Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/03049

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Д.Батцэцэг, Г.Бямбажаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** тоот хаягт оршин суух, Б****** овогт Н*******гийн Б******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** тоот хаягт оршин суух Б******* овогт Т*******гийн Ө******* /РД: *******/-т холбогдох

Гэм хорын хохирол 8,143,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б******* би 2023 оны 11 сарын 30-ны шөнө 00 цаг 44 минутын үед тоёота кроун маркийн ******* ******* улсын дугаартай суудлын авто машинаар Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Шинэ замд байрлах Япон амортизатор засварын зүүн талд хойд зүгийг чиглэн явж байх үед ниссан ноте маркийн улсын дугаар бүхий суудлын авто машины жолооч Т.Ө******* нь замын хажууд зогсож байсан бөгөөд хажуугаар нь өнгөрөх үед хөдөлгөөнөө эхлүүлэхдээ зүүн гар тал ру огцом хурдтай хөдлөн хажуугаас шахан машины урд буферийг мөргөж, улмаар гулсан жолоочийн хойд талын хаалгыг ирж мөргөсөн.

Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн авто машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд Т.Ө*******ын буруутай үйлдэл Замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэгийн актаар тогтоогдсон.

Уг өдөр нь өөрийн авто машинд учирсан эвдрэлийг хөрөнгийн үнэлгээний А*** б ХХК-иар үнэлүүлэхэд 7,683,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба Т.Ө*******тай ярилцаад тэрээр учруулсан хохирлоо төлж барагдуулахаар болсон ч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

Иймд хариуцагч Т.Ө*******аас машинд учруулсан хохирол 7,683,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 460,000 төгрөг, нийт 8,143,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Ө******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Т******* овогтой Ө******* миний бие 2023 оны 11 сарын 30-ны шөнө 00 цаг 44 минутын үед тоёота Кровн маркийн ************** дугаартай авто машиныг өөрийн эзэмшлийн ниссан ноте маркийн авто машинаар мөргөж хохирол үзүүлсэн нь үнэн болно.

Би буруутайгаа хүлээж цагдаа дуудаж үзлэг хийлгэсэн нэгдүгээр эгнээнээс огцом дарж эргэсэн гэсэн дүгнэлт гарч миний буруу болсон. Ингээд нөгөө талын машиныг үнэлүүлсэн 8,143,000 төгрөг болсон.

Би үнэлгээний үнэтэй санал нийлэхгүй дахин үнэлгээ хийлгэхийг хүссэн ч нөгөө тал машинаа аваад явчихсан. Явах эд ангиа сольсон гэж хэлсэн. Тухайн үед ярилцаад өөрөө засуулаад хохиролгүй болгож өгье гэсэн ч хохирогч тал маань тохирохгүй заавал кровн засварын Ган граж дээр засуулна гэсэн.

Би Х А ХХК-д засварчнаар ажилладаг бөгөөд цэргээс ирээд орсон ажиллаад удаагүй одоогийн байдлаар 4 сар болж байгаа бөгөөд 1,700,000 төгрөгийн цалин авдаг. Өөрийн эзэмшил дээр байгаа авто машиныг хувь хүнээс сард цалингаасаа 1 сая төгрөг төлж байхаар тохирч авсан.

Цалингийн зээл авах боломжгүй батлан даагч байхгүй. Аав эмээ 3 охин дүүтэйгээ амьдардаг хохирлыг нэг дор төлж барагдуулах боломжгүй байна. Ослын үеэр миний машин нэлээд их хэмжээний эвдрэл гэмтэл авч засварт орох шаардлагатай болсон ч засуулж чадаагүй.

Хохирогч талын машиныг /засварчин 4 сая төгрөгт хангалттай засах боломжтой гэж хэлсэн/ Иймээс би машинаа засварчин хүнд 4 сая төгрөгөөр үнэлж өгөөд оронд нь хохирлыг барагдуулаад засуулаад өгье гэж байгаа боломжтоо хэлсэн боловч тохиролцож та нарт итгэж машинаа засуулж чадахгүй шүүхэд хандана гэсэн болно гэжээ.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н.Б******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар,

2023 оны 11 сарын 30-ны өдрийн 00 цаг, 44 минутанд болсон зам тээврийн ослын талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 11 сарын 30-ны өдөр болсон зам тээврийн ослын талаарх Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтаны магадлагаа,

Т.Ө*******ын иргэний үнэмлэхний болон байнга оршин суух хаягийн лавлагаа, Т.Ө*******ын жолооны үнэмлэхний хуулбар, улсын дугаар бүхий авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар,

Н.Б*******ын жолооны үнэмлэхний хуулбар, ******* ******* улсын дугаар бүхий авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар,

Т.Ө*******ыг 100 нэгжээр торгосон тоот шийтгэлийн хуудас,

А*** б ХХК-ийн авто машинд учирсан хохирлыг үнэлсэн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн үнэлгээ, авто машины эвдрэл гэмтлийн гэрэл зургууд, үнэлгээ хийсэн ажлын төлсөн баримт зэргийг ирүүлжээ.

Хариуцагч Т.Ө******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 сарын 02-ны өдөр гардан авч хариу тайлбараа ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Т.Ө*******т холбогдуулан гэм хорын хохирол 8,143,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/Авто машинд учруулсан хохирлын үлдэгдэл 7,683,000 төгрөг,

Үнэлгээний ажлын хөлс 460,000 төгрөг/

Хариуцагч Т.Ө******* нь үнэлгээ өндөр, хохирлыг бөөнд нь төлөх боломжгүй гэж маргасан.

2. Ниссан ноте маркийн улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон явсан Т.Ө******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 00:44 минутын үед ***** нутаг дэвсгэр, Шинэ замд Н.Б*******ын өмчлөлийн тоёота кроун маркийн ******* ******* улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан гэх үйл баримт болжээ.

3. 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 00:44 минутанд зөрчлийн дуудлагыг хүлээн авмагц зам тээврийн ослын газарт үзлэг хийн тэмдэглэл үйлдсэн ба уг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэлд Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч, авто инженер мэргэжилтэй, замын цагдаагийн албанд 14 жил ажиллаж байгаа С.О ажиллагаа явуулсан бөгөөд түүний 2023 оны 11 сарын 30-ны өдрийн С-1477 тоот магадлагаанд:

-Т*******гийн Ө******* нь nissan note маркийн улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй.

-Тоёота кроун маркийн ******* ******* улсын дугаартай авто машины жолооч Н.Б******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.

4. Зөрчлийг шалгасан тус хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан зөрчил гаргагч Т.Ө*******ыг 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь 2023 оны 12 сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байх ба хариуцагч Т.Ө******* гэм буруугийн талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 4-5, 8-10 дугаар тал/

5. Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу 2023 оны 11 сарын 30-ны өдрийн зам тээврийн ослын улмаас ******* ******* улсын дугаартай, тоёота кроун маркийн авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний А*** б ХХК-иар 2023 оны 12 сарын 03-ны өдөр үнэлүүлэхэд:

Үзлэг хийх үеийн байдал: Уг машины обуд дугуй, буферын хөөс хугарч, буферын төмөр нугарч, баруун урд буферын зам хугарч, буферын нэмэлт гэрэл хагарч, 1 ширхэг лонжромны толгой нугарч нүүр хагарч баруун урд гэрэл хагарч баруун урд крыло нугарч тунарсан,

Баруун урд амортизатор нугарч радиотар нугарч ком агаар шүүгч хагарч, баруун доод гар тэмээн гар дээд доод өндгөн тулгуур хугарч нугарч, урд тэвш нугарч, баруун гэрлийн ар суурь нугарч, баруун урд хаалга будаг халцарч, урд хэсэг гажаа орж, урд буфер хагарч цуурч урагдаж сэвтсэн байв.

Үнэлгээ:

-Амортизатор /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 110,000 төгрөг, солих, элэгдэл тооцов,

-Обуд, дугуй R /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 220,000 төгрөг, солих, элэгдэл тооцов,

-Буфер урд, эвдрэл их, үнэлгээ 1,200,000 төгрөг, солих,

-Буферын хөөсөнцөр, /урд/, эвдрэл их, үнэлгээ 30,000 төгрөг, солих,

-Буферын дотор төмөр /урд/, эвдрэл их, үнэлгээ 70,000 төгрөг, засах,

-Буферын тогтоогч зам /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 50,000 төгрөг, солих,

-Буферын нэмэлт гэрэл /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 50,000 төгрөг, солих,

-Лонжромны толгой 1 ширхэг,эвдрэл их, үнэлгээ 35,000 төгрөг, солих,

-Нүүр сетка, эвдрэл их, үнэлгээ 450,000 төгрөг, солих,

-Гэрэл өсгөгчтэй /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 800,000 төгрөг, солих,

-Крыло /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 350,000 төгрөг, солих,

-Хаалга /баруун хойд/, эвдрэл их, үнэлгээ 350,000 төгрөг, солих,

-Капут, эвдрэл их, үнэлгээ 1,000,000 төгрөг, солих,

-Капутны нугас /2 ширхэг/, эвдрэл их, үнэлгээ 200,000 төгрөг, солих,

-Радиотор, ком, эвдрэл их, үнэлгээ 350,000 төгрөг, солих,

-Агаар шүүгч, эвдрэл их, үнэлгээ 85,000 төгрөг, солих,

-Доод гар /баруун урд/, эвдрэл их,үнэлгээ 70,000 төгрөг, солих,

-Тэмээн гар /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 95,000 төгрөг, солих,

-Шарнер гар /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 60,000 төгрөг, солих,

-Тяг /баруун урд/, эвдрэл их, үнэлгээ 60,000 төгрөг, солих,

-Дээд өндгөн тулгуур /баруун/, эвдрэл их, үнэлгээ 35,000 төгрөг, солих,

-Доод өндгөн тулгуур /баруун/, эвдрэл их, үнэлгээ 60,000 төгрөг, солих,

-Тэвш /урд/, эвдрэл их, үнэлгээ 160,000 төгрөг, солих,

-Лонжром /баруун урд/, эвдрэл дунд, үнэлгээ 140,000 төгрөг, засах,

-Шанаа /баруун урд/, эвдрэл дунд, үнэлгээ 98,000 төгрөг, засах,

-Гэрлийн ар суурь /баруун урд/, эвдрэл дунд, үнэлгээ 50,000 төгрөг, засах,

-Хаалга /баруун урд/, эвдрэл дунд, үнэлгээ 75,000 төгрөг, засах,

-Урд карказ, гажаа гаргах, эвдрэл дунд, үнэлгээ 120,000 төгрөг, засах,

-Будах зардал, ажлын хөлс 910,000 төгрөг,

Шууд зардлын дүн 7,283,000 төгрөг,

-Компьютер оношлогоо ажлын хөлс 30,000 төгрөг,

-100 грамм будаг, туслах материал, өнгө гаргах, материалын үнэ, 140,000 төгрөг,

-Эд анги солих, ажлын хөлс 200,000 төгрөг,

-Тэнхлэг тохируулах, 30,000 төгрөг,

-Шууд бус зардлын дүн 400,000 төгрөг,

Нийт дүн 7,683,000 төгрөг гэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Б******* нь 2023 оны 12 сарын 03-ны өдөр А*** б ХХК-д үнэлгээний ажлын хөлс 470,000 төгрөг төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон ба тэрээр ажлын хөлсийг 460,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжилнэ гэж тайлбарлалаа.

/ХХ-ийн 12-18 дугаар тал/

6. Тоёота кроун маркийн ******* ******* улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Н.Б*******ын өмчлөлд, ниссан ноте маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч Т.Ө*******ын өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал/

7. Хариуцагч Т.Ө******* нь өөрийн өмчлөлийн ниссан ноте маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үед дээрх зам тээврийн осол гарсан талаар тэрээр маргаагүй.

8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Хариуцагч Т.Ө******* нь өөрийн өмчлөлийн ниссан ноте маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин бусдад хохирол учруулсан байх тул тэрээр тоёота кроун маркийн ******* ******* улсын дугаартай авто машины өмчлөгч Н.Б*******т учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч Т.Ө******* нь авто машины хохирлын үнэлгээ өндөр гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна нэхэмжлэгч Н.Б******* нь авто машинаа засварлан бусдад худалдсан гэж тайлбарласан болно.

Мөн хариуцагч Т.Ө*******ын хохирлыг бөөнд нь төлөх боломжгүй гэх тайлбар нь гэм хорын хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

9. Иймд хариуцагч Т.Ө*******аас авто машинд учруулсан хохирол 7,683,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 460,000 төгрөг, нийт 8,143,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б*******т олгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Т.Ө*******ын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан бөгөөд 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Т.Ө*******т 2024 оны 05 сарын 14-ний мэдэгдсэн ба мөн томилогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй тул нэхэмжлэгч Н.Б*******ын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-т заасныг тус тус баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Ө*******аас 8,143,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 145,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ө*******аас 145,238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ, Г.БЯМБАЖАРГАЛ