| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/07546/И |
| Дугаар | 101/ШШ2024/03202 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2024/03202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоот хаягт байрлах, Т******* а*** ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* байрлах М******* ф******* ХХК /РД: *******/-д холбогдох
3,828,765.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* а*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М******* ф******* ХХК нь манай Т******* а*** ХХК-иас өөрийн М******* ф******* болон М*******-16 эмийн сангуудад 2022 оноос эхлэн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авч байгаа бөгөөд барааг хүлээн авсан тухайн өдөр нь төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцсон.
М******* ф******* ХХК М******* ф******* эмийн сандаа 2022 оны 08 сарын 12-ны өдрөөс 08 сарын 25-ны өдрийн хооронд хийсэн 10 удаагийн худалдан авалтын нийт үнийн дүн 6,232,341 төгрөгөөс 2,861,480 төгрөгийг, түүнчлэн Марад-16 эмийн сандаа 2022 оны 08 сарын 25-ны өдөр худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний үнийн дүн 1,307,902 төгрөгөөс 850,000 төгрөгийг төлсөн.
М******* ф******* эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэл нийт 10 удаагийн үйлдлээр 6,232,341 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан ба үүнээс 2022 оны 08 сарын 16-ны өдөр 131,700 төгрөг, 162,950 төгрөг, 2022 оны 08 сарын 19-ний өдөр 1,310,260 төгрөг, 664,030.50 төгрөг, 221,740 төгрөг, 2022 оны 08 сарын 25-ны өдөр 880,178 төгрөг, нийт 3,370,858.50 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.
Мөн М*******-16 эмийн санд 2022 оны 08 сарын 25-ны өдөр 1,307,907.20 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авснаас 850,000 төгрөгийг төлж үлдэх төлбөр 457,907.20 төгрөгийг төлөөгүй.
Нийт 3,828,765.70 төгрөгийн өр төлбөр үлдсэн ба дээрх төлбөртэй холбоотой М******* ф******* ХХК-тай харилцан тооцоо нийлж тус компани уг төлбөрөө 2022 оны 11 сарын 30-ны өдөрт багтаан төлж дуусгахаа илэрхийлсэн. Манай компани М******* ф******* ХХК-ийг төлбөрөө төлөхийг шаардах бүрийд удахгүй төлнө гэх хариуг өгдөг байсан.
Манай компани М******* ф******* ХХК-ийн хүсэлтийн дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өгөхдөө хүснэгтээр жагсаалт үйлдэн хүлээлгэн өгсөн ба ийнхүү хүлээлгэн өгсөн баримт, зарлагын баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан. Иймд М******* ф******* ХХК-иас 3,828,765.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Т******* а*** ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн баримтууд, зарлагын баримтууд зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагч М******* ф******* ХХК-ийн захирал Г.О*******т 2024 оны 03 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* а*** ХХК нь хариуцагч М******* ф******* ХХК-д холбогдуулан эм, эмнэлгийн бүтээгдэхүүний үнэ 3,828,765.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Т******* а*** ХХК нь хариуцагч М******* ф******* ХХК-ийн тус компаниас 2022 оны 08 сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 сарын 25-ны өдрийн хооронд худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 3,828,765.70 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарлалаа.
Хариуцагч М******* ф******* ХХК нь нэхэмжлэгч Т******* а*** ХХК-иас М******* ф******* эмийн сандаа 2022 оны 08 сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 сарын 25-ны өдрийн хооронд 10 удаагийн худалдан авалтаар нийт 6,232,341 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авснаас 2,861,480 төгрөгийг нь төлсөн ба 3,370,858,50 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн нэхэмжилснийг хариуцагч М******* ф******* ХХК нь эсэргүүцээгүй.
Хариуцагч М******* ф******* ХХК нь М******* ф******* эмийн сандаа 2022 оны 08 сарын 16-ны өдөр 131,700 төгрөг, 162,950 төгрөг,
2022 оны 08 сарын 19-ний өдөр 1,310,260 төгрөг, 664,030.50 төгрөг, 221,740 төгрөг,
2022 оны 08 сарын 25-ны өдөр 880,178 төгрөг, нийт 3,370,858.50 төгрөгийн,
М*******-16 эмийн сандаа 2022 оны 08 сарын 25-ны өдөр 1,307,907.20 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн бүтээгдэхүүн хүлээн авсан болох нь уг бараа, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн зарлагын баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч М******* ф******* ХХК нь энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 8-14 дүгээр тал/
Нэхэмжлэгч Т******* а*** ХХК болон хариуцагч М******* ф******* ХХК нар нь 2022 оны 08 сарын 30-ны өдөр хариуцагч талын эмийн сангууддаа Т******* а*** ХХК-иас дээр дурдсан хугацаанд зээлэн авсан эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрийн талаар харилцан тооцоо нийлэхэд М******* ф******* эмийн сангийн төлбөрийн үлдэгдэлд 3,370,858.5 төгрөг, М*******-16 эмийн сангийн төлбөрт 1,307,907.2 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн бөгөөд талууд уг тооцоо нийлсэн баримтад хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан бөгөөд М******* ф******* ХХК-йн захирал Г.О******* уг төлбөрийг 2022 оны 11 сарын 30-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн байна.
/ХХ-ийн 6-7 дугаар тал/
Хариуцагч М******* ф******* ХХК нь М*******-16 эмийн санд зээлэн авсан эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр 1,307,907.20 төгрөгөөс 850,000 төгрөгийн төлсөн, үлдэгдэл төлбөр нь 457,907.20 төгрөг болох нь нэхэмжлэгч Т******* а*** ХХК-ийн тайлбараар тогтоогдсон болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч М******* ф******* ХХК худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийнхээ үнийг бүрэн төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М******* ф******* ХХК-иас 3,370,858.20 төгрөг, 457.907.20 төгрөг, нийт 3,828,765.70 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* а*** ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 26600 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч М******* ф******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 2769 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч М******* ф******* ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ.
/ХХ-ийн 1-3, 16, 18-19, 22-23 дугаар тал/
Хариуцагч М******* ф******* ХХК-ийн захирал Г.О*******т 2024 оны 03 сарын 21-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 29-33 дугаар тал/
2024 оны 06 сарын 19-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч М******* ф******* ХХК-ийн захирал Г.О*******т шүүх хуралдаан болохоос 21 хоногийн өмнө буюу 2024 оны 05 сарын 28-ны өдөр мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч М******* ф******* ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
/ХХ-ийн 35-36 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М******* ф******* ХХК-иас 3,828,765.70 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* а*** ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т******* а*** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* ф******* ХХК-иас 76,211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* анар ХХК-д олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 6156 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч М******* ф******* ХХК /РД: *******/-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг 3,828,765.70 төгрөгийн хэмжээгээр зогсоосон ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН