Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/03006

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** тоот хаягт оршин суух С*******ын Т******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, О*******ын Б******* /РД: *******/ холбогдох

19,800,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С*******,

Хариуцагч О.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******,

Гэрч С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Т******* нь ***** хотод ажиллаж амьдардаг бөгөөд О.Б*******ай танилын холбоотой. Хариуцагч О.Б******* 2022 оны 05 сарын 12-ны өдөр С.Т*******тэй холбогдоод мөнгө зээлээч, барилгын ажил гүйцэтгэлийн мөнгө орж ирэхгүй удаад байна. Ажилчдынхаа цалинг тавих гэсэн мөнгө дутчихлаа гэсэн.

Ингээд сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлэхээр тохирч уг өдрөө 10,000,000 төгрөгийг С.Т******* Хаан банк дахь тоот данснаасаа О.Б*******ын мөн банк дахь данс руу Т*******ээс Б******* 5 хувь 1 сар гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн.

О.Б******* нь 2022 оны 05 сарын 12-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүрийн 5 хувийн төлөлтөө хийж байсан бөгөөд 2022 оны 08 сард дахин холбогдож дүү маань гадагшаа явах болоод мөнгө хэрэг боллоо гээд 2,000,000 төгрөгийг нэмж дээрхитэй адил нөхцлөөр зээлэх хүсэлт гаргасан.

Сар бүрийн төлөлтөө хийж байсан тул С.Т******* түүнд итгэн 2022 оны 08 сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг Хаан банк дахь тоот данснаасаа О.Б*******ын мөн банк дахь данс руу Б******* Т*******ээс гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн.

Хариуцагч О.Б******* 2022 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн төлөлтөө хийн тус өдрөөс хойш зээлээ төлөхөө больсон. С.Т******* 2022 оны 10 сард **** ажиллаж амьдрахаар ирсэн ба О.Б*******ай цахим хаягаар нь холбогдож мөнгөө хүүгийн хамт шилжүүлэхийг шаардаж байсан.

Иймд үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт төлсөн 1,800,000 төгрөг, нийт 19,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч О.Б******* нь нэхэмжлэгч С.Т*******ээс мөнгө зээлсэн гэдэгтэй маргадаггүй. Хүү тооцоход хуульд заасан шаардлага хангасан байх ёстой. Нэхэмжлэгч С.Т******* хүү тооцсон нь хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчсөн учир хүү тооцох эрхгүй гэж үзэж байна.

1,800,000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа авсан гэх ба нэхэмжлэгч С.Т******* эрхээ хэрэгжүүлж байгаа учраас заавал өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан.

17,000,000 төгрөг зээлсэн нь үнэн ба О.Б******* зээл төлөлт гээд Хаан банк дахь тоот дансанд 15,750,000 төгрөг төлсөн. Зээлийн хүүнд 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд эхэндээ хүү төлж байсан ч одоо хүүг зөвшөөрөхгүй.

Хүүнд төлсөн 5,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцож байгаа бөгөөд 15,750,000 төгрөг, нийт 20,750,000 төгрөгийг төлсөн. Зээлийг бүхэлд нь төлж дуусгасан, төлөх ёсгүй хүү хүртэл төлсөн гэж үзэж байгаа гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгч С.Т******* нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Б******* 10,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримтууд, зээл, хүүгийн тооцоолол, хууль зүйн туслалцаа авсан төлбөрт 1,800,000 төгрөг төлсөн баримт,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С*******ын хөдөлмөрийн гэрээ, С*******ын Мийн Голомт банк дахь тоот дансны 2022 оны 01 сараас 2023 оны 12 сарын 29-ний өдрийг дуустал хугацааны хуулга,

С*******ын Мийн Хаан банк дахь тоот дансны 2021 оны 04 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч О.Б******* нь иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банк дахь тоот дансны 2022 оны 08 сарын 10-ны өдрийн хуулга, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******гийн хүсэлтийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 12842 дугаар захирамжаар Хаан банкнаас тоот дансны эзэмшигчийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хаан банк ХК нь 2024 оны 05 сарын 22-ны өдөр 29/5821 тоот лавлагааг ирүүлсэн ба тоот дансыг С******* М эзэмшдэг гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.Т******* нь хариуцагч О.Б******* холбогдуулан 19,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Т******* нь хариуцагч О.Б******* 2022 оны 05 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэжээ.

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч С.Т******* нь Хаан банк дахь тоот данснаасаа О.Б*******ын мөн банк дахь данс руу 2022 оны 05 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг Т*******ээс Б******* 5 хувь 1 сар,

2022 оны 07 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг 5 хувь Т*******ээс,

Хаан банк дахь 5300637883 тоот данснаас хариуцагч О.Б*******ын мөн банк дахь дээр дурдсан дансанд 2022 оны 08 сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг Б******* Т*******ээс гэсэн гүйлгээний утгуудтай нийт 17,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Хариуцагч О.Б******* нь 17,000,000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргаагүй болно.

/ХХ-ийн 5, 8, 39-40 дүгээр тал/

Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зээлдэгч буюу хариуцагч О.Б******* дээр дурдсан 17,000,000 төгрөгийн хүүнд 2022 оны 05 сараас 2022 оны 12 сарын хооронд нийт 5,000,000 төгрөг төлсөн, мөн 2022 оны 08 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийн үндсэн зээлийг төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй.

С*******ын М шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

С.Т******* миний төрсөн ах. Одоо Итали улсад ажиллаж, амьдарч байгаа. Би тухайн үед Э к ХХК-д талбайн инженер хийдэг байсан. О.Б******* манай компанийн захирал. Би тус компаинд 2020 оны 08 сараас 2023 оны 04 сар хүртэл ажилласан.

Би ахыг О.Б*******ай танилцуулж байсан. Тухайн үед компанид цалин хөлс өгөхтэй холбоотой мөнгө хэрэгтэй болсон ба ах мөнгө зээлдэг байсан тул тэр утгаараа танилцуулсан.

2022 оны 08 сарын 10-ны өдөр О.Б******* миний данс руу 15,750,000 төгрөг шилжүүлсэн. Эхнэрт С.Т*******ийн мөнгийг төлсөн гэж хэлсэн, ахад чинь би 5,750,000 төгрөг өгөх юм. Чамд урамшуулал 10,000,000 төгрөгийг өгье.

Чи ахынхаа данс руу 5,750,000 төгрөгийг шилжүүлчих гэсэн ба би ахад уг мөнгийг нь шилжүүлсэн. О.Б******* гэж хүний компанид их сургуулиа төгсөөд шууд ажилд орсон. гэв.

Гэрч С.М нь Э к ХХК-д ажиллаж цалин авч байсан болох нь түүний Голомт банк дахь тоот дансны 2022 оны 01 сараас 2023 оны 12 сарын 29, Хаан банк дахь тоот дансны 2021 оны 04 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хуулгуудаар тус тус тогтоогдсон ба түүний дээр дурдсан дансуудад цалин Э к, урьдчилгаа Э к, М инженер цалин зэрэг гүйлгээний утгатай хийсэн шилжүүлгүүдэд тус тус тусгагдсан байна.

/ХХ-ийн 60-166 дугаар тал/

С.Мийн Хаан банк дахь дансанд 2022 оны 08 сарын 10-ны өдөр тоот данснаас Т*******д зээл төлөлт гүйлгээний утгатай 15,750,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба тэрээр мөн өдөр нь өөрийн тоот данснаас нэхэмжлэгч С.Т*******ийн мөн банк дахь тоот дансанд 5,750,000 төгрөгийг Э к ХХК Б******* гүйлгээний утгатай шилжүүлжээ.

/ХХ-ийн 140 дүгээр тал/

Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд хариуцагч О.Б*******ыг 15,750,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Т*******д түүний дүү С.Мийн Хаан банк дахь дансаар дамжуулан зээлээ төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч С.Т******* нь Хаан банк дахь тоот, хариуцагч О.Б******* мөн банк дахь тоот дансаар харилцан гүйлгээ хийж байсан нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба талууд хүү тооцсон гэрээг бичгээр байгуулаагүй хэдий боловч зээлдэгч буюу хариуцагч О.Б*******ын өмнө нь зээлийн хүү хэмээн хүлээн зөвшөөрч төлж байсан мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй. Харин зээлийн хүүнд нэхэмжилж буй 6,000,000 төгрөгийг хариуцагч О.Б******* төлөх үндэслэлгүй.

Хариуцагч О.Б******* нь нэхэмжлэгч С.Т*******ээс 2022 оны 05 сарын 12-ны өдөр, 2022 оны 08 сарын 31-ний өдөр тус тус зээлэн авсан 10,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд зээлдэгч зээлэн авсан мөнгөө буцаан төлөөгүй тул нэхэмжлэгч С.Т******* үүнтэй холбоотой хууль зүйн туслалцаа авч 1,800,000 төгрөгийг хариуцагч О.Б******* төлөх үүрэгтэй.

/ХХ-ийн 7 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч О.Б*******аас 13,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй

Хариуцагч О.Б******* нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Тэнгэр рашаан гудамж, 79г байр, 16 тоот хаягт оршин суудаг ба хэн аль нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т .Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно гэж заасны дагуу хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллын талаар зохигч хэлэлцэн өөрчилсөн гэж үзсэн болно.

/ХХ-ийн 46-47 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч О.Б*******аас 13,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б*******аас 226,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т*******д олгосугай.

3. Тус шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 7033 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч О.Б*******ын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 19,800,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН