Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/684

 

 

 

 

 

 

 

  2022             6              30                                        2022/ДШМ/684          

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Баатардорж,

шүүгдэгч Ц.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав, Б.Цолмон-Эрдэнэ, П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2110022670157 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х......... овгийн Ц-ы Б, 19.... оны .. дугаар сарын ..-ны өдөр ............................ төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, .................. мэргэжилтэй, “...” ХХК-ийн ................. ажилтай, ам бүл .., ....................... хамт ................. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хэсэг, ................. гудамжны ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ...................../.

Шүүгдэгч Ц.Б нь хуульч, өмгөөлөгч биш атлаа Ц.Б-ын холбогдсон эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхөд мөнгө шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулснаар Н.Б 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн орчим 18.000.000 төгрөг бэлнээр, мөн сарын 25-ны өдөр 7.300.000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 4.500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим гүйлгээгээр тус тус Ц.Б-д шилжүүлсэн буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Б-д 29.800.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн 2110022670157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд өмнө ял шийтгэлгүй, анх удаагаа найзынхаа гуйлтаар туслаж байна гэсэн гэнэн сэтгэлээр хандсаны улмаас тухайн үед гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэлгүй ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Ц.Б би цаашид хувийн зохион байгуулалт сайтай, аливаа зүйлд нухацтай, хариуцлагатай иргэн байна гэдгээ илэрхийлж байна.

Би хоригдох хүртлээ ТӨБЗГ-тай гэрээтэй худалдан авах ажиллагааны газарт, Төрийн өмчит газруудын бараа, ажил худалдан авах Тендерийн үнэлгээний хороо болон Эрдэнэс таван толгой ХК-ны Тендерийн үнэлгээний хорооны хараат бус гишүүний ажил эрхэлж байсан. Мөн уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт, стратеги гэрээний иж бүрдэлд консалтинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан.

Миний бие хоолойн ангина зүрх, үе мөчиндөө орсон системийн өвчтэй ба нойр булчирхайн архаг үрэвсэл, уушгины архаг бронхит, тархины цусан хангамжийн дутагдал савны хоргүй хавдарын хяналт эмчилгээг тогтмол хийлгэдэг. Одоо биеийн байдал тогтворгүй, эмээр өвчнөө дарж байна.

Иймд миний хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгон, хүлээн зөвшөөрч гэмшиж буйг, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч Н.Бг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутай гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй”, 4.2 дахь хэсэгт “өмгөөлөх хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, хуульч” гэж заасан байх тул өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй хэмээн нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтээ гаргахад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дэх хэсэгт заасан нотлох баримт ашиглан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь дээрх ял оногдуулахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. ... хэмээн дүгнэсэн атлаа тус зүйлийн дээд хэмжээ болох 3 жилээс 2 жил 6 сарын хорих ял оноосон нь дүгнэлттэйгээ зөрчилдөөнтэй байдлыг бий болгосон гэж үзэхээр байна.

Учир нь, Ц.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, түүний гэр бүлийн байдал, мэргэжил боловсрол, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна гэж заасныг зөрчсөн мөн түүний хувийн байдалд зүй зохистой байдлаар нийцээгүй, шударга ёсны зарчмыг хангаагүй, түүнд тохирсон ял оногдуулаагүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн бол цээрлүүлэх, эрхээ сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлж, урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн ба тус хуулийн үзэл санаа нь цээрлүүлэхээс илүүтэй хохирол төлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байгааг анхаарч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсч гомдолоо гаргаж байна.

Иймд Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, эсхүл мөн хуулийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирогчоос “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйл байхгүй” талаараа илэрхийлсэн. Шүүгдэгч Ц.Б нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээж, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байгаа. Иймд хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. ...” гэв.

Шүүгдэгч Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Б нь өөрийн холбогдсон гэмт хэргийн талаар огт маргаагүй бөгөөд гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгсөн ба өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар огт маргаагүй бөгөөд харин түүнд эрүүгийн хариуцлага тооцохдоо хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хохирогч Н.Б нь хохирол болох нийт 29.800.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, Ц.Б бид 2 олон жилийн найз нөхдийн харилцаатай учир нийгмээс тусгаарлаж, хорих ял биечлэн эдлүүлэх хүсэлгүй болохоо мэдүүлсэн байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт ... хохирогч Н.Б ... гомдолтой ... хэмээн өөр агуулгаар тусгасан байна.

Миний үйлчлүүлэгч Ц.Б нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа илэрхийлж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогчоос уучлал гуйсан гэх мэт шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх...” гэж заасан хөнгөрүүлэх нөхцлүүдийг хэрэглэх буюу түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хууль зүйн үндэслэл бүрэн хангагдсан байсан.

Гэтэл шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт хангагдаагүй мэтээр хандаж, “зургаан сараас гурван жил хүртэл хорих ял” оногдуулахаар заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдал болон шүүгдэгчийн хувийн байдалтай нийцээгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”-ын 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсныг зөрчиж, хорих ялыг оногдуулаад байна.

Иймд дээрх үр дагавар бүхий хөнгөрүүлэх нөхцлүүд болон Ц.Б-ийнхувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг “тэнсэж,” анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б-ийнөмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. Ганцхан хохирогч Н.Б-гийн мэдүүлгээр ялласан нөхцөл байдал харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Шүүгдэгч Ц.Б-ийнмэдүүлэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтвортой мэдүүлгээ өгсөн байдаг. Харин хохирогч Н.Б-гийн хувьд олон янзаар мэдүүлгээ өгсөн. Нэг болохоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр мөнгө өгсөн ч юм шиг, эсхүл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын үүднээс мөнгө өгсөн ч юм шиг зүйл харагддаг. Мөнгө өгсөн цаг хугацаа нь 2021 оны 5 дугаар сарын 20-ноос 25-ны өдрийн хооронд байдаг. Гэтэл энэ хугацаанд хохирогч Н.Б-гийн нөхөр цагдан хоригдсон байсан. Хэрэг шүүхээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан шийдвэрлэгдээд Н.Б-гийн нөхөр ял авсан байдаг. Яаж ч бодсон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ яригдахгүй. Шүүх дээр хэрэг хянагдаж байгаа нөхцөлд таслан сэргийлэх арга хэмжээ яригдахгүй. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах гэмт хэргийн зүйл, заалтад хохирогч Н.Б-гийн нөхрийн үйлдсэн гэмт хэрэг ороогүй байдаг. Цаг зүүлгэх ямарч боломж байхгүй гэдгийг мэдэж байсан. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд Н.Б-гийн үйлдэл хамрагдсан. Иймд шүүгдэгч Ц.Б-д заавал 2 жил 6 сарын хорих ял оногдуулах үндэслэлгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч Ц.Б-ийнтаслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар зөвхөн хохирол төлсөн гэж ярих юм. Миний амьдралд учирсан хор уршгийг яагаад ярихгүй байна вэ. Ц.Б нь санаатайгаар дахин давтан намайг залилсан үйлдэл нь миний амьдралд маш их хор уршиг учруулсан. Зөвхөн эдийн засгийн хохирол учруулаагүй. Иймд би маш их гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Н.Б-гийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар өөр, өөр байдлаар давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Ц.Бэс “...гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэдэг. Анхан шатны шүүх хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй. Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон бусад нөхцөл байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Ц.Б нь хуульч, өмгөөлөгч биш атлаа Ц.Б-ынхолбогдсон эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхөд мөнгө шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулснаар Н.Б 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн орчим 18.000.000 төгрөг бэлнээр, мөн сарын 25-ны өдөр 7.300.000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 4.500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим гүйлгээгээр тус тус Ц.Б-д шилжүүлсэн буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Б-д 29.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           

Хохирогч Н.Б-гийн “...2021 оны 5 дугаар сард миний нөхөр Ц.Бямба-Очир гэмт хэрэгт холбогдоод Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдсэн юм. Ингэж явж байгаад давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд дахин шүүхээр хэрэг шийдвэрлэх үед би нөхрөө ялгүй салгаж авахын тулд тухайн үед гэрээтэй байсан, өмгөөлөгч нартаа жоохон итгэл алдарч, сайн найз Бд яаж гаргаж авах вэ гэж энэ тухай ярьсан юм. Тэгтэл тэр орой нь Б над руу яриад маш хурдан асуудлыг шийдэх сайн өмгөөлөгч байна, ажлын хөлс нь 25.000.000 төгрөг өгөх шаардлагатай байна гэсэн. Би олж өгнө өө гээд хүнээс 18.000.000 төгрөг зээлээд маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түүний нөхөр Э.Бат-Очирын дансанд шилжүүлсэн боловч удалгүй над руу өөрөө залгаад нөхөр уурлаад байна, наад мөнгөө бэлнээр авчираад өг гээд буцаагаад миний дансанд хийснийг би бэлнээр аваад “Наадам центр” дотор гаражид уулзаад тухайн өдрөө би Болор-Эрдэнийн нөхөр Бат-Очирт өгсөн. Үлдсэн мөнгийг 2021 оны 5 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хувааж Бат-Очирын Хаан банкны дансанд 7.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 7 хоногийн дараа нөхрийг маань эрүүл мэндийн шалтгаанаар гаргачихна гэсэн ч байдал хэвээрээ л байсан. Энэ байдал хоёроос гурав удаа давтагдсан. Хурал 2021 оны 6 дугаар сарын 23-ны орчим болсон бөгөөд тэр болтол Б манай өмгөөлөгч, нөгөө талын хүмүүстэй чинь тохиролцох гээд байна гэж л хэлдэг байсан. Тэгтэл шүүх хурал болж анхан шатны шүүхээр 2 жилийн хорих ялыг хэвээр нь баталсан, ингээд яасан бэ гэтэл Б давах дээр л ярьж үзнэ дээ, сая бол болсонгүй ээ гэсэн. Давж заалдах шатны хурал болоход хохирогч тал гомдолгүй гэсэн, одоо зүгээрээ гэсэн ч хурлаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгээд хэлсэн ярьсан зүйл чинь яасан бэ гэхэд Б одоо нөхрийг чинь цахим гавд оруулах боломж байна гээд цахим гавын очерт оруулахад мөнгө хэрэгтэй байна гээд 4.500.000 төгрөг надаас авсан. Тэр мөнгийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр би өөрийнхөө Голомт банкны данснаас Болор-Эрдэнийн Голомт банкны дансанд нь 2 хуваан шилжүүлэн өгсөн. Би хүлээгээд л байсан. 2021 оны 10  дугаар сараас 11 дүгээр сарын дунд хүртэл шүүх дээр цахим гавын хурал болсон, захирамж нь одоо гарах гэж байгаа гэсээр л байсан чинь тийм зүйл байдаггүй юм байна лээ. Тэгэхээр намайг Болор- Эрдэнэ хуураад байна гэж ойлгож байгаа. ...Надад анхнаасаа хэнд ч юу ч ярьж болохгүй, надад итгэж байгаа бол надаас юу ч битгий асуу гэсэн учир би тэр талаар ерөөсөө асууж байгаагүй, өмгөөлөгч авсан эсэхийг мэдэхгүй, манай хүмүүс ажлаа хийж байгаа, өмгөөлөгч ажлаа хийж байгаа хүн чинь удахгүй гаргана л гэдэг байсан. ...Би нөхрийнхөө хохирлын мөнгийг төлж чадахгүй шоронд оруулж байгаа хүн яаж түүнд мөнгө зээлэх юм бэ. Надад ялгүй, торгуулахгүй нөхрийг чинь гаргаад өгнө гэсэн болохоор л нэхсэн 29.500.000 төгрөгийг олж өгсөн. Б өөрийнх нь дүү бас л залилангийн хэрэгт холбогдоод хориотой байсныг нь батлан даалтад гаргачихсан байсан учраас би түүнийг ямар ч байсан хориулахгүй гаргаад өгч магадгүй гэж итгээд л энэ мөнгийг өгсөн юм. ...Би нөхөр Бямба-Очирт Төгсгэрэл, Чинзориг гэх хоёр өмгөөлөгч авсан, бүх шатны шүүхээр орж дуусах хүртэл зөвхөн тэр хоёр хүн л орж дуусгасан. Болор-Эрдэнийн явуулсан, хөлсөлсөн нэг ч өмгөөлөгч ирж бидэнтэй уулзаж байгаагүй. ...Эхний 18.000.000 төгрөгийг “Наадам центр”-т Болор-Эрдэнийн нөхөр Бат-Очирт бэлнээр, дараа нь буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Бат-Очирын дансанд 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 2.500.000 төгрөгийг Болор-Эрдэнийн Голомт банкны дансанд тус тус интернэт банкаар гэрээсээ болон ажлаасаа, гудамжинд явж байхдаа шилжүүлж өгсөн...” /1-р хх 21-24, 26-27, 30-31, 33/,

гэрч Э.Бат-Очирын “...2021 оны зун Б “Б надад мөнгө зээлж байгаа юм. Чи очоод аваад ир” гэсэн. Үүний дагуу Бтай Наадам төвийн гаражид уулзан, түүний өгсөн ууттай мөнгийг эхнэртээ аваачиж өгсөн. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй...” /1-р хх 40-41/,

гэрч Д.Чинзоригийн “...Б, Бямба-Очир гэх хүмүүсийг танина. 2019 оны 02 дугаар сараас эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр ажилласан. ...Анх Нямсүрэн, дараа нь Гүнтэвчимэг, Оролжмаа, сүүлд Төгсгэрэл гэх өмгөөлөгчтэй хамт ажиллаж, Төгсгэрэл өмгөөлөгч бид хоёр хэргийг дуусгасан. ...Миний явуулж байсан ажилд ямарч байсан гадны хэн нэгний туслалцаа байгаагүй. ...Төгсгэрэл өмгөөлөгч бид хоёр хохирол төлөөрэй гэж шахаж байсан боловч хурал эхлэхэд үлдсэн хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байсан...” /1-р хх 44-45/,

гэрч Д.Тамирын “...Бид хоёр гадуур явж ажлыг нь эмхлүүлж өгсөн. Тэгсэн явахдаа “Наадам центр”-т Бат- Очиртой уулзана гээд ороод зогсоол дээр зогссон. Удалгүй Болор-Эрдэнийн нөхөр Бат-Очир цайвар ногоон өнгийн “Лексус” маркийн машинтайгаа ирээд хажууд зогсоход Б эгч машинаас ууттай мөнгө бариад түүнд өгөхөөр буусан. ...Нөхөр нь шоронд ороод машин тэрэггүй болчихоод тэр өдөр намайг гуйсан юм. Миний бодлоор тухайн үед Б эгч санхүүгийн боломж үнэхээр муутай, хямарчихсан байсан. Хүнд мөнгө зээлэх мантай байсан...” /1-р хх 47-48/,

гэрч Ц.Б-ын“...Б надад Бэр дамжуулж сайн өмгөөлөгч авахаар болсон гэж хэлсэн. Тэр үед мөнгө өгчихсөн байсан болохоор чамд тус болж чадсангүй, мөнгөө буцааж авч чадаагүй гэхээр нь би цагдаад ханд гэж хэлсэн. ...Надад тайлбарлахдаа сайн өмгөөлөгч авчихвал намайг ял шийтгэлгүй гаргана гэж бодсон юм шиг байгаа юм. ...Би 52.000.000 төгрөгийн хохирлоо төлж чадахгүй байсаар шоронд орсон...” гэх мэдүүлгүүд /1-р хх 52-53/,

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан Н.Б-гийн өргөдөл, Голомт банкны дансны хуулга /1-р хх 7-14/, хохирогч Н.Б-гийн гаргаж өгсөн Ц.Б-тэй харилцсан чатны хуулбар /1-р хх 68-79, 174-211/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 01/141, 2/727 дугаартай албан бичиг /1-р хх 105, 107/, Ц.Бямба-Очирт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүдийн хуулбар /1-р хх 111-148/, Э.Бат-Очирын Хаан банкны дансны хуулга /1-р хх 161-167/, шүүгдэгч Ц.Б-ийнХаан банкны дансны хуулга, Н.Б-тай харилцсан чатны хуулбар /1-р хх 214-242/, шүүгдэгч Ц.Б-ийнхувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 82/, эд хөрөнгийн лавлагаа /1-р хх 84-95/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 99/, шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуульч, өмгөөлөгч биш атлаа өөрийн найз, хохирогч Н.Б-гийн нөхөр Ц.Б-ынхолбогдсон эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхөд мөнгө шаардлагатай гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.  

Түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэж байгаа хэдий ч Ц.Б-ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Б-д хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б “... хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийн эрүүл мэндийн шалтгааныг иш татан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав “...хэргийн зүйлчлэл, ял хүндрүүлэхгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

              Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,  

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийнцагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ