөн олгосон захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Зохих хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М.Нарангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мягмаржав овогтой Нарангэрэл нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аав ээж ахын хамт 2007 он хүртэл амьдарч байсан. Тухайн үед миний аав ээжид амьдралын хүнд үе таарч амьдрах орон гэргүй болж ээж өөрийн Захиргаанд хамт ажиллаж байсан хүн дээрээ учир байдлаа хэлэхэд аавынхаа хороолол дахь байшинд амьдрахыг зөвшөөрсөн байдаг. Тэр үед Ш.Эрдэнэцэцэг эгч хэлэхдээ энэ хашаа байшингаа ногоо цагаа оруулаад ч хамаагүй худалдаж авч болно гэсэн юм байна лээ. Аав ээж 2 ногоо тарьсан ч тэр нь өөрсдийн хэрэгцээнд л болж байснаас илүү гарган өгч чадаагүй юм. Харин аав ээж 2, 3 жил амьдарчихлаа нэг ч төгрөг өгч чадсангүй тэртэй тэргүй зарна гэж байсан юм чинь 2-лаа зараад мөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй юм байна гээд тухайн үед хотоос хүмүүс ирж дүнзэн байшин худалдаж авч байсан юм. 

Тэгээд түүнийг зарахаар тохироод буулгаж байтал Ш.Эрдэнэцэцэг эгчийн нөхөр нь ирж уурласан хамгийн гол Ш.Эрдэнэцэцэг эгч нөхөртөө манайд хашаа байшингаа ногоо оролцуулаад ч хамаагүй зарах гэж байснаа хэлээгүй байсан юм шиг байгаан нөхөр нь ирж уурлаад зарахгүй гэж байснаа болиод өөрсдөө тэр хүмүүстэй тохиролцон зарсан байсан. Хамгийн сонин нь манай аав ээжийг зугтсан гээд байгаан бид зугтсан юм байхгүй. Сэлэнгэдээ өчнөөн жил амьдарсан. Тэр битгий хэл тэр байшин буулгаж байсан хүмүүсийн хоолыг нь хүртэл хийж өгч байсан. Үнэхээр тэр газраа гэж байсан бол тэр хугацаанд ганц ч сургалж ирээгүйгээ бүр сүүлд Ш.Эрдэнэцэцэг эгчийн нөхөртэй машины зах дээр таарахад ч юу ч газрын талаар яриагүй гэсэн. Бид үнэндээ тэр газар манай нэр дээр байгааг ч мартсан байсан. Сая 2015 оны газрын сонгууль болж бид нэрээ оруултал биднийг өмчийн газартаа хэмээн гарч ирснийг сургалтал тухайн газар гарч ирсэн. Миний бие аав ээжийнхээ нэрийг хасуулж өөрийн нэрлүүгээ тэр газрыг шилжүүлж авсан. Биднийг өөрсдийг нь дарамталсан гэсэн байх юм. Саяхан би Ш.Эрдэнэцэцэг эгч рүү ярьсан тэгээд за өөрөө газраа авна гэвэл өгнө. Харин тэр Түвшин ахад бол өгөхгүй тэгэхдээ та тухайн үед аав ээжид зарна гэж байсан юм байна лээ ш дээ гэж хэлсэн. Тэгээд намайг аав ээжийгээ яриулаарай гэсэн би тухайн орой нь ээжтэй яриулах санаатай залгатал утсаа аваагүй. Өөрт чинь бол газрыг чинь өгнө гэж хэлсэн маань дарамталдаг болдог юм бол яахав. Эцэст нь хэлэхэд хүн ингэж хүнийг гүтгэж болохгүй миний аав ээж хүнийг луйвардах сэтгэл өчүүхэн төдий ч байхгүй амьдралдаа алдаж амьдрал нь хэцүү явсан нь үнэн тэр үед тус болсон сайхан сэтгэлд чинь талархаж байна. Гэхдээ хүн хэлсэн ярьснаа санаж л байх хэрэгтэй шүү.

Өөрийн нэр дээр байгаа тэрхүү газрыг хүчингүй болгоход миний зүгээс татгалзах зүйлгүй болно. Хожим миний газар өмчлөх эрхэд нөлөө гарахгүй байх гэж найдаж байна гэжээ.      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ардын депутатын гүйцэтгэх захиргаа гэж байхад буюу 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 тоот тогтоолоор Ш.Энхтайван “Бор гүвээ”-ний 5 дугаар баг, 9 дүгээр хэсэгт 60 жилийн хугацаатай газар олгосон. Энэ захиргааны акт хүчин төгөлдөр хэвээр байгаа, гэтэл тухайн үед гуйлтаар Ш.Энхтайван, Ш.Эрдэнэцэцэг нарын байшинд амьдарч, хашаа байшинг нь түр эзэмшиж байсан. Л.Мягмаржав нь дур мэдэн бусдын орон байрыг буулгах, нураах, зарах зэрэг зохисгүй үйлдэл гаргасан ба тухайн үед нь энэ зөрчлийг таслан зогсоосон боловч газрыг дээрх хүний нэр дээр шилжсэн гэдгийг мэдээгүй байсан. Ингээд шүүх хурал иргэний журмаар явагдаж байх үед энэ асуудал сөхөгдөн гарч ирж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сүхбаатар сумын Засаг даргын 2014 оны холбогдох захирамжуудаар Л.Мягмаржав гэдэг хүний нэр дээр, түүнээс улбаалаад Мягмаржавын Нарангэрэл гэдэг хүнд давхар эзэмшүүлээд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гарчихсан. Ингээд холбогдох хүмүүст, тодруулбал Л.Мягмаржав, М.Нарангэрэл нар нь тухайн үед газар Ш.Энхтайваны нэр дээр байгаа тул маргалдах зүйлгүй, захиргааны актыг буюу 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 тоот, 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын 211 тоот захирамжуудыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг болон хүсэлтээ хавтаст хэргийн материалд өгсөн. Мөн шүүх хуралдаанд холбогдох байгууллагуудыг төлөөлөн оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн шаардлага болох холбогдох захирамжуудыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй талаараа тайлбар мэдүүлэг өглөө.

Иймд дээрх Сэлэнгэ аймгийн засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 тоот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын 211 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тогтоогдох юм бол түүнийг шууд хүчингүй болгохоор хуульчилсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэлийг ямар нэг байдлаар өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зэрэг асуудал дээр заавал захиргааны хэргийн холбогдох шийдвэр байсан тохиолдолд өмчлөгчийн эрхийг сольдог. Нэгэнт гэрчилгээ олгогдсон учраас хууль ёсны өмчлөгч Ш.Энхтайванд гэрчилгээ гаргуулах учраас хуучин гэрчилгээг хүчингүй болгох хүсэлт гаргасан. Үүнийг улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн учраас үүн дээр ямар нэг маргаантай асуудал байхгүй. 

Үндэслэх нь:

Ш.Энхтайваны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох, Сэлэнэ аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар захирамж, Сүхбаатар сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 тоот захирамжаар газар эзэмшүүлэх нөхөн олгосон шийдвэр, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000010005 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1317000105 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000281296 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчид тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ш.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Учир нь: Иргэн Ш.Энхтайванд Сүхбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ОСГ-ын 8 дугаар хороо, одоогийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амины хэрэгцээнд газар эдлэх эрхийг олгож 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 56 тоот үнэмлэх олгогдсон байна.

Ш.Энхтайванд олгосон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагчид, гуравдагч этгээд нар нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин иргэн Ш.Энхтайванд газар эзэмших эрх олгосон тогтоол, үнэмлэх хүчинтэй байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь энэ тухай баримтыг зохих журмын дагуу шалгалгүйгээр иргэн Л.Мягмаржавт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар... тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсоны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэсэн заалтыг зөрчжээ.

Аймгийн Засаг дарга 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар захирамжаар иргэн Л.Мягмаржавт газар өмчлөх захирамж, Сүхбаатар сумын Засаг дарга 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 дүгээр захирамжаар Л.Мягмаржавт газар эзэмшүүлэх нөхөн олгосон шийдвэр гаргахдаа анх иргэн Ш.Энхтайванд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор олгосон газартай давхардуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг мөн зөрчсөн байна.

Мөн 2003 оноос 2008 оныг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Газрын албанаас ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар газар өмчлүүлсэн иргэдэд Сүхбаатар сумын Засаг даргын захирамжаар нөхөн газар эзэмшүүлэх захирамж гаргаж байсан боловч иргэн Л.Мягмаржавт олгосон 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 дүгээр Сүхбаатар сумын Засаг даргын газар эзэмшүүлэх нөхөн олгосон шийдвэр нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн шийдвэр гаргаагүй, захирамжийн он, сар, өдөр зөрүүтэй, захирамж Сүхбаатар сумын Засаг даргын орлогч гэсэн нэр томъёогоор төлөвлөгдсөн, гарын үсэг, тамга тэмдэг дарагдаж баталгаажаагүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Сэлэнэ аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар захирамж, Сүхбаатар сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 тоот захирамжаар газар эзэмшүүлэх нөхөн олгосон шийдвэр, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/385 дугаар хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх тухай захирамж, газар өмчлөхөд газрын хэмжилт, зураглал хийж, хүлээлгэж өгсөн тухай акт, өмчилж байгаа газрын байршлын кадастрийн зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлэг, өргөдөл, өвлөх эрхийн гэрчилгээ, Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, итгэмжлэл, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/81 дугаар захирамж, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт зэргийг үндэслэн 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1317000105 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000010005 дугаартай гэрчилгээг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Г-1317000105 дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000281296 дугаартай гэрчилгээг олгожээ.

Дээрх хуульд заасан нотлох баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй боловч эрх бүхий шийдвэр гаргасан Аймгийн Засаг дарга, Сүхбаатар сумын Засаг дарга нарын гаргасан шийдвэр, гуравдагч этгээд Л.Мягмаржав, М.Нарангэрэл нарт олгосон газар эзэмших болон өмчлөх захирамжууд нь хууль зүйн үндэслэлгүй гарсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэгэнт бүртгүүлэх эрхгүй этгээд болох Л.Мягмаржав, М.Нарангэрэл нарын  нэрээр хийлгэсэн улсын бүртгэлийг шүүх хүчингүй болгох үндэслэлтэй байх тул 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын иргэн Л.Мягмаржавт холбогдох хэсэг,

Сүхбаатар сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 дүгээр захирамжийн Л.Мягмаржавт холбогдох хэсэг,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/385 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтын иргэн М.Нарангэрэлд холбогдох хэсэг,

Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2004 оны 10  дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000010005 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1317000105 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000281296 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас тус тус 23.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Энхтайванд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.БАЙГАЛМАА