Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Х.А, Д.Н, Х.С

           нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Хохирогчийн хууль ёсны

                                               төлөөлөгч                                Ж.Э

                        Хохирогчийн хууль ёсны

                        төлөөлөгчийн өмгөөлөгч                               Ц.Б

                        Шүүгдэгч                                                         Х.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э, Н.Э,

                                                                        С.П

                       Нарийн бичгийн дарга                                     Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.А, Д.Н, Х.С нарт холбогдох 2012000000373 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х.А

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Н

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х.С

Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Долоотын Эрүү гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Мыг гуя тус газар нь хутгалж, усанд живүүлж алсан, шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Х.С, Х.Ж нартай бүлэглэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын цагдаагийн хэсгийн өрөөнд, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт байх түүний гэрт тус тус “Х.С, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Х.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Н, Х.Ж нартай бүлэглэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын цагдаагийн хэсгийн өрөөнд “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар Х.А, Х.Ж нарын хамт очоогүй, Д.Н, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Х.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Нид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Н, Х.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийн цагдан хоригдсон 1 жил 1 сар 9 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нид оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт,  шүүгдэгч Х.Ст оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Х.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйл, бүдэг ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, хар өнгийн монгол хүрэм 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, мотоциклийн ачааны гишгүүр 1 ширхэг, гутлын ороолт 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Ааас 37.580.431 /гучин долоон сая таван зуун наян мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух Боржигон овогт Жөөдөнгийн Энхтүвшинд /РД:АЖ73070315/-д олгож, түүний нэхэмжлэлээс 6.363.704 /зургаан сая гурван зуун жаран гурван мянга долоон зуун дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Н, Х.С нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Н, Х.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Н, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Аийн гаргасан давж заалдах гомдолд: Халзан овогтой А миний бие нь 2022 оны 2 дугаар сарын 22-нд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /2012000000373/ дугаартай тогтоолоор шийтгүүлж, 14 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 14 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрийн гэм бурууг ухамсарлан хэргээ үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрч хэргийн тал дээр ямар нэгэн маргах зүйл байдаггүй. Гэмт хэргийн улмаас учирсан  37.580.431 /гучин долоон сая таван зуун наян мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг хохирогчийн ар гэрт нь бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Х.А миний бие урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Иймд миний ар болох  өндөр настай аав, ээжийн хамт бага насны хүү маань хамт амьдардаг. Аав н.Халзан даралт харвасны улмаас хүний асрамжид байдаг. Ар гэрийн маань нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт эдлэх ялыг минь багасгаж, мөн дэглэмийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасныг шүүгдэгч Х.Аийн өмгөөлөгч Н.Э миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн үйлдэл холбогдолд маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүний хувийн байдлын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ам бүл 2, бага насны хүүхдийн хамт амьдардаг ганц бие эцэг юм. Мөн өндөр настай, эрүүл мэндийн байдал тааруу эцэг, эхтэйгээ амьдардаг бөгөөд одоогоор хүүхэд нь түүний эцэг, эхийн асрамжид байдаг, амьжиргааны түвшин доогуур нэн ядуу өрхийн тоонд бүртгэлтэй юм. Амьдралын хүнд байдлаас үүдэн хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж чадаагүй байгаа ч цаашдаа өөрийн буруутай үйлдлээс бусдад учирсан хохирол төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлдэг. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад шүүгдэгч Х.Ааас 37.580.431 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор заасан нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн оршуулгын зардалтай холбоотой баримтууд дотор 3 дугаар хавтаст хэргийн материал доторх хавтаст хэргийн 12, 13 дахь хуудсанд байгаа нийт 2.058.382 төгрөгийн баримтуудаас бусад бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэх төлбөр тооцооны баримтууд дийлэнх нь эргэлзээтэй, зарим баримт 2 давхардсан, зарим нь огноо зөрүүтэй, зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүй байтал энэ байдалд хяналт тавилгүй шийдвэрлэснийг буруу болсон гэж үзэж байх тул дээрх байдалд дүгнэлт хийж хохирлыг зөв тогтоож, мөн түүний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 8 дахь заалтад зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Н яагаад энэ хэрэгт холбогдолгүй байдаг юм. Ч.Мын хөлийн ороолт Д.Нийн гэрийн гадаа яагаад угаасан байдалтай байранд нь байдаг юм. Д.Н заавал энэ хэрэгтэй хамааралтай байгаа. Хөлийн ороолт Д.Нийн гадаа байсан учраас яах ч аргагүй асуудал дагуулж байна. Мөн мотоцикль дээр тээвэрлэж явсан нь нотлогдсон. Хэрэв мотоциклийг өөрөө барьж явсан бол мотоциклийн урд хэсэг нь цус болох ёстой байсан. Гэтэл ард хэсэг нь цус болсон байдаг. Өөрөө мотоцикльтой очоод зодоон хийсэн гэж ярьдаг. Тухайн үед шалгалтыг дутуу хийсэн. Яах ч аргагүй өвсөн дээр аваачиж тавьсан мөр нь байдаг. Бүгд энэ хэргийг ярьж тохирсон. Сүүлдээ Х.А нь энэ хэргийг ганцаараа даасан. Х.Аийн дүү нь миний хүүг өмнө нь зодож, шүдийг нь хугалж, чихний хэнгэргийг нь цоолж, Улаанбаатар хот руу авч явж эмчлүүлээд цэрэгт явуулж байсан. Энэ хүмүүс өс хонзон санасан. Миний хүү хичнээн согтуу байсан ч эдгээр хүмүүст зодуулахгүй. Миний хүү бие сайтай  бөгөөд надаас ч өндөр том биетэй залуу байсан. Тухайн үед Х.Аийн хувцас урагдсан зүйл байдаггүй. Гэтэл миний хүүгийн нүүрийг хутгаар зурж зүссэн, мөн гутлаараа өшиглөсөн байдаг. Тухайн үед өмссөн гутлынх нь хоншоор аймар болсон байсан. Х.А нар миний хүүг хамжсан нь ойлгомжтой байна. Энэ хэргийг дутуу шалгасан учраас прокурорт буцааж өгнө үү. Х.Ааас сэтгэл санааны хохиролд 60.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Амь хохирогчид 17 тооны шарх гэмтэл учруулсан байдаг. Хохирогчид хүнд гэмтэл учруулсан байхдаа  гэмт хэргийг нуун далдах зорилгоор ус руу хаясан. Хүнд зэргийн согтолттой хүний амь насыг хохироосон тул хэргийн зүйчлэлийг зөвтгөхөөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйчлэлийг зөвтгөхөөр прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 8 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Х.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт цугларсан ... яллагдагч Х.А нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр...Би Мыг дуугүй болчихоор нь хүзүүн дээр нь гараа тавьж судас нь цохилж байгааг үзтэл судас нь цохилохгүй, хамар дээр нь гараа тавьтал амьсгалахгүй, нас барсан болохоор нь түүнийг ус руу хийж голын эрэг дээр байсан мотоциклийг нь 2 метр зайтай түрэн ус руу оруулаад 5 км алхаж 2 цагийн үед гэртээ харьсан. Би тэр газарт ул мөр үлдээхгүй гэж голын ус руу хийж ойр орчмын цусыг цэвэрлэсэн, хэргийг нуун далдлах гэж түүнийг мотоцикльтойгоо голын усанд унасан болгох гэж ус руу хийсэн...гэсэн,

 

шүүгдэгч Х.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ...2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө би Н ахтай хоёулаа хоночхоод 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед Сундуйжав ахын гэрийн гадаа мотоцикльтойгоо ирээд гэрт нь ортол Х.А ах гэрийн баруун талын орон дээр сууж байсан... гэсэн,

 

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шөнө 01 цагийн үед Н ахынд унтаж байтал А ах мотоцикльтой ирээд гаднаас Ж гараад ир гэж дуудсан. Би гараад А ахын унаж ирсэн Мын мотоцикль дээр сундалж Мыг алсан гэх газар очсон. А ах усанд унасан юм шиг харагдуулна гэж хэлээд Мын мотоциклийг усанд хийсэн...гэсэн,

 

шүүгдэгч Д.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр...Манайд Ж бид хоёр хоносон. Шөнө Ж манайхаас гараагүй. Тэгээд маргааш өглөө нь эрт 08 цагийн үед Ж бид хоёрыг босоогүй байхад А Жг мотоциклио өгчих, аймаг явах гэсэн юм гээд шар өнгийн “Даюун” маркийн мотоциклийг нь унаад явсан...гэсэн,

 

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин...2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ж намайг гэртээ унтаж байхад гаднаас орж ирээд миний ар талаар унтсан. Тэр үед Ж дээлээ тайлаад хормойгоо хатаагаад зуухны хажуугийн дөрвөлжин дээр тээж тавиад байсныг санаж байна...гэсэн,

 

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин...2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Ж надтай хамт хэвтээд үлдсэн. Тэгээд бид хоёр унтаж байтал гадаа мотоцикль дуугарч иртэл Ж гэрээс гарсан. Үүрээр Ж манай гэрт орж ирэхдээ дээл нь нороод хөлдчихсөн юм шиг таг, таг гэж дуугарч байснаа дээлээ 2 баганын дунд хэц татаад тавьсан. Өглөө босоод харахад дээл нь нойтон харагдаж байсан...гэсэн,

 

гэрч Б.Э 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би малын баас арилгаад явж байтал хонины байрны шургааг завсар цагаан тааран даавуу байхаар нь татаад үзтэл хөлийн ороолт байсан, мөн хувцасны шкафны 2 толь хагарсан байна лээ. Тэр толь яагаад хагарсан талаар манай нөхөр Н мэдэхгүй байсан...гэсэн мэдүүлгүүд,

 

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6261 тоот шинжээчийн ...амь хохирогч Э.Мын цусанд 2.5 промилли спирт илэрсэн, цусан дахь 2.5 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаардаг гэсэн дүгнэлт,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн...Хохирогч Э.М нь цус алдалтаас болоод шокийн байдалд орж амьсгал, зүрх судас зогсоогүй байхад усанд живүүлснээс нойтон живэлтийн улмаас амьсгал бүтэн нас барсан, түүний биед хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх 4 удаагийн үйлчлэлээр болон мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр хүнд, хөнгөн, хүндэвтэр олон тооны гэмтлүүд амьд үед нь үүссэн ...гэсэн дүгнэлт,

 

шинжээч С.Хишигмаагийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн хутга нь шүүгдэгч Д.Нийн гэрт байсан хутга болохыг Д.Н, Б.Э нарын мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,

 

Э.Мын унаж явсан мотоциклийн арын ачааны төмөр болон гишгүүр их хэмжээний цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтайг харуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар амь хохирогч Э.Мыг алсан байж болзошгүй нөхцөл байдлууд байгаа эсэхийг  бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байна гэж шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө амь хохирогч Э.Мыг алсан гэх хэрэгт Х.Ж агсан, шүүгдэгч Д.Н нарын оролцоо байсан эсэх, Х.А нь амь хохирогчийг хутгалсны дараа хэнтэй, яаж зөөвөрлөж усанд хийсэн зэргийг шалгах, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой, шөнө Д.Нийнд зодоон болсон эсэх, талийгаач Э.Мын хөлийн ороолт Д.Нийн хашаанд байсан шалтгааныг олж тогтоох, Д.Нийн гэрийн тавилга болох шкафны толь хагарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Д.Нийн өмчлөлийн хутгыг түүний гэрээс хэн, ямар шалтгаанаар, хэзээ авсан зэргийг шалгаж, олж тогтоох, шүүгдэгч Х.А нь амь хохирогч Э.Мыг алсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд  энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Долоотын Эрүү гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Мыг гуя тус газар нь хутгалж, усанд живүүлж алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Х.А нь...Ч.Мыг хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон гэж бичсэн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэх гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Ат цагдан хорих, шүүгдэгч Х.С, Д.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Х.Ат цагдан хорих, шүүгдэгч Д.Н, Х.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

3. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

            

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Л.НЯМДОРЖ